Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн уулзалт болно
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл энэ улирлын хоёр дахь хурлаа өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хийх товтой байна. 2016 оны II улирлын эхний хурал гурван долоо хоногийн өмнө болж, эдийн засгийн орчин нөхцөлийн талаар хэлэлцсэн гэж мэдээлж байсан юм. Төв банк улирал бүр нийт гурван удаа хуралдаж, мөнгөний бодлогын шийдвэрээ гаргадаг. Хамгийн сүүлд буюу нэгдүгээр сарын 13-нд Төв банк бодлогын хүүгээ нэг нэгж хувиар бууруулж, 12 хувь болгохоор шийдвэрлэсэн юм. Тухайн үед Төв банк мөнгө, зээлийн өсөлт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон эдийн засгийн идэвхжлийг дэмжихээр мөнгөний бодлогын төлвийг алгуур зөөлрүүлнэ гэж мэдэгдэж байсныг сануулж байна. Гэхдээ үүний тулд хэрэглээний үнийн индексийн өсөлт, гадаадын шууд хөрөнгө оруулалтын үзүүлэлтийг чухалчилна гэдгийг Төв банкны тэргүүн онцолж байсан юм. Сүүлийн хурлаас хойш тооцоод үзвэл хэрэглээний үнийн индексийн өсөлт дахин саарч, оны эхний улирлын эцэст 1.7 хувь болжээ. Мөн гадаад валютын орох урсгал огцом нэмэгдэж, төгрөгийн ам.доллартай харьцах албан ханш өнгөрсөн оны дунд үеийн түвшинд хүрч чангараад байна. Тиймээс эдийн засгийг дэмжих арга хэмжээ авах орон зай байгаа гэж Мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүн үзэж байгаагаа илэрхийлж байсан юм.