Иргэдийн төгрөгийн хадгаламж 16 хувиар өсч, 4 их наяд төгрөгт хүрчээ

2015 оны 11 сарын 02

Иргэдийн хуримтлалын идэвх нэмэгдэж нийт хадгаламжийн хэмжээ өссөөр байна. Есдүгээр сард нийт хадгаламж өмнөх сараас 0.8 хувиар, харин өнгөрсөн оны мөн үеэс 4.4 хувиар өсч, 7.2 их наяд төгрөгт хүрсэн тухай Монголбанкнаас мэдээллээ.

Задлаад харвал аж ахуйн нэгж байгууллагуудын төгрөгийн хадгаламж өнгөрсөн оны мөн үеэс 39 хувиар буурсан бол иргэдийн төгрөгийн хадгаламж 16.8 хувиар өсч, 4.1 их наяд төгрөгт хүрчээ. Хэдийгээр эдийн засгийн өсөлт саарч байгаа ч тоон үзүүлэлтээр иргэдийн төгрөгийн хадгаламж нэмэгдэж байгаа нь төгрөгийн өгөөж өндөр байгааг харуулж байна.

Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх С.Болд энэ оны эхээр ердөө жил хагасын дотор хуримтлал хийдэг өрхийн тоо 66 мянгаас давсан тухай онцолж байсан юм. Монгол Улс хэрэглээнд суурилсан эдийн засгаас хуримтлалд суурилсан эдийн засагт шилжиж уул уурхайн салбарт тулгуурлаж байгаа бүтцийг шинэчлэн бусад салбарт төрөлжүүлэх бодлогыг чухалчилж байна.

Энэ үеэр үндэсний хуримтлалын тогтолцоог бодлогоор бүрдүүлэх шаардлагатайг шинжээчид хэлж байгаа юм. Төгрөгийн болон валютын хадгаламжийн жигнэсэн дундаж хүү өмнөх жилээс өсөлттэй байгаа нь хуримтлал үүсгэхэд таатай нөхцөл бүрдэж байгааг харуулж байна.

Тухайлбал төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү өнгөрсөн оны мөн үеэс 0.1 нэгж хувиар өсч, 13.1 хувь байгаа бол валютын хадгаламжийн жигнэсэн дундаж хүү өмнөх оны мөн үеэс нэг нэгж хувиар өсч, жилийн 6.5 хувь болсон байна. Ялангуяа гадаад валютын ханш өсөлттэй байгаа сүүлийн нэг жилд гадаад валютын хадгаламжийн хэмжээ 19.3 хувиар өсч, хоёр их наяд 95 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.

Хадгаламжийн даатгалын тухай хууль батлагдсанаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд 20 хүртэлх сая төгрөгийн харилцах болон хадгаламж даатгалтай буюу баталгаатай болсон байна. Ингэснээр иргэдийн банкинд итгэх итгэл нэмэгдэж хуримтлалаа тогтмол бүрдүүлэх таатай боломж бүрдсэнийг салбарынхан онцолж байгаа юм.

Хадгаламжийн даатгалын корпорацийн онцолсноор нийт хадгаламж эзэмшигчдийн 98 хувь нь 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай байдаг. Өөрөөр хэлбэл хадгаламж эзэмшигчид бүгд даатгагдсан байна. Хууль батлагдан хэрэгжиж эхэлсний дараа 2013 онд 6.4 их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан хадгаламжийн хэмжээ нэг жилийн дотор нэг их наяд төгрөгөөр нэмэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26124
0 эможи
keyboard_arrow_up