Улирлын онцлогоос шалтгаалж ханшид өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй
Долларын ханшийн өсөлтийн талаар Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч Д.Ариунаагаас тодрууллаа.
-Сүүлийн хоёр долоо хоногт төгрөгийн ам.доллартай харьцах ханш 100 орчим төгрөгөөр сулраад байна. Ханшийн хэлбэлзэлд ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ?
-Валютын ханшийг зах зээл дээр байгаа бүтээгдэхүүний үнэ гэж ойлгож болно. Үнэ эрэлт нийлүүлэлтээс хамаарна. Нийлүүлэлт хомсдож эхлэхээр бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг шиг долларын нийлүүлэлт хомсдож байгаагаас ханш чангарч байна. Сүүлийн үеийн ханшийн өсөлтөд улирлын чанартай хэлбэлзэл илүү нөлөөлж байна. Долларын орох, гарах урсгалд хэлбэлзлээс зөрүү үүсдэг. Зөрүү өндөр байвал ханш суларч, үнэ өсөх хандлага ажиглагддаг. Манай улсын хувьд одоогоор валютын орлого олж байгаа хоёр том компани нь “Эрдэнэт”, Оюутолгой. Дээр нь, аж ахуйн нэгж, банкууд гаднаас зээллэг авах зэрэг валютын орох урсгалтай. Гэтэл нөгөө талд валютын гарах урсгалууд жигд тархсан байдаг. Сар бүр байнгын тогтмол дүнгээр доллар гадагшилдаг. Сүүлийн үед долларын орох урсгалын давтамж саарч, зарим компаниудын борлуулалтын орлого нэр дор орж ирэх хандлагатай болсон. Гэтэл гарах урсгал улирлын байдлаас болж нэмэгдэж байна. Өвөл болж байгаатай холбоотойгоор компаниуд шатахуунаа их хэмжээгээр гаднаас татаж, энэ хэрээр импортын хэмжээ нэмэгддэг. Жил бүр л ийм хэлбэлзлүүд үүсдэг. Энэ жил эдийн засгийн суурь нөхцөл муу, долларын орох урсгал саарч байгаа учраас улирлын хэлбэлзэл ханшид тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, долларын орох урсгал жил бүр тасралтгүй үргэлжилдэг импортоо хангахад хүндрэл үүсч байна гэсэн үг. Мөн ханшийн хэлбэлзэл гадаад, дотоод хүчин зүйлээс хамаарахаас гадна манай улсын эдийн засаг сул байгааг давхар харуулж байна.
-Манай улсын нэг сард импортод хэчнээн ам.доллар зарцуулдаг вэ. Одоогоор Монголбанкинд байгаа валютын нөөц хэдэн сарын импортын хэрэгцээг хангах вэ?
-Сүүлийн гурван сарын импортын хэрэгцээг харахад нийтдээ 950 сая ам.долларыг зарцуулсан байна. Эдийн засгийн идэвхжлээс хамаарч сард дунджаар 300 орчим сая долларыг зарцуулж байна. Жилийн бүрийн гуравдугаар улиралд гадаад худалдааны алдагдал өндөр гарч байна. Өөрөөр хэлбэл, гаргаж байгаа экспортын орлогоосоо импортын хэмжээ нь давах хандлагатай байна. Монголбанкны зүгээс олон улсын стандарт болох гурван сарын импортын хэрэгцээг хангах төвшинд валютын нөөцөө барьж байгаа.
Ер нь сүүлийн хагас жилийн хугацаанд ханш огцом хэлбэлзэх хандлагатай байгаа. Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд огцом унаж байгаа нөхцөлд Монголбанк төгрөгийн ханшийг тогтмол байлгах эрх зүйн үндэс байхгүй. Нөхцөл байдал муу үед төгрөгийн ханшаа тогтмол байлгана гээд их хэмжээгээр интервенц хийвэл валютын нөөц шавхагдах аюул бий. Харин ханш огцом хэлбэлзэхээс сэргийлэх аргыг зах зээлд ашиглаж байна. Тиймээс валютын орох, гаргах урсгалыг тэнцвэржүүлж, түүндээ нийцүүлсэн бодлогыг хэрэгжүүлж ажиллана.
-Ер нь оны эцэст валютын орох урсгалыг нэмэгдүүлэх боломж хэр байна гэж харж байгаа вэ?
-Оны эцэст манай улсын төлбөрийн тэнцэл алдагдалтай гарах хүлээлттэй байна. Өөрөөр хэлбэл, орох валютын урсгал гарах урсгалаасаа бага байх төлөвтэй байгаа. Гэхдээ энэ нь суурь төсөөлөл гэдгийг анхаарах хэрэгтэй. Өнөөгийн байгаа нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа болдого үргэлжилсэн тохиолдолд гаргасан төсөөлөл юм. Хэрвээ цаашид “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эвсэл зээл авбал одоогийн төсөөлөл өөрчлөгдөнө.