Хаан банкны гүйцэтгэх захирлаар Жон Белл томилогдлоо
ХААН Банкны Гүйцэтгэх захирлаар 2016 оны 4-р сарын 1-ний өдрөөс эхлэн Жон Белл томилогдлоо. Жон Белл нь ХААН Банкны Гүйцэтгэх захирлаар 2011 оноос амжилттай ажилласан Норихико Като захирлын халааг авч байгаа юм.
Жон Белл нь 2015 оны 8-р сараас эхлэн ХААН Банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч, Бизнес хариуцсан захирлаар ажиллаж байгаад ийнхүү гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдлоо.
Жон Белл нь банкны салбарт 1994 оноос ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд Citibank-ны АНУ, Польш, Чех улс дахь салбаруудад Хувийн банкны менежер, Салбарын үйл ажиллагаа хариуцсан менежер, Пассив болон Хөрөнгө оруулалт хариуцсан менежер, Хөрөнгийн удирдлага, бизнес хариуцсан захирал зэрэг удирдах албан тушаалд ажиллаж байгаад 2006 оноос ABN AMRO банкны Иргэдийн банкны бүтээгдэхүүн удирдлага, түгээлт хариуцсан захирал, 2008 оноос "Royal Bank of Scotland" банкны Румын улс дахь салбарын Иргэдийн банк хариуцсан захирлын ажлыг тус тус хашжээ.
ХААН Банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Хидео Савада хэлэхдээ “ХААН Банк нь харилцагчиддаа дэвшилтэд технологид суурилсан банкны үйлчилгээг найдвартай, хүртээмжтэй хүргэж, Монголын банк санхүүгийн салбарт хүчирхэг, өрсөлдөхүйц байр сууриа хадгалж ирлээ. Жон Беллийг ХААН Банкны гүйцэтгэх захирлаар ажиллах болсонд бид баяртай байна. Түүний хувьд баг хамт олноо удирдан, банкны ирээдүйн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах арвин туршлагатай банкир юм” хэмээн онцоллоо.
Мөн тэрбээр “ХААН Банкны Гүйцэтгэх захирлаар 4 жил гаруй хугацаанд амжилттай ажилласан Норихико Като захирлын манлайлан удирдсан банкны өнөөгийн амжилтад банкны хамт олон гүнээ талархаж байна. Норихико Като нь ХААН Банкыг Монгол улсад компанийн засаглал, эрсдэлийн удирдлага, санхүүгийн үзүүлэлтээр тэргүүлэгч байр сууринд хүрэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ. Норихико Като захирал банкны үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, бат суурьтай үлдээж байна. Түүний нөр их зүтгэлд бид дахин талархаж байна” хэмээн Норихико Като захиралд талархал илэрхийлэв.
Жон Белл захирал нь банкны бизнес ялангуяа иргэдийн банк, хөрөнгө оруулалт, зардлын удирдлага, төлбөрийн карт, зээл, эрсдэлийн удирдлага, банкны стратеги, бизнесийн өсөлтийн чиглэлээр 20 гаруй жил олон улсад ажилласан туршлагатай банкир юм. Жон Белл захирлын дэлхийн олон оронд банкны салбарын удирдах албан тушаал хашсан мэргэжлийн ур чадвар, туршлага нь ХААН Банкны цаашдын өсөлт, харилцагч, хамтрагч түншүүдийн өмнө хүлээсэн үйл хэрэг, зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
ХААН Банкны нийт харилцагчид, түнш байгууллагууд, ажилтнуудын нэрийн өмнөөс Гүйцэтгэх захирлаар томилогдсон Жон Беллд ажлын өндөр амжилт хүсэж байна.