Монголбанк валютын зах дахь оролцоогоо хэвээр хадгална
Монголбанкнаас төлбөрийн тэнцлийн эхний хагас жилийн урьдчилсан мэдээллээ гаргалаа. Уг мэдээлэлд, энэ оны 6-р сард хийгдсэн томоохон гадаад төлбөрүүдээс шалтгаалан эхний 5-р сарын байдлаар 104.8 сая ам.доллараар ашигтай байсан ба төлбөрийн тэнцэл 46 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Үүнтэй зэрэгцэн валютын захад оролцогчдын хүлээлт өөрчлөгдсөнөөс шалтгаалан гадаад валютын эрэлт нэмэгдсэнээр төгрөгийн ам.доллартай харьцах ханш 7-р сард 6.1 хувиар суларсан байна.
Тодруулбал, энэ оны 6-р сарын 30-ны өдрийн байдлаар 1982.25 төгрөгтэй тэнцүү буюу оны эхнээс 0.7 хувиар чангараад байсан юм. Богино хугацаанд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш ийнхүү хэлбэлзсэн ч дунд хугацаанд ханшийн хандлагыг тайлбарлагч суурь хүчин зүйл болох төлбөрийн тэнцэл 2016 онд алдагдалгүй гарахаар төсөөлөгдөж байна. Нөгөө талаар эдийн засгийн тэнцвэрийг хангах төсөв, мөнгө, өрийн удирдлагын нэгдсэн бодлого-хөтөлбөрийг Улсын Их Хурлаар батлуулан хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд эдгээрийн үр дүнд эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гарах, валютын зах илүү тогтвортой болох нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.
Өнөөдрийн байдлаар валютын нийт нөөц 1.27 тэрбум ам доллартай тэнцэж байна. Энэ нь Монгол улсын дөрвөн сарын импортын хэрэгцээг хангах хэмжээ юм. Олон улсын стандарт хэмжээ валютын нөөц 3 сараас доошгүй импортын хэрэгцээг хангахаар тогтоосон байдаг. Монголбанкнаас богино хугацааны эрэлт, нийлүүлэлтийн зөрүүнээс үүссэн ханшийн огцом хэлбэлзлийг зөөлрүүлэх зорилгоор валютын захад тухай бүр оролцож байгаа ба цаашид үргэлжлүүлэн ажиллана хэмээн мэдэгджээ.