ОУВС-гийн ажлын хэсэг Монголд ирсэн ажлаа дүгнэжээ
Коши Матайгаар ахлуулсан Олон улсын валютын сангийн (ОУВС) ажлын хэсэг өнгөрсөн сарын 24-нөөс энэ сарын 4 хүртэл Монгол Улсад ажилласан байна. Тус ажлын хэсгийн айлчлалыг дүгнэж валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нийл Сакер мэдэгдэл гаргажээ.
Тэрбээр "Ажлын хэсэг Монголын эрх баригчидтай зөвлөлдөх хэлэлцүүлэг явуулж, үр дүнтэй ажиллалаа. Яриа хэлэлцээрийн хүрээнд ОУВС-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлдэг эдийн засаг, санхүүгийн хөтөлбөрт багтаж болох бодлогын асуудлууд мөн хөндөгдөв. Бодлогын олон гол асуудлуудаар нэгдсэн байр сууринд хүрч чадлаа. Ажлын хэсэг буцаж очоод хоёр талын яриа хэлэлцээрээ үргэлжлүүлнэ. Монголын эдийн засагт тулгарсан хүндрэлийг даван туулахад чиглэсэн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд бэлэн байна” гэжээ.