Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өсч, 967.6 тэрбум төгрөг болжээ

2016 оны 4 сарын 13

Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий Газар оны эхний улирлын нийгэм, статистикийн голлох үзүүлэлтүүдийг танилцууллаа. Банк, санхүүгийн статистикийг харвал хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн оны мөн үеэс 73 хувиар өсч, 967.6 тэрбум төгрөг болсон байна. Мөн чанаргүй зээлийн хэмжээ гуравны нэгээр нэмэгдэж, 965.4 тэрбум төгрөг болжээ. Харин нийт олгосон зээлийн үлдэгдэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 440 гаруй тэрбум төгрөгөөр буурч, 11.8 их наяд төгрөг болсон байгаа юм. Өөрөөр хэлбэл 10 зээл тутмын нэг нь хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлд тооцогдож байна. Чанаргүй зээл сүүлийн есөн сар дараалан нэмэгджээ. Гуравдугаар сарын байдлаар нийт зээлийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хэмжээ 2.5 хувиар нэмэгдэж, 8.2 хувь боллоо. Нийт аж ахуйн нэгжүүд болон иргэдийн дунд зээл төлөлт муудсаар байгаа бөгөөд тухайлбал Монголбанкны танилцуулснаар өнгөрсөн 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл, гурван сар дараалан хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн нийт ипотекийн зээлд эзлэх хувь өссөн байна. Чанаргүй зээл 0.8 хувь болж, 2012 оноос хойших дээд хэмжээнд хүрч нэмэгджээ. Харин инфляци жилийн болон оны эхнээс өссөн дүнгээр 1.7 хувьтай гарсан байна. Инфляцийн эрч сулрах энэхүү хандлага энэ оны III улирал хүртэл үргэлжилнэ гэж Монголбанк таамаглаад байна. Харин гадаад худалдааны хувьд гол түүхий эдүүдийн экспортын биет хэмжээ нэмэгдсэн боловч ханшийн уналттай холбоотойгоор экспортын орлогын хэмжээ үргэлжлэн буурлаа. Үүний улмаас гадаад худалдааны тэнцлийн ашгийн хэмжээ 360 сая ам.доллар буюу өнгөрсөн оны мөн үеэс 16 сая ам.доллараар буурчээ. Үүнээс гадна төсвийн орлого буурсан бол зарлага нэмэгдсэн учир төсвийн алдагдал дөрөв дахин нэмэгдэж, 615 тэрбум төгрөг болсон болохыг Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий Газрын мэдээллээс харж болохоор байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31550
0 эможи
keyboard_arrow_up