Арилжааны банкууд есдүгээр сард 1334 иргэнд 78.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ

2015 оны 10 сарын 29

Арилжааны банкууд есдүгээр сард 1334 иргэнд 78.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон гэж Монголбанкнаас мэдээллээ. Ингэснээр ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 3.3 их наяд төгрөг болоод байгаа бөгөөд ипотекийн зээлийн жилийн өсөлтийн хурд саарсаар байгаа аж.

Есдүгээр сард олгосон ипотекийн зээл наймдугаар сараас 28.5 хувиар өссөн ч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15 хувиар буурсан байна. Шинээр олгосон зээлийн 75.2 хувь нь буюу 58.8 тэрбум төгрөг нь найман хувийн зээлийн эх үүсвэрээс олгогдсон бол үлдсэн 19.4 тэрбум төгрөг нь банкуудын өөрийн эх үүсвэрээс олгосон зээл байжээ.

Ипотекийн зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн зээлийн хувь харьцангуй бага байна. 2015 оны есдүгээр сарын байдлаар ипотекийн зээлийн 2.1 хувь нь хугацаа хэтэрсэн, 0.6 хувь нь чанаргүй зээл байгаа ажээ. Ийнхүү энэ оны эхний гурван улирлын байдлаар 74 мянга 848 иргэн ипотекийн зээл авснаас 53.6 мянган иргэн "Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр"-ийн буюу найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдсан байна.

Зээлийн хугацаагаар нь ангилан харвал нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн дийлэнх нь буюу 68.2 хувь нь 16-20 жилийн хугацаатай олгогдсон байна. Харин 2.1 хувь нь хамгийн бага хугацаатай буюу 1-5 жилийн хугацаатай олгогджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26068
0 эможи
keyboard_arrow_up