Монголбанк, Японы төлбөрийн картын үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын компанитай хамтран ажиллана
Монгол улсын нутаг дэвсгэрт JCB төлбөрийн картыг Монголбанкны “Банк хоорондын төлбөрийн картын нэгдсэн сүлжээ”-гээр 2013 оноос эхлэн банкууд өөрийн сүлжээнд хүлээн авах боломжтой болсон. Одоогоор картын үр дүнгийн тооцооллыг карт хүлээн авагч банкууд Худалдаа хөгжлийн банкаар дамжуулж гүйцэтгэдэг.
Монгол-Японы худалдааны харилцаа тэлж, хоёр орны хооронд зорчих жуулчдын тоо өсч байгаа тул манай банкуудад JCB нэрийн картыг дангаар нь болон төгрөгийн карт (Т карт)-JCB хосолсон карт гаргах сонирхолтой болж, тухайн картын нэгдсэн гарцтай болох саналыг Монголбанкинд дэвшүүлж байжээ.
Үүнтэй холбоотойгоор Монголбанк, Японы төлбөрийн картын үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын компанийн хооронд карт гаргах бизнест зориулсан “Системийн сүлжээ байгуулах гэрээ”-г өчигдөр байгууллаа. Гэрээнд Монголбанкийг төлөөлж Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар, Японы төлбөрийн картын үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын компанийг төлөөлж тус компанийн Ерөнхийлөгч Оремицу Санномия нар гарын үсэг зурсан юм.
Нэгдсэн сүлжээ бий болсноор банкуудад карт гаргах ижил боломж олгож, холболтын нэмэлт зардалгүйгээр JCB төлбөрийн картыг гаргах, үйлчилгээний урсгал зардлаа хуваан төлж, гадаад оронд зорчих тэдгээр банкуудын харилцагч Монгол Улсын иргэдэд олон улсын JCB картын өргөн сүлжээг ашиглан төлбөр тооцоогоо түргэн шуурхай гүйцэтгэх бололцоо нээгдэж байгаа юм.
Төлбөрийн картын үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын компани /JCB International Co., Ltd/ нь 1981 онд байгуулагдсан, дэлхийн 190 улс, бүс нутагт үйл ажиллагаа эрхлэх эрхтэй, 20 гаруй оронд салбар төлөөлөгчийн газартай, олон улсад 350 гаруй хамтран ажиллагч түнш байгууллагуудтай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүнд бүхий төлбөрийн картын үйл ажиллагаа эрхлэгч байгууллага юм.