Хөгжлийн банк томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Энэ үеэр нийт 13 асуудлыг нэмэлтээр тусгахаар болж, санал тус бүр дээр санал хураалт явууллаа.
Тухайлбал, УИХ нь Хөгжлийн банкнаас хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг тусгайлан батлахгүй байхаар болж байна. Мөн тус банк нь цаашид гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтарч төсөл хөтөлбөр хэрэгжүүлж болох нь.
Үүний зэрэгцээ тус банк хадгаламжийн үйл ажиллагаа явуулахгүй, зөвхөн улс орны хөгжлийг урагш хөдөлгөх хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулж ажиллах гэнэ. Өөрөөр хэлбэл, арилжааны банкуудын санхүүжүүлж чадахгүй байгаа томоохон төслүүдийг Хөгжлийн банк санхүүжилт олгож ажиллахаар болж байгааг гишүүд дэмжлээ.