Б.Батцэрмаа: Эх баригч мэргэжлээр 17 жил ажиллахдаа нийт 11,570 хүүхдийг эх барьж авсан
Зочин:
Б.Батцэрмаа
Байгууллага:
ЭНЭҮТ-II
Албан тушаал:
Эх баригч, Төрсний дараах тасгийн арга зүйч
Ажиллах арга барил:


2023 оны 05 сарын 05

ЭНЭҮТ-II эх баригч, Төрсний дараах тасгийн арга зүйч Б.Батцэрмаатай ярилцлаа. Түүний хувьд эх баригчийн мэргэжлийг эзэмшээд 17 дахь жилдээ ажиллаж байгаа аж. Ажлын гараагаа Төв аймгийн Өндөрширээ сумын эмнэлэгт нэг жил эх баригчаар ажиллаж, үргэлжлүүлээд ЭХЭМҮТ-ийн Төрөх тасагт 15 жил эх баригч мэргэжлээрээ ажиллажээ. Ингээд 2021 оны 09 дүгээр сараас ЭНЭҮТ-II-д төрөх өрөөний эх баригчаар ажиллаж байгаад энэ оны 01 дүгээр сараас эхлэн төрсний дараах тасгийн арга зүйчээр ажиллаж байна.

Гэрэл зургийг:
Г.Санжааноров
Ярилцсан сэтгүүлч:
А.Гаукар

НЭГ.

-Юуны түрүүнд танд өнөөдөр тохиож буй “Олон улсын эх баригч нарын өдөр”-ийн мэндийг хүргэе. Та эх баригч хэмээх мэргэжлийг яагаад сонгосон бэ? Та бүхний ажиллах зарчим...

Би хүүхэд байхаасаа л эх баригч болно гэж мөрөөдөж, дурлаж явсан. Аав, ээж хоёрын зүгээс эх баригч болно гэхэд “Хоёр хүний алтан амийг хариуцдаг хэцүү ажил, миний охин чадах байх. Тэгэхдээ дэмий юм бишүү. Эм зүйч болох юм уу” гээд ямар нэгэн байдлаар өөр хүн болооч гэж зөвлөхөд нь би зөрсөөр байгаад  шалгалтаа өгч тэнцээд энэ мэргэжлийг эзэмшиж байсан. 

Айл гэрт аз жаргал бэлэглэгч бяцхан үрийг төрүүлээд, ээж нь эсэн мэнд амаржаад аз жаргалтайгаар хүүхдээ хараад нулимс нь цийлгэнээд “Баярлалаа танд” гээд хэлэх тэр мэдрэмж л хамгийн их аз жаргалыг авчирдаг болохоор энэ мэргэжлээрээ би үргэлж бахархаж, өдөр болгон л энэ мэргэжлийн эзэн нь болж яваадаа баяртай байдаг. 

-Хамгийн анхны эх барьж авсан үеэ дурсвал. Тэр цагаас хойш нийт хичнээн хүүхэд эх барьж авсан бэ? 

Дөнгөж сургуулиа төгсөөд Төв аймгийн Өндөрширээ суманд эх баригч хийж байхдаа аавынхаа талын хамаатны дүүгээ төрүүлж байсан. Хүүхэд нь яах ийхийн зуургүй л төрчихсөн. Юу болоод байгааг ч тухайн үедээ ойлгох сөхөөгүй, ямар ч байсан эх, нярай хоёрыг эсэн мэнд уулзуулж байлаа. Хамгийн анх эх барьж авсан хүүхэд маань одоо 16 настай том залуу болсон. 

Миний хувьд эх баригч болсон цагаасаа хойш эх барьж авсан бүх хүүхдүүдээ цаг, минут, секундтэй нь бүртгээд хувьдаа хадгалдаг. Өнөөдрийн байдлаар 11570 хүүхдийг эх барьж авсан байна.

Хамгийн анх “Эх баригч” мэргэжлийг эзэмшээд хэдэн хүүхэд эх барих бол гэдэг сониуч зангаасаа болж бүртгэлээ эхлүүлсэн. 

Arslan.mn

 


keyboard_arrow_up