Монголбанк ипотекийн зээлийг санхүүжүүлэхээс татгалзаж, Засгийн газарт шилжүүлэхээр болжээ

2016 оны 11 сарын 03

УИХ дахь МАН-ын бүлгийн мягмар гаригийн хуралдаан бүтэн өдрийн турш үргэлжилсэн. Бүлгийн гишүүд ирэх оны төсвийн тухай хууль, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн гэх ерөнхий мэдээлэл өгч байсан юм.

Мөн энэ үеэр Засгийн газраас ипотекийн зээлийн асуудлыг бүлгээр хэлэлцүүлэхээр оруулж ирсэн аж. Эх сурвалжуудын мэдээллэж буйгаар, Монголбанкнаас ипотекийн зээлийн санхүүжилтийг цаашид хийх эдийн засгийн боломж байхгүй гэсэн асуудлыг Засгийн газарт удаа дараа тавьжээ. Харин Засгийн газар ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөртөө ипотекийн зээлийг үргэлжлүүлэхээр тусгаж өгсөн. Тиймээс цаашид ипотекийн зээлийг засгийн газар бүрэн хариуцаж,  өөр эх үүсвэр татах шийдэлд хүрсэн байна.

Бүлгийн хуралдааны үеэр ипотекийн зээлийг цаашид үргэлжлүүлэхийн тулд Ерөнхий сайд өөрийн мэдэлдээ авах замаар бүрэн хариуцаж, эх үүсвэр гаднаас татах, эсвэл Монголбанкны мөнгөний бодлогод тогтоол оруулах замаар үргэлжлүүлэх гэсэн хоёр ч хувилбар яригдсан гэх мэдээлэл байна.

Үүнээс өмнө Засгийн газрын 100 хоногийн ажлын тайлангийн үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат“Энэ асуудлаар хэд хэдэн улс орон, банк санхүүгийн байгууллагууд хандсан байгаа. Зээлийн өөрийн эх үүсвэрийг өөрт нь зарцуулах зорилгоор барьцаанд тавьснаар санхүүжилт босгох зэргээр бүхий л бололцоо боломжуудыг хайж байна. Энэ чиглэл дээр ерөнхийдөө нааштай шийдвэрүүд гарч байгаа. Тэгэхээр найман хувийн зээл үргэлжилнэ. Гэхдээ өмнөх хэлбэрээр хэрэгжихгүй. Зээлийн өөр нөхцөлөөр хэрэгжих боломж бүрдэнэ гэдгийг албан ёсоор хэлмээр байна” гэж онцолсон юм.

Өөрөөр хэлбэл, Засгийн газар өмнөх ипотекийн зээлийн хөтөлбөрийг барьцаалах замаар шинэ эх үүсвэр босгох асуудалд гол анхаарлаа хандуулж буй.

Монголбанкны тухайд цаашид ипотекийн зээлийг үргэлжлүүлэхэд эдийн засагт хүндээр тусна гэх саналаа шинэ удирдлагууд нь ажил авснаасаа хойш илэрхийлсээр байсан юм. Өмнө нь энэ талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Барилгын салбар ДНБ-ий 4 хувь, ажиллах хүчний 9 хувийг бүрдүүлдэг. Өнгөрсөн хугацаанд мөнгө хэвлэх замаар Монголбанк засгийн газрын алдагдлыг нөхөж ирсэн. Цаашид ийм байдлаар удаан үргэлжилж болохгүй. Ийм асуудал дээр бид зах зээлээ бүхлээр нь хөдөлгөх асуудлыг сөхөж болохгүй” гэсэн тайлбарлаж байсан удаатай билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37704
0 эможи
keyboard_arrow_up