Азийн хөгжлийн банк 290 сая ам.долларын хөрөнгө оруулна
Азийн хөгжлийн банк энэ онд манай улсад хэрэгжүүлэх 290 сая ам.долларын тусламжийн хөтөлбөрөө баталгаажууллаа.
Засгийн газартай хэлэлцсэний дагуу юуны түрүүнд ажлын байрыг шинээр нэмэгдүүлэх салбарт, ялангуяа жижиг, дунд үйлдвэр, хөдөө аж ахуйн бизнест хөрөнгө оруулахаа тус банкныхан тодотголоо.
Тэрчлэн Монголын компаниудыг экспортын зах зээлд хөл тавихад нь дэмжлэг үзүүлэх тухайгаа Азийн хөгжлийн банк албан мэдэгдэлдээ тодотгожээ. Тухайлбал, бүтээгдэхүүний эрүүл ахуй болоод үйлдвэрүүдийн ариун цэврийн стандартыг дээшлүүлж чадвал хилийн чанад дахь зах зээлд хорио цээргүй, чөлөөтэй нэвтрэх боломжтой болно хэмээн тус банкныхан тайлбарлажээ.
Харин эдийн засгийн сулрал, төсвийн дарамтын тухайд, Засгийн газрын зүгээс эмзэг давхаргынханд үзүүлж буй тусламжийг үргэлжлүүлэхийн тулд Азийн хөгжлийн банк нийгмийн халамжийн салбарт дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн байна. 2015 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөртөө мөн аялал жуулчлалын салбарын анхны төслийг Хөвсгөл аймагт хэрэгжүүлэх болжээ.
Эдгээр шинэ хөрөнгө оруулалтыг нэмснээр Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж буй тусламж, дэмжлэгийн дүн 698 сая ам.долларт хүрэх гэнэ. Үүний 18 нь зээл бол буцалтгүй тусламжийн ес, техникийн туслалцааны 30 төсөл бий аж. Одоогийн байдлаар тус банк Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх, цэвэр, бохир усны шугам сүлжээ, алслагдсан баруун аймгуудыг олон улсын стандартын авто замаар холбох, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах зэрэг чиглэлээр төсөл хэрэгжүүлж байгаа юм. 2014 онд Азийн хөгжлийн банк Монголд 218.8 сая ам.долларын хөрөнгө оруулсны 168.5 сая нь Засгийн газрын зээл, 40 сая нь бусад хэлбэрийн зээл. Тэрчлэн 10.31 сая ам.долларын дүн бүхий техникийн тусламжийн 15 төсөл хэрэгжүүлсэн байна.