Манай улс бизнес эрхлэх орчноор тааруу үнэлгээ авчээ
Дэлхийн банкнаас улс орнуудын бизнес эрхлэлтийн орчинд үнэлэлт дүгнэлт өгдөг “Doing business 2015” тайлангаа өнөөдөр танилцууллаа.
Уг тайланг улс орнуудын бизнес эрхлэх орчин нөхцөлийг тодорхойлоод зогсохгүй өмнөх жилээс ахиц дэвшил гарсан эсэх, юунд алдаж, ямар амжилт гаргасныг ч үнэлж дүгнэдэгээрээ онцлог юм.
Энэ удаагийн тайланд нийт 123 орон хамрагдсан бөгөөд олон улс орон бизнесийн орчинг сайжруулахад чиглэсэн 2400 саад тотгорыг хялбаршуулжээ.
Харин манай улсын хувьд бизнес эрхлэлтийг үнэлдэг нийт 10 үзүүлэлтээр олгодог 100 онооноос 72 оноо авсан байна. Энэ нь бүс нутгийн дундаж үзүүлэлт /92/-ээс доогуур дүн авсан гэсэн үг юм.
Манай улс гадаадын хөрөнгө оруулагчдын хамгаалал болон татвар хураалтыг хялбаршуулан цахим хэлбэрт шилжүүлсэн, барилгын зөвшөөрөл олгох хугацааг богиносгож, хүнд суртлыг бууруулсан зэрэг эерэг үзүүлэлтээр оноогоо өмнөхөөсөө ахиулжээ. Гэвч хил дамнасан худалдаа, цахилгаан эрчим хүчний хангамжаар тун тааруу үнэлгээ авсан байна.
Энэ жилийн хувьд Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг дотроо бизнес эрхлэлтийг хамгийн сайн хялбаршуулсан орноор Сингапур шалгарчээ. Харин дэлхий нийтийн хэмжээний “ТОП-10” улсад Шинэ Зеланд, Хонконг, Денмарк, БНСУ, Норвеги, АНУ, Их Британи, Финлянд, Австрали улсууд багтсан аж.