МОНГОЛБАНК: Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлууд
"Монголбанк"-тай холбоотой өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлын тоймлон хүргэж байна.
Монголбанкны төлөөлөл Дэлхийн банкны Монгол улсыг хариуцсан суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүн Б.Ундармаа Монголбанкны төлөөлөл болон Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан Суурин төлөөлөгч бөгөөд менежер Жэймс Андерсон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монголбанкны төлөөлөл ирэх онд УИХ-д өргөн баригдахаар бэлтгэж буй Үндэсний Төлбөрийн Системийн тухай хуулийн төслийн талаар товч танилцуулав. Энэ хуулийн төслийг боловсруулж батлуулснаар одоо мөрдөгдөж байгаа хэд хэдэн хуулинд өөрчлөлт орох юм байна. Ингэснээр Монгол Улсад төлбөр тооцооны асуудал нэгдсэн системд орж, банк санхүүгийн салбарт эерэг нөлөө авчирна гэж үзэж буйгаа тэд хэллээ.
Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан Суурин төлөөлөгч бөгөөд менежер Жэймс Андерсон дээрх хуулийн төслийг боловсруулахад Дэлхийн банк техникийн туслалцаа үзүүлж байгаа бөгөөд 2015-2020 он хүртэл хамтын ажиллагаа үргэлжилнэ гэдгийг дуулгалаа.
МОНГОЛБАНК: Ипотекийн зээлийн журмыг өөрчлөх шийдвэр гаргаагүй
Ипотекийн зээлийн санхүүжилтын журамд өөрчлөлт оруулсан тухай мэдээлэл 9 сарын 22-ны өдөр зарим хэвлэлд мэдээлжээ. Уг мэдээлэлд БХБЯ, Монголбанк хамтран ипотекийн зээлийн олголтын журамд өөрчлөлт оруулж, батлагдсан гэсэн байна. Харин Монголбанк энэхүү журмыг батлахад хамтран оролцох байр суурьтай байгаа ч албан ёсоор илэрхийлээгүй гэв.
Тодруулбал, БХБЯ-аас ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулах тухай саналаа Монголбанкинд албан тоотоор ирүүлсэн бөгөөд уг саналыг Монголбанкны холбогдох удирдлагуудын түвшинд хэлэлцэж байгаа бөгөөд хариу шийдвэр гаргаагүй байна. Иймд ипотекийн зээлийн журам нь Монголбанкны байр суурь биш болохыг мэдэгдлээ.
Монголбанкны Захирлуудын зөвлөл өнгөрсөн долоо хоногоос эхлэн ипотекийн зээлийн санхүүжилтийн талаар илүү тогтвортой механизмыг бүрдүүлэхээр хуралдаж, зарчмын саналуудыг хэлэлцэж байгаа бөгөөд одоогоор эцсийн шийдвэр гараагүй байна гэж Монголбанкнаас мэдээллээ.
Д.Ариунаа: Монголбанк ипотекийн зээлийн эх үүсвэрийг судалж байна
Д.Ариунаа: “УИХ-ын 40 дүгээр тогтоолоор ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг хүчингүй болгосон. Үүнтэй холбоотойгоор дагаж мөрдөгдөж байсан журмууд нь хүчингүй боллоо. Энэ хуулийг хүчингүй болгосоноор ипотекийн 8 хувийн зээлийг санхүүжүүлэх өмчлөлийн эрх Монголбанкинд шилжээд байна. Монголбанк энэ үүргийнхээ дагуу дахин эрх зүйн актуудаа, бичиг баримтуудаа шинэчлэх ажлыг хийж байна. Монголбанкны хувьд яаж санхүүжүүлэх асуудлаа шийдэж, оролцогч талуудын байр суурийг нэгтгэх ажил зохион байгуулж байгаа" гэв.
Мөн тэрээр "Засийн газраас 100 м.кв талбайтай орон сууцны зээлийг санхүүжүүлнэ гэсэн шийдвэрийг гаргасан байгаа. Монголбанк санхүүжүүлэх хүсэлтээ өгсөн. Энэ дагуу тус зээлийг хэрхэн яаж, санхүүжүүлэх арга механизмаа боловсруулан ажиллаж байна. Одоогоор яригдаж байгаа асуудлын хүрээнд 100 м.кв орон сууцны зээлийг 8 хувийн ипотекийн зээлтэй хамт олгох боломжгүй. Харин макро эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан зээлийг олгох бололцоо байна гэж харж байна" гэлээ.
Монголбанкны зүгээс валютын урсгал сайжирч, гадны хөрөнгө оруулалт нааштайгаар шийдэгдэж эхэлбэл 100 м.кв зээлийг санхүүжүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм байна. Одоогоор 8 хувийн зээлийн хувьд зарим банк өөрийн эх үүсвэрээр, цөөн тоогоор олгож байгаа аж.
Монголбанк бодлогын хүүг 1.5 хувиар буурууллаа
Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл ээлжит шийдвэрээ гаргаж, мөнгөний бодлогын хүүг 1.5 хувиар буурууллаа. Ингэснээр 12 хувьтай байсан бодлогын хүү 10.5 хувь болж байгаа юм. Энэ нь 2009 оноос хойших хамгийн бага бодлогын хүүгийн төвшин болж байна. Монголбанк энэ оны эхээр мөнгөний бодлогын хүүг 13-аас 12 хувь болгож нэг нэгж хувиар бууруулсан. Өнгөрсөн онд инфляцийн төвшин 1.8 хувьд хүрч, буурсан нь бодлогын хүүг бууруулах боломжийг бүрдүүлж байгаа юм.
Бодлогын хүү гэдэг нь Төв банкны арилжааны банкуудаас татан төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгөд төлж буй тогтмол хүү бөгөөд бодлогын хүүг бууруулснаар банкуудын зээлийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлдэг.