МТГЗ Р.Саранцэцэг: Нэг ширхэг муудсан мөнгөн дэвсгэртийн төлөө нэлээд хэдэн “төгрөг” зарлагаддаг

2017 оны 5 сарын 02

Монголбанк бол Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгийг үйлдвэрлэх, гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах, хүчинтэй үгүйг тодорхойлох хуулиар олгогдсон онцгой эрхтэй цор ганц байгууллага. Энэ үүргийг Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газар хариуцан өдөр тутмын тасралтгүй үйл ажиллагааг эрхлэн зохион байгуулж байдгийн зэрэгцээ гүйлгээнд байх бэлэн мөнгөний тоон үзүүлэлтүүдийг тогтмол ажиглаж, шаардлагатай судалгаа болон  тооцооллуудыг хийж байна. Тухайлан онцлох юм бол гүйлгээнд эргэлдэж байгаа бэлэн мөнгийг эдийн засгийн утга агуулга, бүтэц байдал, эдэлгээ хэрэглээ талаас нь судалж байдаг. Тодруулбал: нэгдүгээрт, гүйлгээнд эргэлдэж байгаа бэлэн мөнгөний ерөнхий хандлагаас харахад нэрлэсэн дүнгээрээ тогтмол өсөлттэй явж байгаа боловч нийт мөнгөний нийлүүлэлтэд болон ДНБ-д харьцуулсан хэмжээгээрээ жил ирэх тутам буурсаар байна. Энэ нь эдийн засаг тэлж томорч байгаагийн хэрээр бэлэн мөнгө өсөхгүй байна.  Өсөх ёстой орон зайг бэлэн бус төлбөр тооцоо болон картын хэрэглээ эзлэх болсон гэсэн үг юм.  Энэ нь хөрөнгө, мөнгө цаг хугацаа хэмнэж буй сайн талтай. Хоёрдугаарт, ихэнхдээ хоёр оронтой тоогоор олон жил  өсч ирсэн инфляци болон ханшийн сулралтаас шалтгаалан манай мөнгөн дэвсгэртүүдийн бодит худалдан авах чадвар жилээс жилд унасаар байна. Ялангуяа жижиг дэвсгэртүүд болох 1, 5, 10 болон 20 төгрөгийн худалдан авах чадвар бараг тэг болж, эдгээр дэвсгэртийг үйлдвэрлэх зардал өөрийнх нь нэрлэсэн өртгөөс хэд дахин өндөр байх болсон. Харин энэ бол муу үзүүлэлт юм.   Гуравдугаарт, эдэлгээ болон насжилтын өнцгөөс нь дүгнэж хэлвэлМонгол Улсын бэлэн мөнгөний гүйлгээнд эргэлдэж байгаа мөнгөн тэмдэгтүүдийн чанарын байдал ерөнхийдөө маш их муудаад байна. Тодруулбал хуучирч үнгэгдэн, өнгө зүс нь алдагдсан, хиртсэн, урагдсан, нэг багцад байх 3 дэвсгэрт тутмын нэг нь наалдамхай туузан наалттай, эсвэл хамгаалалтын элемент нь арилсан гэх мэт гүйлгээнд нэвтрүүлэх шаардлага хангахгүй тэмдэгтүүд улам л олширсоор  байна.  Энэ бас л маш муу хэрэг.

Мөнгөн дэвсгэртийн газар дэвсгэртүүдийн насжилтыг тооцоолдог. Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар дундаж насжилт манай улсад 3.8 жилтэй байна. Өөрөөр хэлбэл цоо шинээр гүйлгээнд гаргасан мөнгөн дэвсгэрт дунджаар дээрх хугацааны турш идэвхтэй эргэлдсэний эцэст элэгдэж хуучран, шаардлага хангахгүй болсноор гүйлгээнээс татагдан устгагдаж байна. Судалгаанаас үзэхэд хамгийн богино насжилттай нь 1000-тын дэвсгэрт бөгөөд 2.6 жил гүйлгээнд эргэлдэж байгаа бол хамгийн урт нь 5.6 жилийн настай 10,000-т, 20,000-тын том дэвсгэртүүд юм. Бусад дэвсгэртүүдийн хувьд эдгээр дэвсгэртийн хязгаарын дунд хэлбэлзэж байна.

Гадаадын улс орнуудад мөнгөн дэвсгэртийн насжилт харьцангуй удаан

Насжилтын тоог гаргахдаа нэгт, улс орнуудын хөгжлийн төвшинөөр, хоёрт мөнгөн тэмдэгтийг хийсэн материалын ялгаатай байдлаас шалтгаалж тус тусад нь тооцоолсон байдаг. Тухайлбал, хөгжиж буй орнуудын хувьд цаасан мөнгөн тэмдэгт дунджаар 2-3 жил насалдаг гэж тогтоосон бол  өндөр хөгжилтэй орнуудад 10-12 жилийн насжилттай байдаг гэсэн судалгаа бий.  Учир нь ихэвчлэн  полимер,  пластик материал ашиглан хийсэн байдаг тул  эвхэгдэж нугардаггүй, бохирдох нь бага, эдэлгээ даах чадвар өндөртэй байдаг. Энэ чанараасаа хамаарч цаасаар хийсэн мөнгөнөөс дор хаяж 2 дахин их өртөгтэй бүтдэг.  Гэхдээ  мөнгөн тэмдэгтийг орц материалаас нь хамаарч эдэлгээ даах чанарыг нь дүгнэнэ гэвэл өрөөсгөл юм.  Нөгөө нэг хүчин зүйл нь байгаль цаг агаар, иргэдийн бэлэн мөнгөтэйхарьцах соёл, хэвшил, Төвбанкныбодлого, банксанхүүгийнсалбарынхөгжилзэргээс ихээхэн хамаарна. Ялангуяа иргэдийн бэлэн мөнгөтэй харьцах зан төлөв, соёл том байр суурийг эзэлдэг. Жишээлбэл: Дэлхийн улс төр бизнесийн төв болсон АНУ-ын долларын эдэлгээ 5.3-8.2 жил болдог байна.

Харин манайд төгрөгтэй харьцах соёл тун дулимаг

Монголбанкинд гүйлгээнээс устгалд ирж буй муу мөнгөн дэвсгэртүүдэд арай ч дээ гэмээр  элдэв янзаар сэглэгдсэн  мөнгөн дэвсгэртүүд нийтлэг үзэгддэг. Тасарсан хэсгийг нь үдээсний машинаар үдэж нийлүүлсэн байхад шархны зориулалттай туузаар наасан байх тохиолдол ч цөөнгүй.  Цавуудсан, наалдамхай туузаар наасан мөнгө бол хэвийн  үзэгдэл болсон байх жишээтэй. Ганц үүгээр зогсохгүй  асар их бохирдсон, нимгэрч тасарч унахад бэлэн болсон, элдэв янзын зураг дүрсээр сийлэгдсэн зэрэг зэрэмдэглэгдсэн мөнгөнүүдийг гүйлгээнээс ялгаж устгаж байна. Энэ бол цөөн тохиолдох үзэгдэл биш,  тасралтгүй давтагдсаар байна. Эндээс юу ойлгогдож байгаа нь тодорхой биз ээ.

Манай иргэдийн дунд хэтэвчний хэрэглээ хангалтгүй аж. Мөнгийг хэд дахин  нугалж,  үрчийлгэн хаа хамаагүй газраа авч явдаг. Зориулалтын бус газарт мөнгөө хадгалснаас болж гал усанд автуулах зэргээр эрсдэл үүсгэж дахин ашиглах боломжгүйд хүргэдэг.  Худалдааны газруудад, тэр дундаа  мах ногооны худалдагч нар бохирдсон гараараа мөнгөтэй харьцдаг.  Энэ мэтчилэн зохисгүй үйлдлүүдээрээ мөнгөн тэмдэгтийн чанарыг муутгаж, гүйлгээнд гарах насжилтыг нь богиносгож байна.  Мөнгө хэдийгээр хүн бүрийн эрэлт ч гэлээ мөнгөний үнэ цэнийг унагаж, хайхрамжгүй хандаж буйн бас нэг зохисгүй үйлдэл бол жижиг дүнтэй дэвсгэртүүдийн худалдан авах үндсэн үүргийг алдагдуулж, шашны зан үйлд зориулах болсон явдал юм. Та сонссон,  харсан бол лус савдаг тайтгаруулах гэж байна хэмээн газарт багц багцаар нь булах, суварга овоонд өргөх, тахилга номонд зориулах, агуйд хийх, сугалаанд ашиглах зэргээр муйхарлаж байгаа нь эдийн засагт төдийгүй байгаль орчиндоо ч хортой гэдгийг иргэд маань ухамсарлах хэрэгтэй.

Төгрөг бол Монгол Улсын тусгаар тогтнол, түүх, соёл, зан заншлын билэгдэл. Энэ утгаараа өвөг дээдэс маань төрийн минь сүлд буй хэмээн мөнгөнд хүндэтгэлтэй хандаж ирсэн нь учиртай. Төгрөг нь үндэстний үнэт  зүйлийн хувьд зөвхөн төлбөр тооцооны зориулалтаар ашиглах ёстой төлбөрийн баталгаат хэрэгсэл шүү дээ.  Мөнгийг бүтээх, үйлдвэрлэх,  гүйлгээнд гаргах,  тасралтгүй найдвартай хангах явц тийм ч хямд, хялбар биш ээ.  Мөнгийг ариг гамгүй хэрэглэх бүрт нэгж мөнгөний төлөө нэлээд хэдэн мөнгө зарлагадаж байдаг юм.

Мөнгөнд соёлтой хандаж хэвшицгээе!

Мөнгө бүтэх, устгагдах хүртэлх үе шат бүрт өндөр өртөг, асар их цаг хугацаа, нөр их хөдөлмөр шаардагддаг. Үүний цаана олон мянган хүний хүчин зүтгэл, машин тоног төхөөрөмж,  байшин барилгын ашиглалт гээд нэлээдгүй хүчин зүйл хамаарагдана.  Иргэн таны мөнгөө авч авах дадал хэвшил зөв, мөнгөнд хандах хандлага зүй зохистой бол тэр хэрээр зардал хэмнэгдэх учиртай. Муудсан, хүчингүй болсон мөнгөн дэвсгэрт бүрийн төлөө  таны төлсөн татварын нэгээхэн хэсэг урсаж байдаг юм.  Тиймээс бид нийтээрээ мөнгөн тэмдэгтэд хүндэтгэлтэй хандаж, хэтэвчилж занших, соёлтой хэрэглэж хэвших мөн жижиг дэвсгэртийг төлбөр тооцооны баталгаат хүчин төгөлдөр хэрэгсэл болохынх нь хувьд өөр зорилгоор  ашиглахаа больцгооё. Мөнгө хүн бүхний гарт ирдэг учраас таны хэтэвчинд орох төгрөг цэвэрхэн бүтэн байх нь иргэн бүрийн хичээнгүй оролдлогоос шалтгаална. Мөнгө бол яаж ч ашиглаж болох цаас биш юм.

Гэрэл зургийг MPA.mn

123

123

123

123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43127
0 эможи
keyboard_arrow_up