Б.ЭРДЭНЭБУЛГАН: Элэгний В,С вирус нь ХАВДАР ҮҮСГЭХ шалтгааны 80 хувийг эзэлдэг
Зочин:
Б.ЭРДЭНЭБУЛГАН
Байгууллага:
УХТЭ
Албан тушаал:
Дүрс оношилгооны төвийн дарга
Ажиллах арга барил:


2021 оны 10 сарын 13

Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн Дүрс оношилгооны төвийн дарга, АУ-ны доктор, тэргүүлэх зэргийн эмч Б.Эрдэнэбулгантай элэгний хавдар, хавдрын өвчний үед ангиографийн аргаар судас бөглөх эмчилгээ болон түүний Монголдоо анх удаа нутагшуулсан хөхний хавдрыг соруулах эмчилгээний талаар ярилцсанаа хүргэж байна.
 

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ.

-Сайн байна уу. Таны санаачлан эхлүүлсэн эмнэлгийн дэргэдэх цэцэрлэг саяхан нээлтээ хийж хүүхдүүдээ авч эхэлсэн сайхан мэдээгээр яриагаа эхлүүлье.

-Баярлалаа. Эмнэлгийн Эрдэм шинжилгээ инноваци хөгжлийн бодлого хариуцсан дэд захирал байхдаа эмнэлэгтээ эхлүүлж байсан эмнэлгийн дэргэдэх цэцэрлэг төсөл маань энэ сараас эхлэн эмнэлгийн ажилчдынхаа хүүхдийг авч эхэлсэн. Бид бага насны хүүхдүүдтэй 350 орчим ажилчдаасаа судалгаа авахад “цэцэрлэгийн насны хүүхдээ харах асуудал нь хүндрэлтэй байна” гэсэн асуудлыг хэлсэн. Эмч нарын хувьд цаг наргүй ажиллах нь олонтаа.

Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд миний бие захиргааны хуучин байрыг цэцэрлэг болгох саналыг удирдлагад оруулж, шийдвэрлүүлж чадсан юм.

Барилга Хөгжлийн Төвөөр цэцэрлэгийн байрны ашиглалтын хугацаа байр байдлыг үнэлүүлэн дүгнүүлж, “Цэцэрлэг байгуулах боломжтой” гэсэн дүгнэлт авсан. Цэцэрлэг маань өнгөрөгч есдүгээр сарын 30-ны өдөр ашиглалтанд орсон бөгөөд  нийт 100 хүүхдийг хүлээн авч, дөрвөн бүлэг, 20 гаруй багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болсон. Ковидын нөхцөл байдлын улмаас гурав ба түүнээс доош насны хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжгүй байгаа. Тиймээс одоогийн байдлаар гурван багш 40 гаруй хүүхдийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Arslan.mn

- УХТЭ-т ангиографийн тасаг байгуулагдаад удаагүй байна. Тасгийн хувьд хичнээн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?

- Манай эмнэлгийн хувьд ангиографийн оношилгоо эмчилгээ нь тархи, зүрх болон бусад гэсэн чиглэлээр хөгжүүлж байна. Миний хувьд элэгний хавдрын чиглэлээр дагнаж ажиллан энэ салбарыг өргөтгөе, шинэ арга технологи нэвтрүүлье гэсэн зорилготой ажиллаж байна. УХТЭ-ийн Үндэсний оношилгооны төвд тавигдсан ангиографийн тоног төхөөрөмжийн хувьд маш сайн хүчин чадалтай бөгөөд бүх эрхтэн тогтолцооны ангиографийг хийх боломжтойгоороо давуу талтай.  Манай эмнэлэг нь зүрхний ангиографийн дөрвөн эмч, мэдрэлийн нэг эмч, захын судасны хоёр эмчтэйгээр ангиографийн оношилгоо, мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Мөн өнгөрсөн жил миний бие Монгол Улсдаа анх удаа БНСУ-д үйлдвэрлэсэн Bexcore system аппаратаар дүрсийн хяналттайгаар хөхний хавдрыг соруулах  эмчилгээг нутагшуулсан байгаа. Өнөөдрийн байдлаар тус мэс засалд нийт 40 иргэний хөхний хоргүй хавдар авах мэс заслыг хийлээ.

-Монголчуудын хувьд элэгний хавдар өвчнөөр өвчлөх, нас барах тохиолдлоороо дэлхийд дээгүүрт бичигддэг. Тэгвэл танай эмнэлэг энэ төрлөөр ямар үйлчилгээ үзүүлж байна вэ?

-Тэр үнэн. 2010-2019 онд нийт 54 607 хорт хавдрын шинэ тохиолдол оношлогдсоны 20 200 хүн буюу 37 хувийг элэгний хорт хавдар эзэлж байна. Элэгний хорт хавдрын өвчлөлийн түвшин 2001-2014 оны дунджаар 5.9 байсан бол сүүлийн 5 жилийн дунджаар 7.2 болж, 1.3-аар өсч, 2041-2045 оны дунджаар 10.9 болж өсөх таамаглал гарсан.
Манай эмнэлгийн хувьд элэгний хавдартай эмчлүүлэгчид элэг тайрах, түлэх, бөглөх мөн хими эмийн эмчилгээ гэсэн  дөрвөн төрлийн эмчилгээг хийдэг. Үүний 30-35 орчим хувийг нь судас бөглөх буюу ард түмний хэллэгээр элэг боох эмчилгээ эзэлдэг. Өөрөөр хэлбэл мэс засалд орох боломжгүй, түлэх эмчилгээ хийгдэхгүй заалттай болсон өвчтөнүүд энэ эмчилгээнд ордог. Өнгөрсөн жилд л гэхэд Монгол улсын хэмжээнд энэ төрлийн эмчилгээнд 1,500 гаруй хүн эмчлүүлсэн бөгөөд үүний  40-өөд хувийг нь манай баг олон улсын стандартын дагуу хийж гйцэтгэсэн байна.

Arslan.mn

-Хэдэн оноос тус эмчилгээний аргыг нэвтрүүлсэн бэ? Эмчилгээний үнэ төлбөр хэд орчим байдаг бол.

-Манай эмнэлгийн хувьд анх 2018 оноос тус эмчилгээг эмнэлгийн үйлчилгээндээ нэвтрүүлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 1000 гаруй хүнд тус эмчилгээг хийсэн. Элэг боох эмчилгээ нь гадны улс орнуудад багадаа 3000 орчим ам.доллараар хийгддэг бол манай улсад Эрүүл мэндийн даатгалаар 100 хувь үнэгүй төлбөргүйгээр хийж байна.  

- Судас бөглөх эмчилгээг ямар заалтаар хийдэг вэ? Хавдрын аль үед хийж байна вэ?

- Энэ эмчилгээ нь зөвхөн хортой хавдрын үед хийгддэг бөгөөд тухайн өвчтөний хавдрын байдал эмчилгээ хийгдэх боломжтой эсэхэд оношилгоо хийгдсэний үндсэн дээр олон улсад хэрэглэгддэг эмчилгээний заалтын дагуу хийгддэг. Судас бөглөх эмчилгээг мэс заслаар эмчлэгдэхгүй болсон, элэгний хатууралтай, эсвэл түлэх эмчилгээтэй хавсарсан байдлаар хийх заалттай байдаг. Хамгийн гол асуудал судас бөглөх эмчилгээг нэг удаа хийгээд орхих бус тодорхой давтамжтай хийж байж үр дүнд хүрдэг тохиолдол элбэг бий. Нэг удаа судсыг нь бөглөөд бүрэн эдгэх ч явдал бий.

-Элэгний өвчлөл бол ДҮЛИЙ ӨВЧИН гэдэг шүү дээ. Нэг мэдэхэд л хүндэрчихсэн, хожимдсон байдаг. Хэрхэн бид эхэн үедээ элгээ өвчилж байгааг мэдэх вэ?

-Монголчуудын хувьд урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж байх тал дээр дутагдалтай. Ядахдаа л хүн бүр элэгний В,С вирустэй эсэхээ эртхэн мэдчих хэрэгтэй.

В,С вирус нь элэгний хавдар үүсгэх шалтгааны 80 хувийг эзэлдэг. Үлдсэн 20 хувь нь согтууруулах ундааг ихээр хэрэглэх, мэргэжлийн шинж чанартай хортой орчинд ажиллах, хортой эмийн бодисыг удаан хугацаагаар хэрэглэх зэрэг шалтгаанаас үүдэлтэй байдаг. Таны хэлдгээр элэг дүлий эрхтэн мөн. Элгэнд өвдөлт үүсгэх эс байдаггүй.
Тэгэхээр хавдар үүссэн бол нилээд том хэмжээтэй болсон хойноо зэргэлдээх эрхтнээ дарах, судасруугаа нэвчиж ургах, ходоод, өрц, бөөрлүүгээ дарж ургах үед л цочроо өгдөг бөгөөд энэ үед ихэвчлэн хожимдсон байх нь элбэг. Зарим хавдрын шалтгаанууд тодорхойгүй байдаг бөгөөд элэгний хувьд шалтгаанууд нь маш тодорхой байхад хүмүүс өөрсдөө түүнээс урьдчилан сэргийлэх боломжтой гэдгээ тэр бүр мэдэхгүй байна. Жишээ нь элгэнд В,С вирус байна гэдгээ мэдсэн л бол эмнэлэгт үзүүлэх давтамжийн хугацаагаа ойртуулах нэн шаардлагатай. Ингэснээр хавдар үүсэн ч гэлээ эрт нь үед нь оношлуулж чадвал бүрэн эмчлэгдэх боломжтой.
-Баярлалаа.


 
 
 
 
 


keyboard_arrow_up