Монгол Улсын үндэсний төлбөрийн системийг хөгжүүлэх стратеги / бүрэн эхээр/
Төлбөр тооцооны үндэсний зөвлөлийн эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах,санхүүгийн зах зээлийн найдвартай, үр ашигтай, тасралтгүй ажиллагаа бүхий дэд бүтцийг хөгжүүлэх үйл хэрэгт хамтран зүтгэж буй Та бүхэнд Монголбанкны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэнд хүргэе. Монгол Улсын Үндэсний төлбөрийн системийг хөгжүүлэхэд Монголбанкнаас ихээхэн ач холбогдол өгсөөр ирсэн бөгөөд төлбөрийн системийг мэдээллийн технологийн хурдацтай хөгжил, хууль эрх зүй, зохицуулалтын орчинтой харилцан уялдаатай цогц байдлаар хөгжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж ирлээ.
Ингэхдээ бид та бүхний хамтын оролцоотойгоор дотоод нөөц бололцоондоо тулгуурлан шинэчлэлт, сайжруулалтыг хийхийн зэрэгцээ гадаад хамтын ажиллагаандаа түшиглэн олон улсын байгууллагуудтай төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрч байна.
Үндэсний төлбөрийн системийн цаашдын хөгжлийн чиг баримжааг тодорхойлох, эрх зүйн орчинг бэхжүүлэх зорилготойгоор Монголбанк, Дэлхийн банкны хамтран хэрэгжүүлж буй техник туслалцааны төслийн эхний үе шатны үр дүн буюу “Монгол Улсын үндэсний төлбөрийн системийг хөгжүүлэх стратеги”-ийг өнөөдөр та бүхэнд толилуулж буйг албан ёсоор мэдэгдэхэд таатай байна.
Энэхүү стратегийг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Дэлхийн банк, түүний чадварлаг багт чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Түүнчлэн уулзалт, семинарт идэвхтэй оролцож, нөхцөл байдлыг бодитоор үнэлэхэд туслалцаа үзүүлсэн ТТҮЗ-ийн гишүүн байгууллагуудад талархал илэрхийлье.
Үндэсний төлбөрийн системийн стратегийн баримт бичигт олон улсын хандлага, сайн туршлагыг үндэслэн авах арга хэмжээний төлөвлөгөөг хууль эрх зүйн тогтолцоо, их дүнтэй бөгөөд хугацааны хувьд чухал төлбөр тооцооны зохицуулалт, жижиглэнгийн төлбөр тооцооны систем, олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, Засгийн газрын төлбөр, үнэт цаасны төлбөр тооцооны зохицуулалт, валютын арилжаа, банк хоорондын зах, төлбөрийн системийн хяналт, хамтын ажиллагаа гэсэн 9 тулгуур чиглэлээр авч үзсэн.
Монгол Улсын үндэсний төлбөрийн системийг хөгжүүлэх стратеги дэлгэрэнгүй эндээс үзнэ үү.