Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы УИХ-ын чуулганы нэгсэн хуралдаанд хэлсэн үг

2016 оны 10 сарын 21

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал тун амаргүй үед Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг УИХ-д өргөн барьж байна. Хэдийгээр инфляцийн түвшин сүүлийн 2 сар дарааллан хасах утгатай байгаа ч, эдийн засгийн өсөлт сүүлийн 7 улирал дараалан буурч, ажилгүйдлийн түвшин 2009 оноос хойш анх удаа 2 оронтой тоонд шилжлээ. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшинд ирж буй дарамт хэвээр үргэлжилж гадаад валютын нөөцийн хэмжээ буурч, улсын төсвийн болон төлбөрийн тэнцлийн хос алдагдал, мөн Засгийн газрын гадаад, дотоод өрийн асуудал нь макро эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэл дагуулахаар байна.

Эдийн засгийн ойрын төлөвийг авч үзвэл: (1) Экспортын түүхий эд, ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ цаашид мэдэгдэхүйц сайжрахааргүй, экспортын эрэлт бага байх; (2) Төлбөрийн тэнцлийн алдагдал үргэлжилж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн сулрах дарамт үргэлжлэх; (3) Дотоод, гадаад эрэлт бага байгаагаас эдийн засгийн өсөлт одоогийн түвшнээс саарч, ажилгүйдлийн түвшин өсөх; (4) Төсвийн орлогын тасалдал үргэлжилж, түүнийг санхүүжүүлэх боломж хязгаарлагдмал болох; (5) Бодит секторын өсөлт саарч, аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого буурахын хэрээр зээлийн чанар муудах, зээл олголт хумигдах, энэ нь эргээд бодит секторын уналтыг нэмэгдүүлж, санхүү, эдийн засгийн хямралт байдал руу шилжих эрсдэлүүд өндөр байна.

Тиймээс макро эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг бий болгох нь нэн тэргүүний зорилт болоод байна. Цаашид төсвийн алдагдлыг бууруулж, Засгийн газрын өрийг зохистой түвшинд барих нь дунд хугацааны өрийн тогтвортой байдал алдагдахаас сэргийлэхийн зэрэгцээ хөрөнгө оруулагчдийн итгэлийг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэй.

Тиймээс цаашид төсвийн сахилга батыг хангах, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгийн дотогшлох урсгалыг сайжруулах, экспортыг дэмжих, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зэргээр бодлогын арга хэмжээг цаг алдалгүй, шат дараатай хэрэгжүүлэн учирч буй сорилтыг амжилттай даван туулах шаардлага тулгараад байна.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Мөнгөний бодлогыг улс орны хэмжээнд үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг хохирол багатайгаар даван туулж, макро эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулан эдийн засгийн дунд, урт хугацааны  тогтвортой өсөлтийг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглүүлж, бодлогын шаардлагатай өөрчлөлтийг хийх зайлшгүй нөхцөл байдал тулгараад байна.

Нэгдүгээрт, мөнгөний бодлогын зорилтын хүрээнд 2017 оны ХҮИ-ээр хэмжигдэх инфляцийн зорилтыг 8 хувь байхаар тусгалаа. Сүүлийн жилүүдэд Монголбанк мөнгөний бодлогын уламжлалт бус арга хэрэгслээр дамжуулан мөнгөний нийлүүлэлтийг их хэмжээгээр нэмэгдүүлж, төсвийн шинж чанартай төслүүдэд санхүүжилт хийсэн нь зах зээлийн зарчим дээр суурилсан хүүний тогтолцоог эвдэж, үнэ ханшны тогтвортой байдлыг алдагдуулахад нөлөөллөө. Иймд Монголбанк мөнгөний бодлогын зорилтоо хэрэгжүүлэхдээ цаашид зөвхөн олон улсын стандарт, зах зээлийн зарчимд нийцсэн арга хэрэгслүүдийг ашиглахаа онцолж байна.

Хоёрдугаарт, Монголбанк валютын захын дэд бүтцийг сайжруулж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэйгээр уян хатан тогтох зарчмыг баримтлан ажиллана. Интервенци хийж валютын ханшийг зүй бус түвшинд барих бодлогоос татгалзаж, гадаад валютын албан нөөцийг хамгаалах, сэргээхэд бодлогоо чиглүүлнэ. Энэ нь төлбөрийн тэнцлийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийн дархлааг сайжруулахад шийдвэрлэх нөлөөтэй юм. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь эдийн засгийн суурь нөхцөлтэй уялдан уян хатан байдлаар өөрчлөгдөх нь дунд болон урт хугацааны тэнцвэртэй, тогтвортой байдлыг хангахад чухал юм. Иймд Монголбанк валютын захад зөвхөн ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах байдлаар оролцох болно. Энэ нь гадаад, дотоодын аливаа шокод эдийн засаг өөрөө өөрийгөө зах зээлийн зарчмаар, аажмаар тохируулан тэнцвэрээ хангах, улмаар ирээдүйн том хэлбэлзэл, эрсдэлээс зайлсхийх чухал алхам юм.

Гуравдугаарт, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор банкинд хийх хяналт шалгалтын аргачлалын үндсэн зарчим, зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, активын ангилал, эрсдэлийн сан байгуулахтай холбоотой журам зааврыг шинэчилэн, хяналт шалгалтыг илүү үр ашигтай болгож, санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, институцийг бэхжүүлэх зорилт тавин ажиллана.

Дунд хугацааны макро эдийн засгийн тогтвортой байдлыг дан ганц мөнгөний бодлогоор хангах боломж хязгаарлагдмал байгаа тул төсвийн сахилга батыг хангах, төгрөгийн ханшийн сулрах дарамтыг бууруулах, санхүүгийн системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцийг сэргээхэд чиглэсэн макро эдийн засгийн цогц бодлогыг авч хэрэгжүүлэх нь эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн өсөлтийн бат бэх суурийг бий болгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхээр байна.

Мөн бодлогын алдааг давтахгүйн тулд төсөв, мөнгөний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхтэй холбоотойгоор засаглалын тогтолцоог эргэн харж, институцийн хөгжлийг шинэ шатанд гаргах нь бодлого боловсруулагчдын зүгээс үүсч болзошгүй тодорхой бус байдал, эрсдэлийг бууруулахад амин чухал зүйл болоод байна. Энэ нь ирэх жилийн мөнгөний бодлогын дөрөвдэх зорилт болон тодорхойлогдож байна. Энэ хүрээнд Монголбанкны зүгээс хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчилсэн найруулгын төслийг боловсрулах болно. Мөн Засгийн газрыг төсвийн бодлогын хараат бус байдлыг сайжруулах хүрээнд хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулна гэдэгт итгэж байна.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг батлаж өгөхийг хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37420
0 эможи
keyboard_arrow_up