Монголбанк МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ бууруулах шийдвэр гаргажээ
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар мөнгөний бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 12 хувь болгох шийдвэр гаргажээ. Энэ шийдвэр өнөөдөр буюу/2016 оны 1 дүгээр сарын 14-ны өдрөөс хэрэгжиж эхлэх юм байна.
Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци 2015 оны 11 дүгээр сарын эцэст 2.9 хувь болж, сүүлийн 5 сарын турш зорилтот түвшнээс доогуур байгаа нь мөнгөний бодлого тэлэх орон зайг нэмэгдүүлж байна. Нийлүүлэлтийн гаралтай инфляци нам, тогтвортой байхын зэрэгцээ эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт бага түвшинд байх төлөвтэй байна.
Дунд хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэх, тогтвортой байх эерэг хандлагууд бий болж байгаа нь макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжихээр байна. Мөнгөний бодлогын төлөвийг алгуур зөөлрүүлэх энэхүү шийдвэр нь мөнгө, зээлийн өсөлт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон эдийн засгийн идэвхжилийг дэмжихэд эергээр нөлөөлнө.
Зөвлөлийн хурлын хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.