Б.Пүрэвдорж: Гурван сарын дараа доллар авах чадвартай хүн үлдэхгүй
2016 оны 8 сарын 29
УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Чуулганы хуралдаанаар нийтдээ 23 асуудлыг хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн байр суурийг тодрууллаа.
-Төсөвт дарам учруулсан 1.9 их наяд төгрөгийн алдагдлыг нөхөх зорилгоор Засгийн газраас авч буй хэмнэлтийн бодлогыг та дэмжиж байна уу?
-Засгийн газрын оруулж ирсэн мөрийн хөтөлбөр болоод төсвийн тодотголыг дэмжихгүй байна. Ээлжит бус чуулганд хэлэлцүүлэхээр оруулж ирсэн эдгээр асуудалд улс төрийн эрх ашиг шингэсэн гэж би харж байгаа юм.
Монголбанк бодлогын хүүгээ нэмж, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр зах зээлд байгаа бэлэн мөнгийг татах, өөрөөр хэлбэл мөнгөгүй болгох арга юм. Монголбанк хатуу бодлого хэрэгжүүлж байхад Сангийн яам зөөлөн бодлого хэрэгжүүлэх ёстой. Гэтэл Сангийн яамнаас оруулж ирсэн төсвийн тодотголд татварыг нэмж, ард иргэдийн халаасанд байгаа мөнгийг шавхах зорилготой байгаа юм. Санхүү, эдийн засгийг удирддаг хоёр том институт бэлэн мөнгийг татах үйл бодлого явуулаад ирэхээр эдийн засаг маш их хумигдана. Иргэдийн худалдан авах чадвар муудаж, жижиг бизнес эрхлэгчид эрсдэлд орно. МАН-ын явуулж байгаа хатуу бодлогуудын улмаас гурван сарын дараа ам.доллар худалдаж авах чадвартай хүн энэ улсад үлдэхгүй. Ард иргэдийн халаасыг хоосолж, ам.долларыг буулгачихаад эцэст нь Ардчилсан нам эдийн засгийг “элгээр нь хэвтүүлсэн” гэдэг “пиар”-ыг хийх гэж байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн үед эдийн засгийг өсгөсөн дүр үзүүлээд ялалт байгуулах зорилготой үйлдэл одооноос эхэллээ. МАН-ынхан ард түмний амьдралаар дэнчин тавьж шийдвэр гаргасанд харамсаж байна.
-Төсвийн тодотголоор татвар нэмэх, халамжийг танах шийдвэрүүд тусгагдсан. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Ер нь төсвийн тодотголоор татвар нэмэгдүүлж, халамжийг хасаж байна. Ингэснээр хүмүүсийн халаасанд байгаа мөнгийг Засгийн газар болоод Монголбанк хурааж авна гэсэн үг. Ингэснээр хүнд онд жилүүд бий болох нь.
-Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дотор Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах тухай асуудал багтсан байсан. Ямар учраас хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулж байгаа юм бол?
-Дээрх хуулиудын хэрэгжих хугацааг хойшлуулж байгаа нь зөвхөн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Өөрөөр хэлбэл 2017 оны зургаадугаар сарын 30-нд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Долдугаар сарын 1-нд дээр хоёр хуулийг хэрэгжүүлэх төсөл оруулж ирлээ. Гол зорилго нь Намбарын Энхбаяр гэдэг хүнийг сонгуульд өрсөлдүүлэхгүй байхын тулд юм. Тэгэхээр төсвийн тодотгол, Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль зөвхөн нэг хүнийг Ерөнхийлөгч болох сонирхлын төлөө хийгдэж байгаа зүйл юм.
-Өчигдөр Ардчилсан намын ҮЗХ хуралдахаар тов зарласан. Гэвч ээлжит бус чуулгантай холбогдуулж хойшилсон гэж байсан.
-Эдийн засаг, ард иргэдийн амьдралтай холбоотой асуудлыг хэлэлцэх учраас УИХ-ын үйл ажиллагаанд илүү анхаарал хандуулах нь зөв гэж манай намынхан шийдсэн.
-Ардчилсан намын даргад өрсөлдөгч олон байсан учраас ҮЗХ-г хойшлуулсан гэх яриа байсан. Танай намын фракцууд даргынхаа асуудал дээр тохиролцож чадахгүй байгаа юм биш үү?
-Энэ талаар надад мэдээлэл алга.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
35773
0 эможи