"S&P" агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтвортой гэж үнэллээ
Олон улсын үнэлгээний “S&P” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B” түвшинд хэвээр үлдээж, тогтвортой гэж үнэллээ. Мөн 2016-2019 оны хооронд Монгол Улсын эдийн засаг дунджаар 4.6 хувийн өсөлттэй байна гэж үзсэн байна. Харин энэ оны эдийн засгийн өсөлтийн төлвийг 2.6 хувь байна гэж үнэлсэн нь олон улсын байгууллагуудаас Монгол Улсын эдийн засагт өгч байгаа хамгийн өөдрөг төсөөлөл болов. Гадаадын шууд хөрөнгө оруулалт болон экспортын бууралт Монгол Улсын урсгал тэнцэл, санхүүгийн үзүүлэлтэд дарамт учруулна гэж үзэж байгаагаа тус агентлаг илэрхийллээ. Мөн баялагт түшиглэсэн бага орлоготой эдийн засгийг тэнцвэржүүлэхэд томоохон уул уурхайн төслүүд санхүүгийн үзүүлэлтүүд, бодлогын зохицуулалт, гадаад талаас ирэх эрсдэл, мөнгөний бодлогын уян хатан байдалд ирэх 12 сарын хугацаанд сөргөөр нөлөөлж болохоор байгааг анхааруулсан байна. Түүнчлэн таван жил тасралтгүй өсөлттэй байсан Монгол Улсын эдийн засаг энэ онд 2.6 хувиар, 2019 оныг хүртэл 4 хувиар өснө гэж үзжээ. Харин нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэг хувиар өсч, 4100 ам.долларт хүрнэ гэж үзсэн байна.
Түүнчлэн “S&P” агентлаг “Оюу Толгой”, “Таван Толгой” зэрэг томоохон төслийг хэрхэн хэрэгжүүлэхээс Монгол Улсын зээлжих зэрэглэл хамаарна гээд урсгал тэнцлийн алдагдал нэмэгдэхээр байгааг онцолжээ. 2016-2019 оны хооронд Монгол Улсын урсгал тэнцлийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 10-аас дээших хувь буюу хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэхээр байгаа гэв. Мөн Монгол Улсын Засгийн газрын өр 7.3 хувиар нэмэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүний 56.8 хувьд хүрэхээр байна гэв. Үүнээс гадна түүхий эдийн үнэ ханш зэргээс шалтгаалж, банк санхүүгийн байгууллагууд нөхцөл байдал хүндрэхээр байна гэж “S&P” агентлаг үзжээ. Сүүлийн жилүүдэд нэмэгдэж ирсэн зээлийн өсөлт, үл хөдлөх хөрөнгийн үнийг царцааж, эрсдэлийг нэмэгдүүлэхээр байгааг илэрхийлсэн байна. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлогын эдийн засагт үзүүлж байгаа нөлөө хангалттай нөлөөлж чадахгүй байгаа юм. Бодлогын өөрчлөлтийг огцом хийж байсантай холбоотойгоор бизнес идэвх, хөрөнгө оруулалт хангалттай сэргэж чадахгүй гэж үзжээ.