Монголбанк орон нутгийн иргэдэд бүсчилсэн сургалт уулзалт зохион байгуулав
Монголбанк 2017 оныг орон нутаг дахь хэлтэс, салбарыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах жил болгон зарлаж, бүсчилсэн болон хэсэгчилсэн сургалтуудыг зохион байгуулж байхаар боллоо. Монголбанкны Ерөнхийлөгчийн дэвшүүлэн тавьсан 5 шинэчлэлийн хүрээнд хэрэгжиж буй энэхүү санаачилга оны эхний сараас хэрэгжиж эхлээд байна.
Энэ хүрээнд Монголбанкны төвийн ажлын хэсэг 1 дүгээр сарын 23-наас 27-ны өдрүүдэд Өвөрхангай, Архангай аймагт ажиллаж, орон нутгийн хэлтэс, салбарын ажил байдалтай танилцлаа. Мөн үеэр орон нутгийн байгууллага, иргэдтэй уулзалт хийж, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл, Төв банкны үйл ажиллагаа, хууль эрхзүй, 2016 оны эдийн засгийн статистик тоон үзүүлэлт, Төв банкны олон нийттэй харилцах харилцаа, олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр, түүний хэрэгжилтийн талаар сургалт мэдээлэл хийв. Энэ үеэр иргэдийн зүгээс инфляци, бодлогын хүү, гадаад валютын албан нөөц, гадаад валютын ханш, улсын өр, зээлийн хүү, ипотекийн зээл, зээлийн мэдээллийн сангийн талаар илүүтэй сонирхож, хүссэн мэдээллээ авав.
Уулзалтын үр дүнд орон нутгийн иргэдээс тавьсан хүсэлтийн дагуу цаашид сургалт явуулах, мэдээ мэдээлэл өгөх, хамтын ажиллагааг тогтмолжуулахаар болов.
Монголбанкнаас орон нутгийн хэлтэс салбар болон иргэдтэй хийх уулзалт, сургалт сар бүр зохион байгуулагдах бөгөөд дараагийн уулзалт энэ сард Хөвсгөл, Орхон, Дархан-Уул аймагт болно.
Фото зураг:
Өвөрхангай аймагт
Архангай аймагт