С.МЯДАГСҮРЭН: Нэгдүгээр эмнэлэг донороос өвчтөнд ЦУСНЫ ҮҮДЭЛ ЭС шилжүүлэн суулгах эмчилгээг ЭХ ОРОНДОО нэвтрүүлэхээр ажиллаж байна
Зочин:
С.Мядагсүрэн
Байгууллага:
Улсын нэгдүгээр төв эмнэлэг
Албан тушаал:
Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэх суулгах төвийн дарга
Ажиллах арга барил:


2022 оны 04 сарын 20

Гадаадын өндөр хөгжилтэй оронд, өндөр үнэ өртөгтэй хийгддэг ауто цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг Монголд анх удаа Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэх суулгах төв, Үүдэл эс шилжүүлэн суулгах баг хийж нутагшуулсан. Тэгвэл тус төв, багаас олон жил судалгаа хийсний үндсэн дээр донороос өвчтөнд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах “Алло” эмчилгээг эх орондоо нэвтрүүлэхээр зорьж ажиллаж байна. Энэ талаар УНТЭ-ийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэх суулгах төвийн дарга С.Мядагсүрэнтэй ярилцлаа.

Ярилцсан сэтгүүлч:
Б.Намуун

НЭГ. Өнөөдрийн байдлаар 25 хүнд ауто-цусны үүдэл эс суулгах эмчилгээг хийснээс 80 хувийн үр дүнтэй болж, амьдрах хугацаа уртассан

-Улсын нэгдүгээр төв эмнэлэг цусны үүдэл эс шилжүүлэн суулгах төслийг эхлүүлэн 10 гаруй жил болж байна. Өнөөдрийн байдлаар хичнээн хүнд цусны үүдэл эс суулгасан бэ? Эмчилгээний ямар дэвшил гаргасан вэ?

-Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах төсөл 2010 онд эхэлсэн. Үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ маш нарийн, өндөр технологийн эмчилгээ ба үүнийг нэг хүн бус багаар хийдэг эмчилгээ байдаг. Тиймээс 2012 онд Ардын эмч, дэд профессор Н.Оюундэлгэр эмчээр ахлуулсан баг байгуулагдсан түүхтэй. Төслийн хүрээнд Засгийн газраас тодорхой хэмжээний санхүүжилт авсан. Энэ санхүүжилтээрээ нэгдүгээрт, Солонгос улсад эмч, мэргэжилтнүүдээ сургасан. Хоёрдугаарт, хепа-фильтр бүхий ариун өрөө тохижуулан байгуулсан. Гуравдугаарт, шаардлагатай тоног төхөөрөмж авсан. Ингээд 2014 онд БНСУ-ын Католикийн их сургуулийн Гэгээн Мария эмнэлэгтэй хамтран, Н.Оюундэлгэр эмчээр ахлуулсан баг анхны үүдэл эсийг өөрөөс нь өөрт нь шилжүүлэх буюу "ауто"-үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо хийж байлаа. 2015 оноос манай баг бие даан тус эмчилгээг хийх болсон. 

Өнөөдрийн байдлаар нийт 25 хүнд ауто-цусны үүдэл эс суулгах эмчилгээг хийсэн бөгөөд дахин нэг өвчтөн эмчилгээний шатанд явж байна. Эмчилгээ өвчтөнүүдэд 80 хувийн үр дүнтэй байгаа ба өвчтөнүүдийн биеийн байдал намжмал байдалд ороод, амьдрах хугацаа уртассан.

Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ 2 янз байдаг. Өнөөдрийг хүртэл бид өвчтөнөөс өөрөөс нь цусны үүдэл эсийг цуглуулан авч өөрт нь буцаан хийх эмчилгээ буюу “ауто” үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийдэг байсан. Гэвч энэхүү эмчилгээгээр ихэвчлэн цусны архаг хавдрыг эмчлэх боломжтой.

Тиймээс бид цусны хурц хавдрууд болон цусны бусад олон төрлийн өвчнийг эмчлэх шаардлагын хүрээнд “алло” цусны үүдэл эс шилжүүлэн суулгах буюу донороос өвчтөнд цусны үүдэл эсийг шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлэхээр зорьж ажиллаж байна.

Ингэснээрээ цусны хавдрыг эмчлэх, цаашлаад анагаах ухаан, эмнэлзүйн бусад салбарт үүдэл эсийн эмчилгээ болон бусад техник технологийг нэвтрүүлэн ажиллах боломжийн эхлэлийг тавина. Өндөр хөгжилтэй оронд хэдэн зуун сая төгрөгөөр эмчлүүлж чадахгүй байгаа Монгол иргэдийг эх орондоо эмчлэх боломжтой болох юм.

-Энэ эмчилгээг  нэвтрүүлэхэд маш олон бэлтгэл ажил шаардлагатай байх.

-Энэ чиглэлээр эмч, мэргэжилтнээ улам чадавхижуулах ажлууд тасралтгүй хийгдэж байна. Эрүүл мэндийн сайд алло-үүдэл эс шилжүүлэн суулгах ажилд анхаарал хандуулан ажиллаж байгаа. Энэ хүрээнд 1 тэрбум 300 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж өгсөн. Тус санхүүжилтээр цусны хавдартай өвчтөнүүд хими эмчилгээний үед ба дараа байрлах хепа-фильтр бүхий 9 ортой хими эмчилгээний ариун хэсгийг байгуулж байна. Ингэснээр өвчтөнийг хоёрдогч халдвараас сэргийлэх ач холбогдолтой.

Мөн үүдэл эс шилжүүлэн суулгах хэсэгт иж бүрэн засварын ажил хийгдэж, зөөврийн эхо, рентген аппарат зэрэг тоног төхөөрөмжөө сайжруулж байгаа.

Түүнчлэн өндөр нарийвчлалаар эдийн тохироог үзэх боломжтой аппаратаар хангаж байгаа. Тус аппаратын тусламжтайгаар төрлийн болон төрлийн бус донорын тохироог үзэхээс гадна цусны хавдрын оношилгоо сайжирч, генийн түвшинд оношилгоо хийгдэх боломжтой болно. 

-Ураг төрлийн бус хүн донор болоход эмнэлэг дээр донорын тодорхой хэмжээний мэдээллийн сантай байх шаардлагатай байх. Ер нь эсийн донор болох хүнд донор болсноор сөрөг үр дагавар байдаг уу?

-Донор болсон хүнд ямар нэг сөрөг урт хугацааны гаж нөлөө байдаггүй. Донорт үүдэл эсийг захын цус руу дайчилдаг тариа тарин, захын цуснаас тусгай аппаратын тусламжтай үүдэл эсийг цуглуулдаг. Үүдэл эсийн тоо хангалтай байвал шууд өвчтөндөө сэлбэдэг харин дутсан тохиолдолд хөлдөөгөөд 1-2 удаа эсийг шүүнэ. Үүдэл эсийг шүүн цуглуулснаас хойш 7-10 хоногийн дотор донорын цусны үзүүлэлтүүд хэвийн болдог. Одоо манай хамгийн ойрын зорилт бол үүдэл эсийн сантай болох юм.

-Ер нь цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ амжилттай болох магадлал хэдэн хувь  байдаг вэ?

-Орон бүрийн үзүүлэлт өөр өөр байдаг. Эмчилгээний үр дүнд маш олон зүйлс нөлөөлдөг. Тухайлбал өвчний хэлбэр, өвчтөний биеийн байдал, нас, хими эмчилгээнд үр дүн өгсөн байдал гээд олон зүйлс нөлөөлдөг.


ХОЁР. Цусны хавдрын нас баралт өндөр боловч олон улсад мөрддөг хими, бай эмчилгээнүүдийг Монгол улсад нэвтрүүлснээр өвчтөнүүдийн амьдралын чанар сайжирсан

Arslan.mn

-Танай төв цусны ямар төрлийн өвчтэй хүмүүст голчлон эмнэлгийн тусламж үзүүлдэг вэ? Жилд хичнээн хүн тусламж үйлчилгээг авч байгаа вэ?

-Манай эмнэлэг насанд хүрэгчдийн цусны хавдрын болон хавдрын бус эмгэгийн оношилгоо, эмчилгээ, тусламж үйлчилгээ үзүүлдэг улсын хэмжээний лавлагаа шатны эмнэлэг юм. Энэ төрлийн тусламж үйлчилгээг улсад ердөө хоёр эмнэлэг үзүүлдэг бөгөөд манайхаас гадна ЭХЭМҮТ нь хүүхдийн чиглэлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Харин АШУҮИС одоогийн байдлаар амбулаторын үйлчилгээ үзүүлдэг.

Манай төв амбулатор, хэвтэн эмчлүүлэх хэсэг, үүдэл эс шилжүүлэн суулгах хэсэг гэсэн 3 хэсэгтэй үйл ажиллагаа явуулж байна.

Мөн цусны үндсэн 3 эмгэгийн оношилгоо, эмчилгээг хийж байна. Үүнд: цус багадалтууд, цусны хавдрууд, цус гоожимтгой эмгэгүүд байна.   

Амбулаторт жилд дунджаар 11,000 хүн үйлчлүүлж байна. Өдөрт үндсэн цагийн 24 үйлчлүүлэгч, давтан болон бусад цагтай нийлээд хоногт 70-д хүн үзэж, 4-6 хүнд оношилгоо, хяналтын зорилгоор ясны хэмийн эдийн, эсийн шинжилгээ авдаг. Үзлэгийн 40 хувийг цус багадалтууд, 30 хувийг цус гоожимтгой эмгэгүүд, үлдсэн хувийг хавдрууд эзлэж байна. Хэвтэн эмчлүүлэх хэсэг нь 23 ортой, улсын хэмжээнд гэж тооцоход цөөн хэдий ч боломжоороо ард иргэддээ үйлчилж байна. Хэвтэн эмчлүүлэх хэсэгт жилд 1700 хүн хэвтдэг. Үүний 45-50 хувь нь цусны хавдартай байна.

-Цусны хавдар нас баралт өндөртэй өвчний тоонд багтдаг. Тэгвэл танай төвөөс энэ өвчинд эмчилгээг хэрхэн хийж байгаа вэ?

-Цусны хавдрын хувьд нас баралт өндөр боловч олон улсад мөрддөг хими эмчилгээний протокол, орчин үеийн бай эмчилгээ болон үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээнүүдийг Монгол улсад нэвтрүүлснээр өвчтөнүүдийн амьдрах хугацаа уртсан, амьдралын чанар сайжирч, дээшилж байгаа. 

Тухайлбал, цусны цочмог хавдрын нэг промиелоцитын лейкемийн үед “ATRA” эмийг эмчилгээнд хэрэглэснээр тус өвчин намжмал байдалд орон, оношлогдсоноосоо хойш 10 гаруй жил амьдарч, мөн хүүхэд төрүүлээд явж байгаа хүн хүртэл байна.

Цусны хавдрын хэлбэр болгонд өөр өөр эмчилгээ хийгддэг болохоор хими эмчилгээний хугацаа, түүнд хэрэглэгдэж буй эмийн хэлбэр, өгч буй үр дүн өөр өөр байдаг. 

-Цусны хавдрыг хэрхэн оношилож байгаа вэ? Ер нь ямар насны хүмүүс энэ төрлийн өвчнөөр өвчлөх хандлагатай байгаа вэ?

-Цусны хавдрыг оношилоход цусны дэлгэрэнгүй шинжилгээ, ясны хэмийн эсийн ба эдийн шинжилгээ, иммунфенотипийн шинжилгээ хийдэг байгаа. Иммунофенотипийн шинжилгээгээр хавдар мөн эсэх, цочмог архаг эсэхийг нь оношлоод, хэлбэрийг нь тогтоодог.

Лабораторит эсийн 20 гаруй төрлийн мутаци, гажигшлыг оношилдог. Архаг хавдарт эдийн шинжилгээ хийн, эмгэгийг илрүүлж байгаа.

Оношилоход багийн хамтын ажиллагаа маш чухал байдаг. Тухайлбал, мэс заслын багийхантай хамтраад эдийн шинжилгээгээ авдаг бол лабораторийн эмч нар авсан эдийг шинжилж, дүрс оношилгооны эмч нар хавдрын тархацыг харж өгдөг гэх мэт багийн хамтын ажиллагаа явагддаг.

Эмгэг бүрийн тохиолдох нас ялгаатай байдаг. Цочмог хэлбэрийн хавдрын лимфолейкоз ихэвчлэн 18-25 насны залуучуудад элбэг тохиолдож байхад архаг хавдар ахимаг насныханд илүүтэй тохиолддог. 

-Цусны хавдараас урьдчилан сэргийлэх арга бий юу?

-Цусны хавдрын хувьд урьдчилан сэргийлэх арга маш бага байдаг. Цусны хавдрын анхан шинж тэмдгүүд байдаг: цус багадаж толгой эргэх, хамраас цус гоожих, биеэр тууралт гарах, жижиг хөхрөлтүүд гарах гэх жишээтэй. Эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид хандах шаардлагатай. Ер нь цусны цочмог хавдрууд богино хугацаанд үүсдэг, цусны архаг хавдрууд эхэн үедээ шинж тэмдэггүй байдаг тул эрт үед нь оношлохын тулд ард иргэд маань жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдан, шинжилгээ өгч дадах хэрэгтэй. 

-Цус багадалттай гэж хүмүүс их ярьдаг мөртлөө. Яг юунаас болж үүсдгийг мэддэгүй тохиолдол их байдаг.

-Цус багадалт гэдэг бол цусны улаан эс цөөрч, эс, эд, эрхтэн хүчилтөрөгчийн дутагдалд ордог эмгэгийг хэлнэ. Гемоглобины үүсэлтэд оролцдог төмөр, фолийн хүчил, витамин В12-ын аль нэг дутагдсантай холбоотой үүсдэг. Үүний шалтгаан цус алдалт, ходоод гэдэсний замын үрэвсэл, шарх, тайрагдсан байдал гээд олон зүйл нөлөөлдөг. Цус багадалтын оношийг дан ганц зовиурт үндэслэн тавьдаггүй, эмчид зайлшгүй хандан, шинжилгээ өгч баталгаажуулах шаардлагатай. Эмчид хандан оношоо батлуулж, зөв эмчилгээ хийснээр эмчлэгдэнэ. Сургаар хийсэн эмчилгээ эрсдэл дагуулж байдаг. 

-Баярлалаа.


keyboard_arrow_up