Нийслэлд өрнүүлж буй бүтээн байгуулалтын талаар Хөгжлийн банкнаас мэдээлэл өглөө

2014 оны 10 сарын 14

Эрчим хүч, барилга орон сууц, автозам дэд бүтэц, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт нийт 2,5 их наяд төгрөгийн өртөгтэй 23 багц төслийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэн нийслэл хотод хэрэгжүүлж байна. Одоогоор 1 их наяд 67 тэрбум төгрөгийг санхүүжүүлээд байна гэж “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтын үеэр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат хэллээ.

Эрчим хүчний салбарт ТЭЦ-3,4 станцуудын хүчин чадлыг өргөтгөн, Амгалангийн ДЦС барьж, Багануур ТӨХК-д технологийн шинэчлэл хийснээр нийслэлийн эрчим хүчний хангамж эрс сайжирч, цахилгаан үйлдвэрлэх өртөг буурлаа. Эрчим хүчний салбарт ийм томоохон бүтээн байгуулалт сүүлийн 25 жилд хийгдээгүй юм.

Улаанбаатар хотыг орон сууцжуулах, дэд бүтэцжүүлэхэд Хөгжлийн банкнаас хамгийн их буюу 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээс 590 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж, Байшин үйлдвэрлэх комбинатыг сэргээх, Яармаг орчмыг орон сууцжуулах төслүүд хэрэгжиж байна. Төрийн орон сууцны корпорацийн Буянт-Ухаа болон 7-р хороолол, Яармагийн гүүрний хажуугийн 1152 айлын орон сууцны хороолол, Шинэ Яармаг хороолол, түүнчлэн нийслэлийн 7 байршилд инженерийн суурь дэд бүтэц бий болгох, гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдэд хуваарийн дагуу санхүүжилт хийж байна.

Хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй “Гудамж” төслийн 33 уулзварын 20-ыг, өргөтгөж сайжруулах 21 автозамын 15-ыг нь ашиглалтад оруулсан. Нийслэл хотын дундуур тавих хурдны хоёр замын ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээг хийж дуусгаад, Туул голын даланг дагуулан барих хурдны замын инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын хоёр дахь санхүүжилтийг олгоод байна гэж Хөгжлийн банкнаас танилцууллаа. Баянзүрхийн товчооноос Яармаг хүртэл Богд уулын араар тавьсан 17,1 км, Биокомбинатаас Шувуун фабрик хүртэлх 22,5 км автозам зэрэг томоохон бүтээн байгуулалтыг Хөгжлийн банкнаас олгосон санхүүжилтаар богино хугацаанд дуусгасан юм.

Улаанбаатар хот дахь үйлдвэрлэлийг дэмжихэд зориулан Хөгжлийн банкнаас олгосон хөрөнгө оруулалтын гол хэсэг нь экспортыг дэмжиж, импорт орлох 888 төслийн санхүүжилт. Жижиг, дунд үйлдвэрлэлийн 116 төсөлд 39 тэрбум, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын 110 аж ахуйн нэгжид 140-өөд тэрбум, экспортыг урамшуулж импортыг орлох 85 төсөлд 90 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус олгожээ.

Хөгжлийн банкнаас шаардагдах аливаа ажлын санхүүжилтийг ямар нэг саадгүйгээр олгож байна гэж Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10069
0 эможи
keyboard_arrow_up