Макро эдийн засгийг тогтворжуулах “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг баталлаа
МАН-ын 7-р бага хурал өчигдөр болж өнгөрлөө. Бага хурлын нээлтэнд УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд улс төрийн илтгэл тавьлаа. Тэрээр илтгэлдээ улс орны нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулж, эдийн засгийн хямралаас гаргах цаашид тогтвортой хөгжлийг хангах зорилгоор “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” –ийг батласан тухай, Засгийн газрын үйл ажиллагааны тайлан, УИХ , ЗГ, аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд хариуцлагатай ажиллах тухай болон МАН-ын бүтэц, үйл ажиллагааг улам сайжруулах гэсэн асуудлуудыг чухалчиллаа.
Өнгөрсөн 4 жилд төсвийн бодлогод өөрчлөлт оруулаагүй, банк санхүүгийн салбарын бүтцийн өөрчлөлтийг эхлүүлээгүй хугацаа алдсан нь гадаад, дотоод санхүүжилтийн хэрэгцээ, зээллэгийг улам нэмэгдүүлэх, гадаад өрийн хэмжээ өсөх, төсвийн тогтвортой байдал алдагдах, гадаад валютын албан нөөц шавхагдах, зээлийн чанар муудах зэрэг эрсдэлийг бий болгосон юм.
Иймээс Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, цаашид эдийн засгийн өсөлтийг бий болгохын тулд бодлогын өөрчлөлтийг яаралтай эхлүүлж, эдийн засгийг тогтворжуулах шаардлагын дагуу “Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг батлах тухай” УИХ-ын тогтоол гарсан аж.
Монгол Улсын Засгийн газар “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр макро эдийн засгийг тогтворжуулах, улмаар гадаадын хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэлийг сэргээх, Засгийн газрын авсан зээлийг урт хугацаатай, бага хүүтэй зээлээр солих замаар зээлийн зардлыг бууруулах, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлснээр эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, дунд хугацаанд уул уурхайн бус салбарын экспортын орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх үндэс суурийг тавих боломж бүрдэх юм.
Бодлогын томоохон арга хэмжээнүүдийг ийн авч хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт 2017 онд 3.0 хувьд, 2018 онд 5.1, 2019 онд 7.1 хувьд хүрч өснө гэж бид тооцож байна. Дунд хугацаанд буюу 2017-2019 онд жилд дунджаар 20 орчим мянган ажлын байр шинээр бий болж, ажилгүйдлийн түвшин 2019 оны эцэс гэхэд 8.0 хувиас ихгүй болохоор байна.
Уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийн нөлөөгөөр экспорт нэмэгдэж, 2019 онд 5.4 тэрбум ам.долларт хүрэх, импорт 2019 онд 5.5 тэрбум ам.доллар болох, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.9 тэрбум ам.долларт, Монгол Улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт жилд 2.0-3.0 тэрбум ам.долларт хүрэх хүрч өсөх зэрэг эерэг үр дүн энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр гарах юм.