МОНГОЛБАНК: “Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ” аян эхэллээ
Монгол банкнаас “Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ” аян эхлүүллээ. Монголбанк нь Монгол Улсын мөнгөн тэмдэгт болох төгрөгийг хэвлэх, гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах, хүчинтэй үгүйг тодорхойлох хуулиар олгогдсон онцгой эрхтэй цор ганц байгууллага юм. Энэ үүргийнхээ дагуу чанаргүй, хүчингүй болсон мөнгөн тэмдэгтийг гүйлгээнээс татаж устгах үйл ажиллагааг өдөр тутамд гүйцэтгэж байна.
Сүүлийн үед дахин ашиглах боломжгүй муудсан мөнгөн тэмдэгтүүдийн тоо олшрох хандлагатай болж байгаатай холбогдуулж, иргэдийг мөнгөн тэмдэгтэд зүй зохистой хандаж, соёлтой хэрэглэж хэвшихийг уриалах шаардлагатай тулгарсны дагуу арилжааны банкуудтайгаа хамтран энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ. Гадаадын орнуудад мөнгөн тэмдэгтийг 7-8 жил ашигласны дараа гүйлгээнээс татдаг бол манай улсад 3-4 жил болсон төгрөгийг устгаж шинээр хэвлэхэд хүрээд байна.
Хоёр сарын турш үргэлжлэх тус аяны хүрээнд олон нийтэд хандсан олон төрлийн сургалт сурталчилгааг орон даяар зохион байгуулахаар төлөвлөөд байна.