Б.Отгонтөгс:Төсвийн дарамтыг бууруулах боломж байна уу? БАЙНА!

2016 оны 10 сарын 14

Эдийн засгийн ухааны доктор МУИС-ийн Төгсөлтийн Дараах сургуулийн захирал Б. Отгонтөгстэй хийсэн ярилцлагыг толилуулж байна.

- Монгол улсын 2017 оны нэгдсэн төсвийг хэлэлцэж эхэллээ. Эдийн засгийн ухаанаар мэргэшсэн хүн, дээр нь Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүний санаа бодол надад сонин байна.

- Төсвийн орлого багасаж байгаа энэ үед төсвийн зардал, зарлага мөн буураx   нь дамжиггүй. Эс бөгөөс төсвийн алдагдал их гарч энэ нь 2012 оны Төсвийн тухай хуулинд заасантай харшилна.  Одоогийн байдлаар 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлд төсвийн алдагдал 2.6 их наяд төгрөг болж энэ нь ДНБ-ний бараг 10 хувьтай тэнцэхээр болж байх шиг байна. Гэтэл нийгэмд хүн амын өсөлт, шилжилт, нийгэмд гарч буй өөрчлөлтүүдээс хамааран зайлшгүй санхүүжүүлэх ёстой зардал их байна. Тухайлбал, цэцэрлэг, сургууль, өрхийн эмнэлгийн хүртээмж, ажилгүй болсон хүмүүсийг сургалтанд хамруулах, ажилд оруулах, хүүхэд харах үйлчилгээ, агаарын бохирдлыг бууруулах гэх мэт. Тухайн жилд төсвийн орлого багассан гэдэг шалтгаанаар эдгээр чухал салбаруудыг орхих нь дунд болон урт хугацаанд эдийн засгийн өсөлт, хөгжилд сөрөг нөлөө үзүүлнэ.  Тиймээс бусад орнууд төсвийн төлөвлөлт, зарцуулалтанд шинэ шинэ аргуудыг хэрэглэж эхэлсэн байгааг бид Монголдоо туршиж, боломжтой тохиолдолд өргөжүүлэн хэрэгжүүлж явах хэрэгтэй байна. Төсвийн санхүүжилтэд гарч байгаа эдгээр  шинэ арга хэрэгслүүдийн нэг нь Нийгмийн тусгай зорилтот бонд гаргах юм.

- Нийгмийн тусгай зорилтот бондын талаар та дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?

- 2010 онд хэрэгжүүлж эхэлсэн энэ шинэ аргыг одоогийн байдлаар дэлхийн өндөр хөгжилтэй 15 оронд ашиглан 200 сая ам.доллартай тэнцэх 60 орчим Нийгмийн тусгай зориулалтын эсвэл зорилтот бонд гаргаад байна.  Энэ бол Засгийн газрын бонд, тодорхой хугацаанд, тодорхой  зорилгоор гаргана гэхдээ тогтсон өндөр хүү төлнө гэсэн үг биш юм. Засгийн газар санхүүжүүлдэг нийгмийн барааг одоо өөрөө төсвийн мөнгө гаргаж төлөхгүйгээр өөр хөрөнгө оруулагчдын мөнгөөр төлүүлж хийж гүйцэтгэсний дараа үр дүнгийг нь шалгаж, хэмжиж үзэж байгаад хүүг төлж барагдуулдаг санхүүгийн механизм юм.

- Нийгмийн тусгай зорилтот бондоос юугаараа ялгаатай юм, хэрхэн хэрэгжүүлдэг вэ?

- Бусад бондуудаас өөр. Бонд гаргах ихэнх тохиолдолд 2 талын гэрээ л хийгддэг. Чингис бонд, Самурай бонд зэрэг нь Монгол Улсын Засгийн газар болон гадаадын хөрөнгө оруулагч нарын хооронд гэрээ хийгдээд хэрэгжсэн. Мөн  бондоос босгосон мөнгийг  голдуу аж үйлдвэржилт, дэд бүтэц гэх мэт салбарууд руу оруулдаг тул нийгмийн үр өгөөж багатай  байдаг. Гол ялгаа бол үр дүнд хүрсэн эсэхээс үл хамаарч авсан Засгийн газар хүү төлж байдаг. Нийгмийн тусгай зорилтот бондын тохиолдолд уг бондын зориулалтыг тодорхойлох, хүрэх зорилтот түвшинг тогтоох, бондыг гаргах, арилжаалах, төвлөрсөн мөнгөн хөрөнгийг зарцуулах, бондын зорилгыг тухайн нутагт, салбарт хийж хэрэгжүүлэх, гүйцэтгэх,  зорилтот  үр дүнд хүрч байгаа  эсэхэд хяналт тавьж хэмждэг, зөвлөдөг, бондын төлбөрийг хийхэд хяналт тавьж, заавар зөвлөлгөө өгөх  зэрэг эрх, үүрэг бүхий гэрээг ихэвчлэн 4 тал хэлэлцэж хийнэ.  Гол нь үр дүнд хүрсэн байхаар гэрээ хийнэ. Захиалагч, бондод гаргасан нийт хөрөнгө болон хүүгийн орлогыг дараа нь төлөх  субъект нь Засгийн газар, орон нутгийн засаг захиргаа байна. Засгийн газар хөрөнгө оруулагч нартай бондын гэрээ байгуулна. Хөрөнгө оруулагч нар нь олон улсын байгууллагууд, арилжааны банкууд, хөрөнгө оруулалтын сангууд,  судалгаа, шинжилгээнд санхүүжилт олгодог байгууллагууд, буяны байгууллагууд тухайлбал, Билл ба Мелиндагийн Сан гэх мэт, хөгжиж буй орны хувьд донор засгийн газрууд, олон улсын байгууллагууд,  дотоодын арилжааны банкууд, банк бус санхүүгийн байгууллагууд байна.

Гуравдагч тал нь нийгмийн чиглэлтэй уг ажлуудыг  хэрэгжүүлэгч байгууллагууд байна.  Жишээ нь, бага насны хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдан, суралцах, эрүүл өсөх явцыг хувийн хэвшлийн байгууллагууд, ТББ-ууд хариуцан гүйцэтгэнэ. Тэд бондын гэрээнд заасан ёсоор хөрөнгө оруулагч нараас санхүүжилтээ эхлээд авч хэрэгжүүлнэ, гэхдээ гэрээнд заасан тэр тодорхой үр дүн, түвшинд заавал хүрч ажилласан байх ёстой. Тухайлбал, Ховд аймгийн Булган сумын 2-5 настай хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдах хамрагдалтыг 3 жилийн туршид 70 хувьд хүргэсэн байх, эдгээр хүүхдүүдийн нэг багшид ноогдох тоог 25-30 хүүхдээс хэтрүүлэхгүй байх,  нэг өдрийн хоолны илчлэг чанарыг 2500 ккал-иас багагүй байлгах гэх мэт.  Эдгээр хэрэгжүүлэгч байгууллагууд болон хөрөнгө оруулагч нарын хувьд гэрээнд заасан хугацаанд уг түвшинд хүрч ажиллах нь хамгийн чухал. Энэ бол Нийгмийн тусгай зориулалтын бондын хамгийн гол санаа нь юм.

- Гол нь үр дүнд суурилсан байх нь, тийм үү?

- Тийм. Гол санаа бол нэгдүгээрт бондын хөрөнгийг заавал нийгмийн чиглэлтэй төсөл, салбарт оруулсан байна, хоёрдугаарт  зорилтот үр дүнд заавал хүрсэн байна. Тийм ч учраас зарим тохиолдолд энэ төрлийн бондыг үр дүнд суурилсан бонд гэж нэрлэдэг. Учир нь  эдгээр хэрэгжүүлэгч байгууллагууд гэрээнд заасан хугацаанд зорилтот түвшинд хүрч ажилласан бол зөвхөн энэ л тохиолдолд   Засгийн газар эсвэл орон нутгийн засаг захиргаа эдгээр хөрөнгө оруулагч нарт бондын мөнгийг хүүгийн хамт олгодог. Хүүгийн түвшин харилцан адилгүй байж болно. Дээр дурьдсан шиг үзүүлэлтүүдэд хүрсэн тохиолдолд гэрээнд заасан хүүгийн түвшин өндөр байна. Зорилтот түвшнээс доогуур бол Засгийн газрын төлөх хүүгийн түвшин доогуур байна.

Нийгмийн тусгай зориулалтын бондын 4-дөгч гол субъект бол завсрын мониторингийн байгууллага буюу зуучлагч байгууллагууд юм. Энэ байгууллага нийгмийн чиглэлтэй уг ажлуудын зорилтот түвшинг орон нутгийн байдалд тохируулан бодитойгоор тогтоож байдаг,  уг ажлуудыг хэрэгжүүлэгч байгууллагуудыг сонгон шалгаруулдаг,  тэдэнд зааж зөвлөдөг, хөрөнгө оруулагчдаас орж ирэх хөрөнгийг уг байгууллагуудад шилжүүлж байдаг, гарсан үр дүнг  үнэн зөвөөр хэмжиж,  Засгийн газар болон хөрөнгө оруулагч нарт мэдээлэх гол байгууллага юм. Энэ үйлчилгээнийхээ төлөө уг бондоос  босгосон хөрөнгөөс санхүүжилт авна. Эдгээр байгууллагууд бол ихэвчлэн олон жилийн туршлагатай, нэр хүнд сайтай судалгааны байгууллагууд,  ТББ-ууд байх ба хэмжилтийн хэсэг дээр их сургуулиуд, гадны мониторингийн компаниуд байна.

- Тэгвэл манай улсад ийм төрлийн нийгмийн тусгай зорилтот бонд яагаад хэрэгжээгүй юм бэ?

- Энэ өөрөө санхүүгийн механизмын хувьд шинэ юм. Иймээс манайд арай эхлээгүй байж болно. Ихэвчлэн хөгжилтэй орнууд Европын Холбоо, Их Британи, АНУ, Австрали зэрэг орнуудад хэрэгжээд байгаа. Хөгжиж буй орнуудаас Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Энэтхэг, Пакистан  зэрэг орнууд эхлүүлээд байна.  Бонд худалдан авч байгаа гадаад дотоодын санхүүгийн байгууллагуудын хувьд нэгдүгээрт, Засгийн газар бол өөрөө том баталгаа,  тиймээс дотоодын хөрөнгө оруулагчид болон олон улсын  байгууллагууд, санхүүгийн байгууллагууд Засгийн газрын бондыг авах сонирхолтой байдаг.  Хоёрдугаарт,  энэ нь санхүүгийн байгууллагуудын нийгмийн хариуцлагыг өсгөж, уг байгууллагуудын нэр хүнд, тэдгээрт итгэх итгэлийг нэмэгдүүлж байдаг. Тиймээс сүүлийн 5 жилийн дотор дэлхийн томоохон арилжааны банк болгон дотроо Нийгмийн тусгай зорилтот бондын салбартай болж ажиллаж байна.

Монголд яагаад байхгүй байна гэвэл манайд улсын төсвийг үр ашиг, үр өгөөж өндөртэй хэлбэрээр зарцуулах судалгаанд суурилсан бодлого байхгүй, зөвхөн өнөө маргаашаа зохицуулах гэсэн бодлого хэрэгжиж байгаатай холбоотой.  Мөн бас бидэнд энэ талаар сайн туршлагатай  завсрын мониторингийн байгууллага буюу зуучлагч байгууллагууд байхгүй байгаа тул хэцүү. Зарим талаар эрсдэлтэй тул улс орнууд тэр болгон хийдэггүй байж магадгүй.

- Нийгмийн тусгай зорилтот бондын эрсдэлүүдийн талаар тайлбарлаж өгнө үү?

- Эрсдэл мэдээж байгаа. Гэхдээ Засгийн газарт эрсдэл байхгүй.  Учир нь Засгийн газрын хувьд өөрөө санхүүжүүлээд, өөрөө хэрэгжүүлээд, өөрөө хэмжээд явдаг байх үеэс илүү бага эрсдэлтэй.  Засгийн газар тодорхой хугацааны дараа хүлээж байсан үр дүнд хүрэхгүй байх тохиолдолд хөрөнгө оруулагч нарт хүү төлөхгүй байж ч болно, гэрээндээ тэгж заасан бол тиймээс эрсдэл тун бага. Төсвийн тухай хуульд  Засгийн газар олон улсын зах зээлээс зээлэх зээлийн нийт хэмжээнд хязгаар тогтоосон байдаг нь хязгаарлалт болж өгөх байх.

Аливаа хөрөнгө оруулалт болгон эрсдэлтэй байдаг тул хөрөнгө оруулагч нар эдгээр эрсдэлийг хүлээн гэрээ байгуулж оролцдог.  Хөрөнгө оруулагчдын хувьд  хэрвээ уг төслийг хэрэгжүүлэгч байгууллагууд гэрээнд заасан ёсоор ажлаа хийгээгүй, ажлаа хийсэн байсан ч зарим урьдчилан харах боломжгүй шалтгаанаас зорилтот үр дүнд хүрээгүй бол, зарим тохиолдолд хэмжилтийн алдаанаас хамааран гэрээнд заасан хүүгийн орлого авах боломжгүй болох, эсвэл бага авах зэрэг эрсдэл гарна.

Завсрын мониторингийн байгууллага буюу зуучлагч байгууллагуудын хувьд ч эрсдэл бий.  Сонгон шалгаруулалтыг  холбогдох хууль, журмын дагуу явуулахад гарах бэрхшээл, гарсан үр дүнг үнэн зөв хэмжихэд моралын гажуудал гарах, зарим урьдчилан хэмжих боломжгүй байсан зардлууд гарч ирэх зэрэг эрсдэлүүд хаа хаанаа гарна. Гол нь зөв зохицуулах, холбогдох хууль, журмуудыг гаргах, хэрэгжүүлэх, мониторинг хийх байгууллагуудыг сургах, дэмжих нь чухал.

- Та түрүүнд судалгаанд суурилсан төсвийн бодлого байхгүй байна гэсэн

- Төсвийн орлого багасаж байгаа, эдийн засагт нийт эрэлт буурсан энэ үед богино хугацаанд яаж хүндрэлээс гарах вэ гэсэн бодлого чухал нь мэдээж.  Гэтэл 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлд богино хугацаанд орлогыг хэрхэн нэмэгдүүлэх талаар ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа талаар би судлаач хүн уншаад олж харахгүй л байна. Манайд улсын төсвийг урт хугацаанд үр ашиг, үр өгөөж өндөртэй хэлбэрээр зарцуулах талаар судалгаанд суурилсан бодлого хэрэгжүүлж эхлэх л хэрэгтэй.

Богино хугацаанд төсвийн орлогыг нэмэгдүүлэх, урт хугацаанд  төсвийн хөрөнгийн зарцуулалтыг үр өгөөжтэй, үр ашигтай байлгах том боломж, гарцуудын нэг бол энэ төрлийн бонд. Үүнийг бусад улсуудын судалгаа, хэрэгжилт, явц баталж байна.  Энэ бол төсвийн зарцуулалтын эрсдэлийг хамтран хуваалцах, зардлыг хамтран гаргах механизм юм.

Тухайлбал, жилийн жилд төсвөөс засан хүмүүжүүлэх газруудын зардалд багагүй хөрөнгө зарцуулдаг, гэсэн хэдий ч тэнд байх хүмүүсийн тоо буурахгүй, тэгэхээр дараа дараа жилийн үүнд зарцуулах хөрөнгийн хэмжээ ч буурахгүй л байна гэсэн үг. Урт хугацаанд ингээд л үргэлжлээд байх уу? Уг нь бол Засгийн газар  шоронгоос гарсан хүмүүсийг дахин сургалтанд хамруулж, ажилд оруулах, амьдралд нь чиглүүлэх төсөл хөтөлбөр боловсруулаад үүнд зарцуулдаг төсвийн зардлын 3-4 жилийнхтэй тэнцүү мөнгөөр бонд гаргаж болно. Гэхдээ тэр мөнгийг өөрөө одоо ч гаргахгүй. Магадгүй гаргах байсан мөнгөө өөрөө хүүгийн орлого олох, найдвартай өөр бонд аваад тавьсан ч байж болох.  Харин уг төсөлд хөрөнгө оруулагч нар орж ирээд, хэрэгжүүлээд, уг төсөл  амжилттайгаар зорилтот түвшинд хүрээд шоронд дахин буцаж ордог хүмүүсийн тоо, түвшин буурвал улсад тун ашигтай, төсвийн зардал дараа жилүүдэд төдий хэмжээгээр буурна, ажилгүйдэл буурна, энэ эрсдэлтэй бүлгийн хүмүүсийн ажил эрхлэлт өснө, тэр хэмжээгээр архидалт, гэмт хэрэг багасана гэх мэт. Урт хугацаанд төсөв ч хэмнэх, нийгэм ч эрүүл болох тал талын ашиг хонжоо харагдана.

Төсвийн орлогын тал бага байгаа тохиолдолд ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ доогуур байгаа боловч удахгүй өсөх боломж хүлээгдэж байгаа нөхцөлд одоо зайлшгүй шаардлагатай байгаа нийгмийн бараа, үйлчилгээг тасалдуулахгүй, багасгахгүй, улам хэмжээ, чанарыг нь нэмэгдүүлэх боломж байна.

- Танд баярлалаа.

Ярилцсан Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийнмэргэжилтэн Э.Золзаяа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37252
0 эможи
keyboard_arrow_up