Мoody's агентлаг ХААН Банкны зээлийн багцыг эрсдэл багатай гэж дүгнэлээ

2014 оны 12 сарын 03

Улс орнуудын Засгийн газар, банк санхүү болон бизнесийн байгууллагын зээлжих зэрэглэлийг  тогтоодог олон улсын нэр хүнд бүхий Мoody's, Standard&Poor's, Fitch Ratings гэсэн гурван байгууллага байдаг. Эдгээр байгууллагаар үнэлгээ хийлгэснээр бусад ижил түвшний эдийн засгийн хөгжилтэй орнуудын төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниуд болон байгууллагуудтай өөрийн байгууллагаа харьцуулан аль түвшинд байгаагаа мэдэх боломжтой.

 

2014 онд Мoody's манай улсын гурван банкинд үнэлгээ хийж, ХААН Банкны зээлжих зэрэглэл “B2”-г хэвээр үлдээснээр Монгол улсынхаа зээлжих зэрэглэлтэй адил үнэлгээтэй ганц арилжааны банк болж байна.
 
Гадаадын хөрөнгө оруулалт буурсан, эдийн засгийн өсөлт саарсан, гол түүхий эд болох нүүрсний үнэ түүхэн доод түвшин рүүгээ уруудсан, уул уурхайн салбар унтаа хэвээр, засаг нь тогтвортой биш ийм үед зээлжих зэрэглэл буурахгүй байна гэдэг том үзүүлэлт юм. Учир нь Мoody's агентлаг банкны зээлжих зэрэглэлийн үнэлгээг гаргахдаа тухайн банкуудын үйл ажиллагаа явуулж буй улсынх нь эдийн засаг, бизнесийн орчинг голчлон анхаардаг. Тодруулж хэлбэл үнэлгээ гаргаж буй хүчин зүйлсийн 70 хувь нь тухайн банкны үйл ажиллагаа явуулж буй улсын эдийн засаг, зах зээлээс нь хамаардаг байна. Харин үнэлгээний үлдсэн 30 хувь нь тухайн банкны өөрийнх нь санхүүгийн үзүүлэлтээс шалтгаалдаг байна. Тухайн байгууллагын санхүүгийн үзүүлэлт нь хичнээн сайн байсан ч улсынх нь үнэлгээ сайн биш бол тухайн улсын зээлжих зэрэглэлээс дээгүүр үнэлгээ авах боломж бага байдаг. Мoody's агентлаг банкны ашигт ажиллагаа, хөрвөх чадварын харьцаа, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, үр ашигт байдал болон хөрөнгийн чанар зэрэг үндсэн санхүүгийн тоон үзүүлэлтүүдийг онцлон дээрх үнэлгээг ХААН Банкинд өгсөн байна.
 
ХААН Банкны хувьд салбар нэгжийн өргөн сүлжээтэй, Монгол улсын нийт айл, өрхийн 80 гаруй хувьд хүрч үйлчилгээ үзүүлдэг тул тогтвортой эх үүсвэр болох хадгаламж татах илүү боломжтой байдаг нь үнэлгээнд эерэгээр нөлөөлөх гол хүчин зүйл болсон байна.
 
Мөн Мoody's агентлаг ХААН Банкыг зээлийн багцынхаа 60 гаруй хувийг иргэд болон жижиг дунд бизнесүүдэд олгосон нь зээлийн багцын эрсдэлийг бага түвшинд байлгах давуу тал болсон гэж дүгнэжээ. Нэг хоёрхон бизнесийн секторыг дагнан зээл олгож, төвлөрлийг өндөр байлгах тусам зээлийн эрсдэл нэмэгддэг бөгөөд үнэлгээний агентлагууд энэ үзүүлэлтийг зээлийн багцын эрсдэлийг дүгнэх нэг чухал үзүүлэлт болгон хардаг байна.
 
Гэхдээ үнэлгээ хийлгэсэн гурван банкны тухайд зээлийн чанар буурч буй хандлага ажиглагдаж байна гэсэн агуулгатай өгүүлбэр Мoody's агентлагийн дүгнэлтэд байгааг анзаарахгүй орхиж болохгүй. Санхүүгийн хамгийн гол үзүүлэлт бол тогтвортой өсөлт гэж зээлжих зэрэглэлийг тогтоодог үнэлгээний агентлагууд онцолдог. Мoody's агентлагийн шинжээчид ХААН Банкинд ашигт ажиллагаа нь тогтмол, тогтвортой өсч байгаа гэсэн дүн тавьжээ. Ашигт ажиллагаа огцом өсч, буурах нь бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг гэж үздэг байна.
 
Тус банкны Хөрөнгө оруулалтын банкны газрын Ахлах мэргэжилтэн Б.Болортуяа “Өнөөдөр банкуудын санхүүгийн тайлангийн тоон үзүүлэлтээс хараад тухайн банкны үйл ажиллагаа, найдвартай байдлыг үнэлэх нь өрөөсгөл юм. Иймд хүмүүс мөнгөө итгэн хадгалуулах банкаа сонгохдоо тухайн банкны санхүүгийн үзүүлэлтээс гадна харилцагчдын мөнгөн хөрөнгийг тухайн эдийн засгийн нөхцөл байдалд уялдуулан хир зохистой удирдаж байгаа, эрсдэлийг бага түвшинд байлгах ямар бодлого барьж ажиллаж байгаа зэргийг харьцуулан харах хэрэгтэй. Мoody's агентлагийн үнэлгээний хувьд чанарын болон тоон үзүүлэлт нь ямар байгаа вэ гэдгийг нэгтгэн харуулдгаараа чухал ач холбогдолтой.” гэж онцоллоо.
 
Мoody's агентлагаас сайн үнэлгээ авсан банкны хувьд харилцагчдынх нь итгэл батжих сайн талтай. Олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд хөрөнгө босгох гэж хандсан банкны нэг л зүйлийг эхлээд хардаг бөгөөд тэр нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний агентлагуудаар үнэлүүлсэн эсэх, ямар үнэлгээ авсан зэрэг юм. Тэдний хүлээн зөвшөөрдөг үнэлгээний агентлагуудын нэгд Мoody's зүй ёсоор багтдаг юм.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13109
0 эможи
keyboard_arrow_up