Иргэдэд олгосон зээлийн хэмжээ 30 хувиар багасчээ
Монголбанкнаас орон сууцны ипотекийн зээлийн долдугаар сарын тайланг танилцууллаа. Долдугаар сард 1600 орчим иргэн 92.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авсан байна. Ингэснээр зээлийн үлдэгдэл 3.8 тэрбум ам.доллар болсон бөгөөд нийт 85 мянган иргэн орон сууцтай болжээ. Үүний 63 мянга нь Монголбанк Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр” буюу ипотекийн зээлд хамрагдсан байна.
Зээлийн үлдэгдлийн 77 хувь нь ипотекийн зээлийн хөтөлбөрийнх бол, 20.7 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрийнх байна. Мөн бусад эх үүсвэрээр 61 тэрбумын зээл олгожээ. Түүнчлэн нийт зээлийн 3.4 хувь нь хугацаа хэтэрсэн бол 1.2 хувь нь чанаргүй буюу муу зээлд багтсан байна. Ингэснээр долдугаар сард иргэдэд олгосон зээлийн хэмжээ өмнөх сарынхаас 30 орчим хувиар багасчээ.