Э.Батшугар: Санхүүгийн боловсролтой иргэн улс орны эдийн засгийн тогтвортой хөгжилд чухал
Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг Монголбанк, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад холбогдох байгууллагууд хамтран 2015 оны 10-р сараас хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Тэгвэл энэхүү хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг уг хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагч Монголбанкны Дэд ерөнхийлөгч Э.Батшугараас тодрууллаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэхүү хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагчийн хувьд хөтөлбөр хэрэгжих болсон үеэс яриагаа эхэлмээр байна?
-Баярлалаа, танд ч бас өдрийн мэнд. Иргэний санхүүгийн боловсрол сайн байх нь зөвхөн тухайн хүндээ ашиг авч ирээд зогсохгүй улс орны эдийн засгийн тогтвортой хөгжилд чухал нөлөөтэй юм. Дэлхийн банк 2012 онд Монгол улсын иргэдийн санхүүгийн боловсролын түвшинд судалгаа явуулсан байдаг. Энэхүү судалгаагаар манай улсын иргэдийн ихэнх хувь нь өрхийн санхүүгийн мэдлэг дутмаг гэсэн дүгнэлт гарсан. Түүнчлэн, манай улсад банкны систем түлхүү хөгжсөн гэдэг утгаараа нийт иргэдийн 90 орчим хувь нь банкны бүтээгдэхүүний тухай ойлголттой боловч бусад санхүүгийн хэрэгслүүд болох даатгал, хувьцаа, валют арилжаа зэрэг чухал ойлголтуудаар тун дутмаг байгаа нь ажиглагдсан. Нөгөөтээгүүр, хот суурин газрын, өндөр орлоготой, бизнесийн чиглэлээр ажилладаг иргэдийн санхүүгийн мэдлэг илүү боловч, орон нутгийн иргэд тэр түвшинд төдийлөн хүрч чадахгүй байна. Энэ мэтчилэн санхүүгийн мэдлэг дутмаг байгаагаас иргэд маань өөрсдийн хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүнээ сонгож, өрхийн санхүүгээ зөвөөр удирдахад хүндрэл тулгарсаар байна. Мөн Монголын ирээдүй болсон оюутан залуус, бага насны хүүхдэд санхүүгийн мэдлэгийг шат дараатай олгох нь тэд ирээдүйд санхүүгийн сахилга баттай иргэн болж төлөвшихөд чухал нөлөөтэй. Иймээс иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх шаардлага зайлшгүй бий болж байгаа юм.
-Тэгвэл энэ хөтөлбөр Монголд анх удаа хэрэгжиж байгаа гэж ойлгож болох уу? Бусад орны тухайд ямар туршлага байдаг юм бол?
-Тийм. Үндэсний хэмжээнд энэ төрлийн хөтөлбөр урьд өмнө нь хэрэгжиж байгаагүй. Бид хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өмнө хэд хэдэн улс орны туршлагыг судалсан. Жишээлбэл, Япон, Солонгос улсын Төв банк нь иргэдийнхээ санхүүгийн боловсролд чиглэсэн тусгай хөтөлбөртэй бөгөөд олон жилийн арвин туршлагатай байсан. Зөвхөн оюутан залуучууд төдийгүй бага насны хүүхэд, сурагчид, насанд хүрэгчид, өндөр настан гээд нийгмийн бүх хүрээг хамарсан өргөн чиглэлээр санхүүгийн боловсролоо олгодог. Ингэж санхүүгийн боловсролын хувьд төлөвшсөн иргэн болох нь эргээд улс орныхоо хөгжил дэвшилд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт болж чадаж байгаа юм. Үүнтэй адилаар Монгол улсын иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх нь зөвхөн эдийн засгийн бодит өсөлтөд нөлөөлөөд зогсохгүй ядуурлыг бууруулах, санхүүгийн салбарын хөгжилд ашиг тусаа өгнө.
-Энэхүү хөтөлбөрийн алсын хараа, зорилтыг нь та юу гэж харж байна вэ?
-Хөтөлбөрийн алсын харааг “Иргэд өөрийн болон өрхийн санхүүгээ зохистой удирдах мэдлэг, чадвар болон итгэл үнэмшилтэй болно” гэж тодорхойлсон. Зорилтын хувьд иргэдийн хувийн санхүүгээ зохистой удирдах чадварыг дээшлүүлэх, санхүүгийн залилангаас өөрийгөө хамгаалах чадвартай болгох, санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх нөөц бололцоог зөв, үр ашигтай зарцуулан зохион байгуулах, санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэхэд оролцож байгаа байгууллага болон хувь хүмүүст үр дүнтэй хамтран ажиллах, мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэх гэж тусгасан.
-“Санхүү” гэдэг үг өөрөө олон нийтэд тийм ч ойр биш. Тэгэхээр санхүүгийн мэдлэг олгоно гэхээр их хүнд сонсогдож магадгүй юм. Ер нь энэ талын боловсролыг энгийн хүртээмжтэй хүргэх тал дээр ажиллаж байгаа юу?
-Мэдээж хүн бүр санхүүч эсвэл эдийн засагч болохгүй. Гэхдээ хүн бүр санхүүгийн шийдвэрүүдийг өдөр тутмын амьдралдаа алхам тутамдаа гаргасаар л байдаг. Зарим шийдвэрүүд энгийн, амархан, үр дагавар багатай мэт боловч буруу шийдвэр гаргаад байвал урт хугацаандаа санхүүгийн хувьд хүндрэлтэй тулгарах жишээтэй. Иймд иргэдээ санхүүгийн мэдлэгтэй болгох нь зайлшгүй чухал зорилт юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагуудын зүгээс иргэдийн санхүүгийн мэдлэг, боловсролын агуулга, хүрээг тогтоож насны ангиллаар хүргэх ажлуудыг эхлүүлж агуулга, гарын авлага боловсруулж эхлээд байна. Хөтөлбөр 2016-2021 он хүртэл дунд хугацаанд 5 жил үргэлжилнэ. Энэ оны тухайд хөтөлбөрийн дөрвөн тэргүүлэх чиглэлд агуулга, гарын авлага боловсруулах, иргэдэд зориулсан цахим хуудас шинээр нээж ажиллуулахаар зорьж байна.
-Хөтөлбөрийн хэрэгжилт ямар шатандаа явж байна вэ? Энэ онд юу юу хийж эхлүүлэх вэ?
-Монголбанк БСШУЯ-тай хамтран ЕБС-ийн бүрэн дунд, суурь, бага боловсролын агуулга боловсруулж сурагчдад санхүүгийн боловсрол олгохоор хамтын ажиллагааг эхлүүлээд байгаа. Эхний ээлжид хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын 10-р ангийн хичээлийн хөтөлбөрт “Бизнес судлал” хичээл нэмж оруулахаар БСШУЯ-ны сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан агуулга, гарын авлага боловсрууллаа. 1 дүгээр сарын 23-аас буюу энэ хичээлийн жилийн 3 дугаар улирлаас хот, хөдөөгийн 40 лаборатори сургуульд Бизнес судлал хичээлийг туршилтаар орж эхлээд байгаа юм. Энэ хичээл нь сонгон гүнзгийрүүлэх хичээл бөгөөд 10 дугаар ангийн сурах бичгийг эхний ээлжид гаргахаар ажиллаж байна. Хичээлийн агуулга, гарын авлага боловсруулах ажлын багт Хувь хүний санхүү хичээлээр мэргэшсэн МУИС-ийн, Бизнесийн сургуулийн доктор, профессор багш нар болон энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай төрийн бус байгууллагын төлөөлөл, Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн, мэргэжилтэн багш нар ажиллаж байна.
-Санхүүгийн боловсролыг хүүхдэд бага наснаас нь олговол илүү үр дүнтэй гэж байсан. Манайд энэ тал дээр ямар бодлого барьж байгаа вэ?
-Олон улсад ийм туршлага бий. Хүүхдэд цэцэрлэгийн наснаас нь санхүүгийн боловсрол олгодог. Энэ нь тухайн хүүхдийн насан туршид нь мөнгө санхүүтэй харьцах хандлага болж төлөвшдөг. Манай тухайд энэ ондоо багтааж ЕБС-ийн бага, суурь түвшинд санхүүгийн мэдлэг олгох хичээлийн агуулга, зөвлөмж боловсруулагдана. Бага, дунд ангийнханд энэ хичээлийг “Амьдрах ухааны хичээл”-ийн цаг дээр оруулахаар БСШУЯ-тай тохироод байна. Бид хамтран багш нарыг энэ хичээлийн сургагч багшаар бэлтгэх ажлыг мөн энэ онд хийхээр төлөвлөөд байгаа.
-Залуучуудад санхүүгийн боловсролыг хэрхэн олгох вэ, ялангуяа оюутнуудад?
-Залуу үед санхүүгийн мэдлэг олгох ажлын хүрээнд Их дээд сургуульд мэргэжил харгалзахгүй Хувь хүний санхүү хичээлийг оруулах ажлыг хөтөлбөрийн хүрээнд эхлүүлж агуулга, гарын авлага боловсруулах үнийн саналын нээлттэй урилгыг олон нийтэд нээлттэй мэдээлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Манай их дээд сургуулиуд идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байна. Энэ чиглэлд МУИС-ийн Бизнесийн сургууль 2 жилийн өмнөөс 3 кредиттэй “Хувь хүний санхүү” хичээлийг сургуулийнхаа салбар сургуулиудад оруулсан туршлагатай юм байна билээ. Энэ тэргүүлэх чиглэлийн хүрээнд Хөдөлмөрийн яамны харьяа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-ийн оюутнуудад мөн санхүүгийн боловсрол олгох хичээл орохоор болж агуулга, гарын авлагыг яамтай хамтран боловсруулахаар хамтын ажиллагааг эхлүүлээд байна.
-Насанд хүрэгчдэд хэрхэн олгох вэ. Энэ ажлыг эхлүүлсэн үү?
-Хөдөө орон нутгийн иргэд, насанд хүрэгчдэд санхүүгийн боловсрол олгох тэргүүлэх чиглэлийн хүрээнд БСШУЯ-ны харьяа Насан туршийн боловсролын төвтэй хамтран ажиллаж насанд хүрэгчдэд санхүүгийн боловсрол болгох гарын авлага, агуулга боловсруулах ажлыг мөн эхлүүлээд байна. Насанд хүрэгчдийн хувьд хүүхэд залуусыг бодвол хандлага, зан төлөвийн өөрчлөлт орохдоо удаан гээд онцлог их бий. Тиймээс энэ насныханд боловсрол олгож байгаа мэргэжлийн байгууллагатай хамтрахыг чухалчилсан.
-Санхүүгийн боловсролын цахим хуудас тусгайлан нээх юм уу. Хэнд зориулагдсан байх вэ?
-Хөтөлбөрийн дөрөвдүгээр тэргүүлэх чиглэлд цахим хуудас болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдэд санхүүгийн мэдлэг олгоно гэж тусгасан байгаа. Үүнийг орчин үеийн, бүх насныханд тохирсон байдлаар хийхээр ажиллаж байна. Ингэснээр иргэд хүссэн үедээ энэхүү цахим хуудас руу нэвтэрч хэрэгтэй мэдээллүүдээ цаг алдалгүй авах боломжтой болно. Гол зорилго нь хүмүүст зөвхөн мэдлэг өгөөд зогсох биш тэднийг хувийн санхүүгээ үр дүнтэй удирдаж чадах бүх талын мэдлэгийг багтаасан байхаар зорин ажиллаж байна. Цахим хуудас хийх компанийг шалгаруулах ажлыг мөн олон нийтэд нээлттэй зарлаж үнийн саналын урилга гаргасан байгаа. Цахим хуудсыг ирэх 7 дугаар сараас нээж эхлүүлэхээр зорин ажиллаж байна. Нэмээд хэлэхэд, Монголын банкны холбоотой хамтран Харилцагчийн санхүүгийн боловсролын агуулга, гарын авлага бэлтгэх ажлыг мөн эхлүүлэх, банкуудаа оролцуулан ажлын хэсэг байгуулахаар ажиллаж байна.