Н.Баяртсайхан: Төрийн мөнгөний бодлого эдийн засгийн хүндрэлийг даван туулахад бүхэлдээ чиглэнэ

2016 оны 12 сарын 13

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийг өнгөрсөн сард УИХ-аас баталсан. Ирэх оны төрийн мөнгөний бодлого эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд хохирол багатай даван туулах, эдийн засгийн өсөлтийг цаашид урт хугацаанд хангахад зорьж байгаа юм. Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай ярилцлаа.

-УИХ-аас Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг жил бүр баталж, Монголбанк хэрэгжүүлдэг. Уг баримт бичиг төдийлөн өөрчлөгддөггүй мэт санагддаг. Ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогын онцлог, зорилгыг Монголбанкны Ерөнхийлөгчийн хувиар та юу гэж тодорхойлох вэ?

-“Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл” гэдэг энэ баримт бичиг бол Монголбанкнаас ирэх онд хэрэгжүүлэх бодлогын стратеги, гол зарчмуудыг тодорхойлдог. Эдгээр стратеги, зарчмууд жилээс жилд өөрчлөгдөөд байдаггүй тул давтагддаг мэт харагдах талтай.

Гэтэл боловсруулахдаа Монголбанк эдийн засагт ойрын болон дунд хугацаанд үүсч болзошгүй хүндрэл, эрсдэлүүдийг урьдчилан харах, тэдгээрийг шийдвэрлэхэд мөнгөний бодлогын зорилтыг уялдуулах, зарчмуудыг чиглүүлэхийг эрмэлздэг. Иймээс ерөнхий агуулга нь бодлогын сорилтоос хамааран жил бүр өөрчлөгддөг.

Өнөөдөр монголчууд бидний өмнө хүндхэн сорилт тулгарч байна. Эдийн засгийн хүндрэлийг аль болох хохирол багатайгаар, богино хугацаанд даван туулахад бодлого чиглэх ёстой гэдэгтэй хүн бүхэн санал нэгдэх байх. Тиймээс ч мөнгөний бодлогод авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь макро эдийн засгийн эрсдэлийг бууруулах, улмаар богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулж, үүнийхээ үндсэн дээр дунд хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах орчин, нөхцөл бүрдүүлэхийн төлөө зорино.

Энэ үзэл баримтлалаар үндсэн чиглэлийг боловсруулсан. Иймээс ирэх онд авч хэрэгжүүлэх шаардлагатай мөнгөний бодлогын зарчим, авах арга хэмжээнүүд эдийн засгийн хүндрэлийг даван туулахад бүхэлдээ чиглэнэ гэсэн үг.

-Тэгвэл ханшийн бодлогод шинээр юуг анхаарахаар байна вэ?

-Гадаад эдийн засгийн аливаа болзошгүй огцом өөрчлөлтийн нөлөөллийг төгрөгийн гадаад валюттай харьцах уян хатан ханшийн бодлогоор шаардлагатай тохиргоо, зохицуулалтыг хийнэ.

Үүнтэй холбоотойгоор валютын зах зээлийн дэд бүтцийг ил тод, үр ашигтай болгох чиглэлээр тодорхой ажлуудыг Санхүүгийн зохицуулах хороо, бусад байгууллагатай хамтарч хийхээр мөнгөний бодлогын үндсэн чиглэлд оруулсан л даа. Мөн төсвийн шинжтэй мөнгөний бодлогын үйл ажиллагааг хумьж, зах зээлийн зарчимд нийцтэй арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх юм.

Үүгээр зогсохгүй Монголбанкны бие даасан, хараат бус байдал, валют, үндэсний төлбөр тооцооны системийн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага байна. Ажлын хэсгүүд ажиллаж байгаа.

-Эдийн засгийн цусны эргэлтийг хангаж, өсөлтийг дэмжихэд гол нөлөө үзүүлдэг банк, санхүүгийн системийн талаар ямар бодлого баримтлах вэ. Ирэх онд банк, санхүүгийн системийн талаар Үндсэн чиглэлд тодорхой ямар зүйл заалт тусгагдсан вэ?

-Энэ чиглэлээр өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй олон заалт ирэх онд хэрэгжүүлэхээр мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгагдсан. Эдийн засгийн өсөлт саарч, идэвхжил буурахаар эрсдэл нэмэгддэг. Тухайлбал, зээлийн чанар муудах тохиолдол гардаг. Зээлийн эргэн төлөлт доголдож эхлэхээр банк, санхүүгийн системийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө.

Тиймээс хамгийн түрүүнд банк, санхүүгийн системийн тогтвортой байдал, эрсдэлийн үнэлгээг олон улсын байгууллагуудтай хамтран хийж, үүний үндсэн дээр авах шаардлагатай арга хэмжээнүүдийг тодорхойлохоор үндсэн чиглэлд тусгасан.

Энэ мэтчилэн арга хэмжээ нь банкны хяналт шалгалтыг сайжруулах, чанаргүй зээлийг бууруулах, цаашид нэмэгдүүлэхгүй байхад чиглэсэн бусад ажлуудтай уялдаатай хийгдэх ёстой юм. Тухайлбал банкны хяналт, шалгалтыг чанаржуулах, эрсдэлд суурилсан банкны хяналт шалгалт руу шилжихтэй холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгохоор төлөвлөсөн.

Одоогийн хяналт, шалгалтын зарчим нь баримтаар нотлогдсон зөрчил дээр арга хэмжээ авдаг.Гэтэл энэ чинь нэгэнт эрсдэл үүссэний дараа асуудлыг араас нь хөөж шийдэж байгаа хэрэг. Эндээс үзэхэд нэгэнт үүссэн эрсдэлийг бууруулах боломж ихээхэн хязгаарлагдмал байгаа биз. 

Тэгэхээр эрсдэлийг үүсэхээс нь өмнө, эсвэл үүсч байхад нь олж хараад, бууруулах арга хэмжээ авбал хожим нь гарах хор хөнөөл бага. Тийм учраас банкны хяналт, шалгалтыг эрсдэлд суурилсан чиглэл рүү хөгжүүлэх, хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулахаар Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгаад байна.

-Тухайлбал ямар боломжит нөхцөлийг дэвшүүлэх шаардлагатай гэж үзэж байна вэ. Цаг хугацааны хувьд аль болох л хурдан эхлүүлэх хэрэгтэй байгаа шүү дээ.

-Манай эдийн засаг хямралд өртөмтгий, тухайлбал дунджаар 3-5 жил тутамд эдийн засгийн өсөлт саарч, хүндрэл эсвэл хямралтай нүүр тулдаг. Энэ байдал чинь банкны салбарын зээлийн чанарыг муутгах гол шалтгаан. Иймээс нэгэнт хуримтлагдсан чанаргүй зээлийг бууруулах, шийдэхэд актив удирдлагын буюу зээлийн эрсдэлийг бууруулах компани байгуулах хэрэгцээ их байгаа.

Гэтэл энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахад өөрийн гэсэн хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй, одоогийн хүчин төгөлдөр хууль зүйн зохицуулалт сул байгаагаас төдийлөн үр дүнд хүрч чадахгүй байна. Иймээс актив удирдлагын болон факторингийн үйл ажиллагаа, харилцааг зохицуулах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх нь нэн түрүүнд хийх шаардлагатай алхам гэж Монголбанк үзэж байна.

Нэгэнт хууль, эрх зүйн орчин нь бүрдчихвэл санхүү, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан, активын удирдлагын мэргэшсэн институцийг хэрхэн байгуулах талаар оновчтой шийдлийг тодорхойлох боломжтой болох юм. Олон улсын туршлагаас харвал гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулах, төрийн оролцоотой компани байгуулах зэрэг олон хэлбэрүүд бий.

-Сүүлийн гурван сард өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн ерөнхий түвшин буурч, манай эдийн засагт анх удаа дефляци ажиглагдаад байхад мөнгөний бодлогын үндсэн чиглэлд инфляцийн зорилтыг ирэх онд найман хувь гэж өмнөх зорилтын түвшинг нэмэгдүүлсэн нь ямар шалтгаантай вэ?

-Мөнгөний бодлогын үндсэн зорилтыг тодорхойлох зарчим нь ирэх 2-3 жилд эдийн засгийн төлөв ямар байх вэ гэдгээс хамаардаг. Өөрөөр хэлбэл манай эдийн засаг өрнөлийн үед байвал мөнгөний бодлогыг зөөлрүүлэх нь макро эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлж, эрсдэлийг хуримтлуулдаг.

Харин уналтын үед мөнгөний бодлогыг чангаруулах нь эдийн засгийн өсөлтийг хазаар­лах нөлөөг үзүүлдэг. 2009 оноос хойш манай эдийн засаг өсөлтийн үедээ буюу эдийн засаг хэт халах, эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх зорилгоор инфляцийн зорилтыг ал­гуур бууруулах зарчим баримталж байсан.

Харин ирэх жилүүдэд бид эдийн засгийн өсөлтийг дэмжихэд мөнгөний бодлогыг зөөлрүүлэх буюу мөчлөг сөрсөн бод­лого хэрэгжүүлэх бодлогын орон зайг бий болгохын тулд инфляцийн зорилтыг найман хувиас дээшгүй байлгана гэж нэмэгдүүлсэн.

Гэхдээ энэ сонголт манай экспортын гол бүтээгдэхүүнүүдийн үнэ, Хятадын эдийн засгийн өсөлт зэрэг гадаад хүчин зүйлс, Засгийн газрын эдийн засгийн бодлого, төсвийн бодлого, өрийн эргэн төлөлт, банк, санхүүгийн системийн эрүүл мэнд, хөрөнгө, санхүүгийн захын нөхцөл зэрэг дотоод хүчин зүйлс хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарах болно.

-Та сая эдийн засаг уналтын үед байвал мөнгөний бодлогыг хатууруулах нь өсөлтийг боомилдог гэж хэллээ. Гэтэл Монголбанкны Ерөнхийлөгч болсныхоо дараахан таны гаргасан анхны шийдвэр тань мөнгөний бодлогыг огцом чангаруулах байсан. Үүний шалтгааныг асуухгүй өнгөрч болохгүй байх?

-Би бодлогыг зөөлрүүлэх сонголт гадаад, дотоод олон хүчин зүйлсээс хамаарах болно гэдгийг онцолсон. Өөрөөр хэлбэл бид мөнгөний бодлогын шийдвэр гаргахдаа аль болох боломжит бүхий л мэдээллийг ашиглан, ирээдүйн эдийн засгийн төлөв, эдийн засагт хуримтлагдаж болох эрсдэлүүдийг тооцоолдог.

Мөнгөний бодлогыг зөөлрүүлэх нь богино болон дунд хугацаанд макро эдийн засгийн болон зах зээлийн эрсдэлийг нэмэгдүүлэхээр байгаа эсэхийг тооцож үзсэнийхээ дараа шийдвэр гаргадаг. Бодлогын хүүгээ яагаад нэмэгдүүлснийг бид хангалттай тайлбарласан болов уу.

Монголбанкны Захирлуудын зөвлөл бүтэн хоёр өдөр хуралдаж байж гаргасан шийдвэр. Маш хүнд хэцүү ч зайлшгүй авах ёстой арга хэмжээ байсан. Ямар ч эдийн засгийн суурь нь үндэсний мөнгөн тэмдэгт, түүний төлбөрийн чадварын үүргээ гүйцэтгэх, түүнд иргэд, бизнес эрхлэгчид нь итгэх итгэл бат бөх байх явдал юм.

Суурь нь ганхаад эхэлбэл дээр нь юм барьж босгож болох билүү? Ханшийн огцом хэлбэлзэл нь эдийн засгийн, цаашлаад нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулж болзошгүй ноцтой асуудал. Тиймээс Монголбанк эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах эдийн засгийн орчныг бүрдүүлэхэд богино хугацаанд үүсч болзошгүй эрсдэлүүдийг бууруулах, банк, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах нь зайлшгүй нөхцөл гэж үзсэн.

Бид цаашид ч дутуу мэдээлэлд үндэслэсэн шүүмжлэлээс айлгүй, эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох зөв шийдвэр гаргахын төлөө ажиллах болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39014
0 эможи
keyboard_arrow_up