Харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэлээ
Санхүүгийн салбарын тогтвортой байдалд төр, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааны тууштай бодлого чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо өнөөдөр Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч мэргэшсэн брокеруудын нэгдсэн холбоо болон Биржийн зохицуулах зөвлөлийн ажлын албатай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Гурвалсан санамж бичгийг байгуулснаар санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, санхүүгийн зах зээлийг тэлэх болон хөдөө аж ахуйн чиглэлээр төрөөс баримталж буй бодлоготой уялдуулан салбарын хөгжил, дэвшил, тогтвортой байдлыг дэмжсэн бизнесийн таатай орчинг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ нийгэмд хөдөө аж ахуйн биржийн арилжааны орчны үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Мөн Хорооны зүгээс санхүүгийн зах зээлийн оролцогчидтой хамтран ажиллах механизмыг шинэчлэн сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг үр өгөөжтэй бөгөөд шийдвэр гаргах үйл явцад бодитой оролцох оролцоог нь хангасан хэлбэрийг бий болгон хөгжүүлэхийг зорьжээ. Мөн Хорооны зарим эрх, үүргийг холбоо руу тодорхой үе шаттайгаар шилжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох, харилцан мэдээлэл солилцож, нэгдмэл сонирхолтой хамтын ажиллагаа, уялдаа холбоог хөгжүүлэх явдал юм. Тухайлбал, энэхүү санамж бичгийн хүрээнд биржийн арилжааны мэргэжлийн оролцогчдод эрх олгох сургалтыг зохион байгуулах асуудлыг холбоонд шилжүүлэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгох ажлын хүрээнд Хорооноос боловсруулж буй журам, заавруудад санал авч, зарим бодлогын баримт бичгийг хамтран гүйцэтгэхээр төлөвлөжээ.