8 хувийн зээлийг зогсоочихоод, урьдчилгаа 10 хувийг эхлүүлнэ гэдэг үлгэр
Монгол хүний эрх ашиг хойш шидэгдэж, улс орны эдийн засаг цөөн хэдэн бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхолд хүлэгдээд удаж байна. Орон сууцны 8 хувийн зээлийг зогсоосон арилжааны банкны холбооны үйлдэл бол үүний нотолгоо. Чоно борооноор гэгч л үйл явдлыг банкныхан гаргачихсан. Өөрт хамааралгүй шийдвэрийг өөрийн эрх ашгийн тулгуур мэт тунхаглан зарлаж банкны эрсдэл гэсэн үгээр халхавч хийж 8 хувийн зээлийг олгохгүй гэх ҮГСЭН ХУВИЛДАХ аргыг хэрэглэв бололтой. Өнөөх өрсөлдөөн гэгч зүйл яг одоогоор манай банкны салбарт алга. Харин ч холбоонд нэгдсэн гэх үгээр давуу байдлаа ашиглан өөрсдийн эрх ашгийг хамгаалж байна. Тэдэнд түмний эрх ашиг огт хамаагүй.
8 хувийн зээл нь зогсчихсон байхад Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нь урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох санамж бичигт гарын үсэг зураад сууж байна. Өнөөх санамж бичиг нь хэзээ, хэрхэн яаж хэрэгжих тухай ойлголт алга. Голомт банк л 900 гаруй иргэнд 10 хувийн урьдчилгаатай зээл олгоно гэв. Хэзээ? Хариулт байхгүй.
2012 онд МАН засаг барьж Сү.Батболдын тэргүүлсэн засгийн газар 6 хувийн орон сууцны зээл гэгчийг гаргаж жинхэнэ утгаар нь барилгын салбарт хөөсрөлтийг бий болгосон. Тэд зөвхөн олон нийтэд таалагдах гэсэн муйхарлал нь олон залуу гэр бүлийн мөрөөдлийг хэдэн шатаар өндөрт өсгөчихсөн билээ.
2016 онд 4 жилийн өмнөх үйл явдал яг л давтагдах гээд байх шиг. Ард олны төлөө гэсэн лоозонтой ч хачир дээрээ арилжааны хэдэн банк, барилгын компаниудын эрх ашгийг хамгаалсан үйлдэл хийх гэж байна. Үүний горыг ард олон л амсах вий.
Цагаа олоогүй улс төржилт эдийн засагт ямар том хохирол авчирч, иргэдийн амьдралд хэрхэн хүндээр тусч болдог вэ? гэдгийг олон удаа харсан. Бас ойлгосон. Иймээс эрхэм улс төрчдийн хэтийсэн тэнэглэлд цэг тавих цаг болжээ. 10% урьдчилгаа төлбөр нь өнөөдөр тогтсон орон сууцны үнийг хөөргөхгүй. Бас ард олныг чирэгдүүлэхгүй гэсэн баталгааг олж харахгүй л байна шүү.