Ипотекийн зээлийг банкууд хэвийн олгож байгаа

2016 оны 2 сарын 26

Барилга хот байгуулалтын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Х.Батболдоос орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгох болон ипотекийн зээлийн хүүг тав болгон бууруулах асуудал ямар шатандаа байгаа талаар зарим асуултад хариулт авлаа.
-Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгох асуудлаар банкууд өөрсдөө боломжит хувилбараар зээлээ олгож байгаа тухай салбарын сайд хэлж байсан. Энэ талаар тодруулаач. Яг ямар банк энэ дагуу зээл олгож байгаа юм бэ?


-Ер нь бүх банкууд боломжоороо урьдчилгааг 10 хувиар тооцож, зээлээ олгож байгаа. Гэхдээ ажил хэрэг болгоход барилгын компаниуд өөрсдөө эхэлж санаачилга гаргах юм. Тухайлбал, “Алтай констракшн” компани өөрийн барьсан “Саруул” хотхоны байрнаас авсан иргэдэд урьдчилгаа 10 хувийг төлөөд ипотекийн зээлэнд хамрагдах боломжийг олгож байгаа юм билээ. 2015 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Барилга хот байгуулалтын сайдын 100 хоног дээр ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгон бууруулах санамж бичгийг арилжааны банкуудтай байгуулсан. Ингэхдээ арилжааны банк болон барилгын компаниуд руу хандсан байгаа. Үүнийг зохицуулаад хэрэгжүүлж, цаашид үргэлжлүүлэх нь барилгын компаниуд. Миний олж авсан мэдээллээр бол “Алтай констракшн”-ы “Саруул” хотхоноос эхлээд явж байгаа болов уу.

-Өөр барилгын компаниуд урьдчилгаа 10 хувийн төлбөрийг авч, ипотекийн зээлд хамруулж байгаа юм болов уу?

-Олон компаниуд байна. Жишээ нь King Tower гэж хотхон бий. Энэ хотхоны байрны төлбөрийнхөө урьдчилгаа 10-30 хувийг төлөөд ипотекийн зээлд хамрагдах, урьдчилгаа 50 хувийг нь төлөөд үлдсэн төлбөрийг гурав хүртлэх жилийн хугацаагаар хүүгүй графикийн дагуу төлөх гэх мэтээр янз бүрийн сонголтыг санал болгосон байна билээ. Ерөнхийдөө янз бүрийн саналуудыг барилгын компаниуд гаргаад явж байгаа.

-Ипотекийн зээлийг олгож байгаа гэсэн мэдээлэл байгаа ч бодит байдал дээр зарим банкууд тус зээлийг олгохгүй байна гэх гомдлыг иргэд хэлж байна. Энэ тал дээр хариулт өгөөч?

-Тодорхой хэмжээний хүлээлт байгааг үгүйсгэхгүй. Ипотекийн зээлийн найман хувийг тав болгон бууруулах асуудал шийдэгдэхийг арилжааны банкууд хүлээж байж магадгүй. Гэхдээ бидэнд ирсэн мэдээллээр зээлийг банкууд хэвийн олгож байгаа.

-Урьдчилгааг 10 хувь болгох талаар танай яамны зүгээс банкуудад ямар үүрэг даалгавар өгсөн бэ?

-Ерөнхийдөө урьдчилгааг 10 хувь болгох асуудал дээр манайхаас ямар нэг үүрэг өгөөгүй. Ийм боломж байна гэсэн бодлогыг гаргасан. 2015 оны байдлаар зах зээл дээр 18 мянган айлын орон сууц борлогдоогүй байна гэсэн тооцоо бий. 2016 онд 50 хувийнхаа гүйцэтгэлийг хийчихсэн хүлээгдэж буй 26 мянган айлын орон сууц байна. Аль аль талыг нь бодоод үзэхэд эрэлт нь ч, нийлүүлэлт нь ч байна. Борлогдохгүй байх нөхцөл байхгүй шүү дээ. Чадах чинээгээрээ энэ асуудлыг төрөөс шийдвэрлээд явж байгаа. Гэхдээ хувийн компаниуд ч гэсэн өөрсдөө санаачилга гаргаад, урьдчилгаа төлбөрийнхөө 10 хувийг аваад зээл олгох ажлууд эхэлчихсэн байна билээ.

-Ипотекийн зээлийн хүүг яг хэзээнээс бууруулах юм бэ?

-Ирэх дөрөвдүгээр сарын 5-ны өдөр УИХ-ын хаврын чуулган эхэлнэ. Чуулганаар хэлэлцэх хамгийн эхний асуудал нь ипотекийн зээлийн найман хувийг тав болгон бууруулах байгаа. Манай яамны зүгээс Сангийн яам болон Монгол банктай ойр ойрхон уулзаж, тооцоо судалгаагаа нийлж, гарцуудыг байгаа гэдгийг энэ дашрамд дурьдах хэрэгтэй байх.

-Барилгын салбарын борлуулалт 30 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа гэсэн. Зах зээлээ хамгаалахын тулд яамнаас ямар бодлого баримталж байна вэ?

-Үүнийг маш олон талаас нь тайлбарлаж болно. Жишээ нь, статестикийн мэдээллээр, айл өрхийн сарын дундаж орлого 2015 оны арванхоёрдугаар сарын байдлаар сая 133 мянган төгрөг байсан бол 2016 оны нэгдүгээр сарын статистик мэдээллээр 848 мянган төгрөг болж буурсан үзүүлэлттэй байгаа юм. Нийт 11.6 хувиар өрхийн сарын дундаж орлого буурчихсан. Үүнийг дагаад өрхүүдийн амьжиргааны төвшин тодорхой хэмжээгээр буурсан нь орон сууны борлуулалтад нөлөөлсөн гэж харах үндэслэл бий.

-Улаанбаатар хотын хэмжээнд ер нь хэчнээн иргэн орон сууцанд амьдардаг юм бол. Энэ талын судалгаа бий юу?

-Байлгүй яах вэ. Бидний гаргасан судалгаагаар 190 мянган өрх орон сууцанд амьдардаг гэсэн тооцоо бий.

-Тэднээс хэд нь орон сууц түрээсэлж амьдарч байгаа бол?

-Ерөнхийдөө 27-28 мянган айл өрх түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлт ирүүлсэн байгаа.

-Өмнө нь найман хувийн зээлд хамрагдсан иргэд таван хувь руу шилжих боломжтой юу?

-Бидний зүгээс боломжуудыг санал болгочихсон байгаа. Энэ асуудлыг “Монгол банк” л шийднэ. Гэхдээ Монгол банкны Ерөнхийлөгчийн ярьсан ярианаас үзэхэд энэ асуудал шийдэгдчих байх.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29365
0 эможи
keyboard_arrow_up