Хүртээмжтэй даатгалын олон улсын форум Монгол улсад анх удаагаа зохион байгуулагдаж байна

2014 оны 4 сарын 16

Өнөөдөр Бест Вестерн Примьер Туушин зочид буудлын хурлын танхимд 9 цагаас эхэлсэн “Хүртээмжтэй даатгал  2014” олон улсын форумд Энэтхэг, Бангладеш, Филиппин, Өмнөд Солонгос, Хятад, Хонконг, Япон, Тайвань зэрэг орны даатгалын чиглэлээр мэргэшсэн олон улсад нэр хүндтэй экспертүүд болон даатгалын

 

салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоодын байгууллага, компаниудын 200 орчим төлөөлөгч цугларсан байна. 

Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ), НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн (НҮБХХ)  Люксембургийн Засгийн газрын санхүүжилтээр хамтран хэрэгжүүлж буй  “Бичил даатгалын зах зээлийн  чадавхийг бэхжүүлэх төслийн” (2009-2014) хүрээнд зохион байгуулж буй  тус форум нь манай улсын даатгалын салбарт анх удаа болж байгаа бөгөөд Монгол улсад  даатгалын салбар үүсэн хөгжсөний 80 жилийн ой,  Санхүүгийн салбарын зохицуулах байгууллага  үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой тус тус тохиож байгаа түүхэн тэмдэглэлт 2014 онд энэхүү олон улсын форум болж байгаа онцлогтой.  Форум 2014 оны 4 дүгээр сарын 16 -17-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Даатгалын салбарын хөгжил, ололт амжилтыг танилцуулах,  тулгамдсан асуудлууд,  шийдвэрлэх арга замыг хэлэлцэхийн зэрэгцээ хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэх талаар бусад улс орны мэдлэг, мэдээлэл, туршлагыг сонсох,  иргэн бүрт даатгалын үйлчилгээг хүргэж, даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх бодлогыг боловсронгуй болгох талаар санал бодлоо солилцох боломж олгох зорилготой тус форум даатгалын зах зээлийн хөгжлийг шинэ түвшинд гаргах чухал алхам  гэж зохион байгуулагчид үзэж байна. Даатгалын зах зээлд шинэ урсгал, үзэл баримтлал бий болж байгаа нь өнөөгийн онцлог бөгөөд шинээр үүсч бий болж буй хөгжлийн эдгээр чиг хандлага нь Монгол Улсын даатгалын салбарт шинэ боломжуудыг нээж өгөх боломжтой гэнэ.

Дэлхийн хэмжээнд даатгалын салбарын өсөлт сүүлийн арав орчим жилийн хугацаанд саарч, үндсэндээ зогсонги байдалтай байна. Дэлхийн хүн амын дийлэнх хэсэг болох, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрх гэр, иргэд нь тэдний өдөр тутмын амьдралд учирч  болзошгүй томоохон эрсдэлээс хамгаалах даатгалд хамрагдах боломжоор хязгаарлагдмал байсаар байна. Эдгээр зорилтот бүлгийн иргэдийн санхүүгийн хэрэгцээг хангах, даатгалд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх үүднээс тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн бичил даатгалын бүтээгдэхүүнийг  зах зээлд  нэвтрүүлж,  хөгжлийн явцад боловсронгүй болгож ирсэн нь даатгалын зах зээлд томоохон амжилтыг авчирсан. Хүн амын дунд дийлэнх хэсгийг эзэлдэг бага, дунд орлоготой иргэд даатгалд хамрагдах боломжтой, иргэн бүрт хүртээмжтэй байх даатгалыг “хүртээмжтэй даатгал” хэмээн томъёолдог.

Форумд гадаад, дотоодын мэргэжилтэн, гадаадын даатгалын байгууллагын төлөөлөгчдийн даатгалын өргөн хүрээг хамарсан сэдвээр тавигдах илтгэл,  мэдээлэлтэй танилцаж,  нээлттэй хэлэлцүүлэгт өргөнөөр оролцох, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мөн бизнес харилцаагаа өргөжүүлэх, харилцан туршлага солилцох боломжтой.  Илтгэлийн сэдвүүд дараахь хүрээг хамарч байна.

  • Монгол Улсын эдийн засгийн хөгжилд даатгалын гүйцэтгэх үүрэг,  ач холбогдол
  • Иргэдийн  амьдралын баталгааг сайжруулахад даатгалын гүйцэтгэх үүрэг
  • Даатгалын тогтвортой тогтолцоог бий болгоход шаардагдах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх ба  зохицуулагчийн  үүрэг
  • Хүртээмжтэй даатгалын  тогтвортой тогтолцооны хөгжлийн арга зам
  • Даатгалын салбарт шаардагдах мэдлэг, ур чадвар
  • Монголын даатгалын зах зээлийн хөгжлийг дэмжих боломжууд
  • Эрсдэлийн удирдлагыг дэмжих даатгалын хэрэгслүүд
  • Хүн амын нийгмийн эмзэг бүлэгт зориулсан даатгалын бүтээгдэхүүн  зэрэг сэдвээ илтгэл танилцуулна.

Форумын үеэр үндэсний даатгалын компаниуд, мэргэжлийн холбоод даатгалын үйл ажиллагаа болон бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах үзэсгэлэн зохион байгуулж байна.  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1579
0 эможи
keyboard_arrow_up