Найдваргүй зээлдэгч гэх тодотгол иргэдэд ял болж байна
Төрөөс ард иргэддээ зориулж өнгөрсөн жилээс орон сууцны ипотекийн зээл хэрэгжүүлж эхэлсэн. Одоогийн байдлаар энэхүү зээлд 34 мянга 567 иргэн хамрагдаж, цаана нь зээл авах сонирхолтой 200 мянган иргэн байгаа гэдгийг нийслэлээс мэдэгдсэн. Уг нь иргэн бүр орон сууцтай болохыг хүсч байгаа ч зарим нь аар саархан зүйлээс болж хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чадахгүй байгаа юм. Тодруулбал өмнө нь ямар нэг төрлийн зээл авчихаад эргүүлэн төлөхдөө хоног алдсанаас үүдэн “Хугацаа хэтэрсэн” зээл гэдэг заалтаар зээлийн мэдээллийн санд бүртгэгдсэн тул ирээдүй нь ийн бүрхэг болж буй хэрэг.
Түүнчлэн энэхүү мэдээллийн сангаас тухайн иргэний зээлтэй эсэх, өмнө нь хэр зэргийн найдвартай зээлдэгч байсан гэх зэрэг мэдээллийг авдаг бөгөөд зээлээ төлөхгүй “зугтсан” тухай нь ч бүртгэсэн байдаг.
Энэхүү санд ямар нэгэн байдлаар “хар” мөр үлдээсэн л бол дахин зээл авах боломжгүй болдог. Хамгийн хачирхалтай нь зээлээ төлөхгүй гурав хоног өнжсөн хүн, гурван сар зугтаасан иргэнтэй адилхан шийтгэл хүлээж, дахин зээл авах боломжгүй болоод байна.
Хэдийгээр хугацаа хэтэрсэн зээл гэж цоллогдож байгаа ч иргэн гурав хоног хэтэрсэн хугацааныхаа хүүг алдагдалтай нь төлдөг. Гэхдээ бус үйлдлийн бурууг арилжааны банкууд, Төвбанкнаас хайх хэрэггүй. Яагаад гэвэл тэд хууль, журмын дагуу л үйл ажиллагаагаа явуулж байгаа. Харин асуудлын гол нь Зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд байгаа юм.
2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн уг хуульд сүүлчийн зургаан жилийн мэдээллийг харуулахаар хуульчлагдсан. Одоо Төвбанкинд байршиж буй Зээлийн мэдээллийн сангийн гол зорилго нь зээлийн мэдээллийг бүртгэх. Иргэн, компани, байгууллага хэдэн төгрөгийн зээл авсан, зээлээ хугацаанд нь төлсөн эсэх гэх мэт бүх мэдээлэл энэ санд бий.
Тэгэхээр хаана ийнхүү маргаан үүсээд байна вэ гэхээр Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1.2-т “Зээлдүүлэгч нь зээлийн эрсдэлийг үнэлэх зорилгоор зээлийн мэдээллийг авч ашиглах” гэсэн заалт бий. Банк, банк бус санхүүгийн байгууллагууд иргэн, аж ахуйн нэгжүүдэд зээл олгохдоо уг заалтыг баримталж зээл олгох эсэхээ, олговол хэдэн хувийн хүүтэй олгох зэргээ шийддэг. Харин тухайн зээл хүсэгч нь Зээлийн мэдээллийн санд ямар нэгэн байдлаар тааруухан үзүүлэлттэйгээр тэмдэглэгдсэн байвал “баяртай” болно гэсэн үг.
Тиймээс иргэдийн дунд хар данстай нөхөр олон байгаагаас орон сууцны зээлд хамрагдах нөхцөл нь дуусгавар болоод байгаа юм. Мэдээж зээлийн нэг удаагийн төлөлтөө хоцроосноос болж зургаан жил банкны хар дансанд бүртгэлтэй байхыг хэн л хүсэв гэж. Гэхдээ ганц удаагийн төлөлтөө хоцроосон хүн, 3-4 сар, жил зээлээ төлөхгүй бултсан этгээдтэй адил хэмжээгээр “шийтгүүлж” байгаад иргэд бухимдаж байгаа хэрэг. Үнэн хэрэгтээ иргэдийн ихэнх нь цалингийн болон лизингийн зээлтэй байдаг. Гэтэл байгууллага нь цалинг нь хугацаанд нь олгоогүйгээс дахин зээл авах боломжоо зургаан жилээр хасуулахад хүрдэг.
Энэхүү асуудлыг эргэн харж, тодорхой хэмжээгээр өөрчлөлт оруулах нь үнэнд нийцэж бизнесийн зээлдэгчид ч гэсэн алдаагаа засах, зээлийн түүхээ өөрчлөх боломжийг нээж өгөхийш иргэд хүсч буй юм. Өөрөөр хэлбэл Зээлийн мэдээллийн санд бүртгэгдсэн алдаанаас нь шалтгаалж, “шийтгэлийн” хугацааг нь тооцох хэрэгтэй.
Зээлийн түүхээ засахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгжүүд ийм шаардлага биелүүлсэн байх ёстой гэх мэтээр нарийн зүйлсийг хуульд тусгаж өгөөгүйгээс банкууд ямар ч хугацаа, бодит байдлыг харж үзэлгүйгээр хөнгөлөлттэй зээл, бизнесийн зээл олгохоосоо татгалзаж байна. Энэ байдлаараа удаан хугацаанд үргэлжилвэл эдийн засагт гялтайж буй банкны салбараа татаад унагачихаж мэднэ. Өөрөөр хэлбэл иргэдийн хадгаламж дахь мөнгийг өндөр хүүтэйгээр зээл олгож ашиг олдог энэ салбарыг банкнаас зээл авч буй иргэд, аж ахуйн нэгжүүд үндсэндээ тэтгэдэг. Хэрвээ найдваргүй зээлдэгч гэсэн шалтгаанаар хүн бүрийг цааш нь түлхээд байвал төд удалгүй энэ салбар элгээрээ хэвтэж мэдэх нь.
2013 оны жилийн эцсийн статистикаар хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оныхоос 7.6 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарч байсан. Харин банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл өнгөрсөн онд 566 тэрбум төгрөг болсон нь 2012 онтой харьцуулахад 270.9 тэрбум төгрөг буюу 91.8 хувиар өссөн байна.
Мэдээж энэ хэмжээг цаашид нэмэгдүүлэхгүйн тулд найдваргүй зээлдэгчдэд хэмжээ хязгаар тогтоох нь зүйтэй. Гэвч нөгөө талаараа иргэд хувийн өмчтэй болох, өрхийн үйлдвэрлэл эрхлэх, аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэл эрхлэх, ажлын байр нэмэгдүүлэх гэхчлэн банкнаас бүх төрлийн зээл авдаг. Зарим нэг эрсдэлийг тооцоогүйгээс алдаа гаргаж, Зээлийн мэдээллийн сан дахь түүхээ харлуулах нь өнөөгийн нийгэмд хэвийн үзэгдэл болсон. Тэр тусмаа эдийн засгийн нөхцөл байдлыг хууль санаачилж, батлагч улстөрч, эдийн засагчид ч тодорхойлж чадахааргүй болсон. Тэр ч утгаараа зээлийн эрсдэл улам бүр нэмэгддэг. Тиймээс зээлдэгчдийг нүх рүү түлхэж байгаагаас өөрцгүй гэмээр Зээлийн мэдээллийн санг эргэн нэг харах хэрэгтэй мэт санагдаж байна. Өөрөөр хэлбэл найдваргүй зээлдэгч гэх тодотгол иргэдэд ял болж байна. Уг нь Эрүүгийн хуулиар хүнд хөнгөн гэмт хэрэгтэнд зааг ялгаатай ханддаг шиг, зээлийн мэдээллийн сан дахь хөнгөн алдаануудыг засах боломжийг нээж өгмөөр байна. Эс тэгвээс үндэсний баялаг бүтээгчдийн гар мухардаж, иргэдийн үл хөдлөх хөрөнгөөр дамжуулан хуримтлалтай болох мөрөөдөл үгүй болох нь ээ.