Цахим худалдааны төлбөрөө нэгдсэн нэг системээр гүйцэтгэх боломжтой боллоо
Хэрэглэгчид цахим худалдааны төлбөр тооцоог хийхдээ банк тус бүрээр сонгох бус нэгдсэн нэг системээр төлбөрөө гүйцэтгэх боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл банкууд бидний интернэт худалдаа гэж нэрлэж заншсан цахим худалдааны төлбөр тооцоонд Монголбанктай хамтран нэгдсэн систем нэвтрүүллээ. Монголбанк бэлэн бус төлбөрийн хэрэгслийг дэмжих, интернэтэд суурилсан худалдааны төлбөр тооцоог банк хоорондын системд нэвтрүүлэх үүргийн хүрээнд ийнхүү нэгдсэн системээр ажиллах дэд бүтцийг бий болгоод байна. Энэ нь интернэт худалдаа хөгжих нөхцөл болохоос гадна нэгдсэн сүлжээ бий болсноор интернэт худалдаа эрхлэгчдийн болон банкуудын зардал буурах давуу талтай байна. Иргэд, үйлчлүүлэгчид ямар банкны харилцагч байхаасаа үл хамааран бараа, үйлчилгээний төлбөрөө интернэтээр шимтгэлгүй төлөх, илүү хялбар, шуурхай төлбөрөө гүйцэтгэх боломж бүрдэж байгааг салбарынхан онцолж байна.