Банкнууд III сард 64.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ
Өнгөрсөн онд ипотекийн зээлийн эх үүсвэрт бодлогын өөрчлөлт орж хумигдсаны улмаас зээл олголт саараад байгаа ч гуравдугаар сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар өсөж, дөрвөн их наяд 91.2 тэрбум төгрөгт хүрсэн байна. Гуравдугаар сард арилжааны банкнууд 1028 зээлдэгчид 64.5 тэрбум төгрөгийн зээл олгосон нь өмнөх сараас 10.1 хувиар өссөн дүн болжээ. Ингэснээр нийт зээлдэгчдийн тоо 90.4 мянгад хүрээд байна. Гуравдугаар сард банкнууд зөвхөн төгрөгийн ипотекийн зээл олгосон бөгөөд үүний 68.2 хувийг "Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр" буюу жилийн таван хувь болон найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээс бүрдүүлсэн байна. Үлдсэн 31.8 хувийг банкнууд өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлжээ. Тайлант сард ХААН, Голомт, Худалдаа Хөгжлийн банкны олгосон зээл нийт зээлийн дөрөвний гурвыг бүрдүүлж байна. Тухайлбал, ХААН банк 16.5 тэрбум төгрөг, Худалдаа хөгжлийн банк 15.7 тэрбум төгрөг, Голомт банк 15.0 тэрбум төгрөг, Төрийн банк 4.5 тэрбум төгрөг, Хас банк 4.5 тэрбум төгрөг, Улаанбаатар хотын банк 3.6 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
Эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилтийг тасралтгүй үргэлжлүүлэх зорилгоор ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлтийн хэмжээгээр буюу 25-35 тэрбум төгрөгийн санхүүжилтийг сар бүр банкнуудад олгож байгаа юм. Монголбанк 2016 оны аравдугаар сараас энэ оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд 169.4 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж, 2476 иргэний ипотекийн тав болон найман хувийн зээлийг шийдвэрлэсэн байна.