Монголбанк бодлогын хүүг буурууллаа
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг 1.5 нэгж хувиар бууруулж, 10.5 хувь болголоо. Ингэснээр он гарсаар хоёр дахь удаагаа бодлогын хүүгээ бууруулж байна. Хүү бууруулах нөхцөлийг харвал хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляцийн бууралт гол нөлөө үзүүлснийг Төв банкнаас онцолж байна. 2016 оны гуравдугаар сарын эцсийн дүнгээр инфляци 1.7 хувь болж, сүүлийн есөн сарын турш зорилтот 2 хувийн түвшнээс доогуур хадгалагдаж байгаа юм. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтын дунд хугацааны төлөв эерэг байгааг онцоллоо. Оны сүүлийн хагаст "Оюу Толгой" төслийн дараагийн шатны хөрөнгө оруулалт үүнд гол нөлөө үзүүлэхээр байгаа аж. Мөнгөний бодлогын төлвийг зөөлрүүлсэн уг шийдвэр нь мөнгө, зээлийн өсөлт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон эдийн засгийн идэвхжлийг дэмжихэд эерэгээр нөлөөлнө гэж харж байгаагаа Монголбанкнаас илэрхийлсэн юм. Үүнээс гадна 2016 онд төлбөрийн нийт тэнцэл алдагдалгүй байх төсөөлөлтэй байгаа гэж Төв банкнаас мэдээллээ. 2013 онд 1.8 тэрбум ам.долларын алдагдалтай байсан төлбөрийн тэнцэл үүнээс хойш тасралтгүй сайжирч, 2015 оны жилийн эцэст алдагдлын хэмжээ нь 270 орчим сая ам.доллар, улмаар он гарсаар эхний гурван сарын дүнгээр 38 сая ам.доллар болоод байна. Мөн гадаад худалдааны тэнцэл эерэг баланстай байгаа зэрэг макро эдийн засгийн гадаад тэнцвэрт гарч байгаа эерэг өөрчлөлтүүд нь мөнгөний бодлогын төлвийг зөөлрүүлэх орон зайг нэмэгдүүлжээ.