Ипотекийн зээлийн асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тогтлоо
Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн/2015/12/23/ хуралдаанаар орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн талаар Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны мэдээллийг сонслоо.
Дээрх асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал мэдээлэл хийсэн юм. Тэрбээр, Орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдэл 3.4 их наяд төгрөг, үүний 75 хувь болох 2.5 их наяд төгрөгийн зээл нь Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөрт хамаарч байна. Орон сууцны ипотекийн зээлтэй өрхийн тоо 76583 байгаа ба тэд сар бүр 28 тэрбум төгрөгийг зээлийн эргэн төлөлтөөр хуримтлуулдаг. Орон сууцны ипотекийн зээлийн чанаргүй зээлийн харьцаа 2011 оны 7 дугаар сараас хойших 53 сарын хугацаанд 0.2-0.7 хувийн түвшинд тогтвортой байна. Нийт зээлийн 96.8 хувь нь хэвийн, 2.5 хувь нь хугацаа хэтэрсэн, 0.7 хувь нь чанаргүй ангилалд байна. Дундаж давхаргын хуримтлал зээлийн эргэн төлөлтөөр жил бүр дунджаар 336-360 тэрбум төгрөгөөр өсч байна. Зээлийн барьцаа хөрөнгийн эрсдэл болон зээлдэгчийн санхүүгийн чадавхи нь Орон сууцны ипотекийн зээлийн чанарт нөлөөлнө хэмээсэн.
Түүнчлэн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Үндсэн хуулийн цэцийн 11 дүгээр тогтоолоор үл хөдлөх хөрөнгө барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр барьцаа хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх, давхар барьцаалах, ашиглуулах зэргээр шилжүүлж болох нөхцөл үүссэн гээд үүгээр зээлдэгч иргэн, аж ахуйн нэгжийн эрх нэмэгдэх хэдий ч зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломж хумигдаж байна. Учир нь зээлийн эрсдэл өссөнөөр зээлийн хэлцэл хийгдэхгүй байхаар байна гэж мэдээлсэн. Түүний хэлснээр Монгол Улсын банкнуудаас 856.4 мянган иргэн, аж ахуйн нэгжид олгосон 11.9 их наяд төгрөгийн зээлийн барьцаа хөрөнгийг эрсдэлд оруулах, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зогсоох, санхүүгийн зуучлалыг хумих, нийт санхүүгийн салбарт зээлийн тасалдал үүсэх сөрөг үр дагавар гарч болзогүй аж. Түүнчлэн банкны салбарын 21.3 их наяд төгрөгийн актив, 2.4 их наяд төгрөгийн өөрийн хөрөнгийг системийн шинжтэй эрсдэлд оруулах, нийт 7.3 их наяд төгрөгийн хадгаламж бүхий 2.8 сая иргэн, аж ахуйн нэгжийн мөнгөн хөрөнгийг эрсдэлд оруулах, Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг бүрэн зогсоох, шинээр зээл олгогдохгүй болгох эрсдэл үүсэх магадлалтай юм байна.
Монголбанкны Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр нь банкуудын зээлийн барьцаа хөрөнгийн эрсдэл, системийн хэмжээнд зээлийн эрсдлийг нэмэгдүүлэх сөрөг нөлөөтэй байгаагаас банкууд 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс орон сууцны ипотекийн зээл шинээр олгохыг зогсоосон хэмээгээд цаашид үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан бусад зээлүүд зогсох эрсдэл үүсч байна гэлээ.
Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гараагүй байсан бол сар бүр 1376-1845 өрх, жилд дунджаар 16-22 мянган өрх шинээр орон сууцтай болох, дундаж давхаргын хуримтлал жилд 84-100 тэрбум төгрөгөөр өсөн нэмэгдэх боломжтой байлаа хэмээн мэдээлэлдээ дурдсан. Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Ө.Энхтүвшин, З.Баянсэлэнгэ, Д.Ганхуяг, Ц.Нямдорж нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Ц.Баярсайхан, С.Дэмбэрэл, Д.Ганхуяг, З.Баянсэлэнгэ, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Д.Ганбат нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Санал хэлсэн гишүүдийн олонх үүсээд буй асуудлыг шийдвэрлэхийн тулд хуульд ямар өөрчлөлт оруулах талаар судлах ажлын хэсгийг байгуулах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Ингээд гишүүдийн саналаар Хууль зүйн байнгын хороотой хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тогтлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.