-Иргэдийн хувьд тархины харвалт гэж их ярьдаг ч суурь ойлголтын талаар мэдээлэл муу байх шиг. Тэгэхээр хамгийн эхлээд тархины харвалт гэж ямар өвчин болох талаар ярилцлагаа эхлүүлье.
-Тархины харвалтыг үндсэн хоёр төрөлд ангилдаг. Үүнд тархины цусан хангамж дутагдсанаас үүдэх харвалт, тархины эдийн цус харвалт гэж ангилдаг. Цусан хангамж дутагдах харвалтын үед артерийн судас бөглөрсний улмаас тухайн хэсэгт очих цусан хангамж алдагдаж тархины үхжил үүсдэг бол эсрэгээрээ тархины цус харвалтын үед артерийн судас хагарах, судасны хананы нэвчимхий чанар ихэссэнтэй холбоотой тархины эдэд цус алддаг. Аль аль харвалтын үед тархины цусан хангамж алдагдаж, тархины эд, эс хүчилтөрөгчийн дутагдалд ороод мэдрэлийн эсүүд үхжиж тархинд харвалт үүсдэг.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад тархины цус тасалдах харвалт 80 хувийг эзэлдэг бол тархины эдийн харвалт 20 хувийг эзэлдэг. Харин хөгжиж буй улс орнуудад энэ эзлэх хувь нь эсрэгээрээ байдаг.
Монгол Улсад тархины эдийн харвалт 50 дээс хувийг эзэлдэг бол тархины цус тасалдах харвалт 47 хувийг эзэлдэг. Дэлхий нийтэд жилд 796 мянган хүн анхлан харвадаг. Эдгээр хүмүүсийн дөрөвний нэг нь буюу 185 мянган хүн нь давтан харвах эрсдэлтэй байдаг. Үүнийг цаг хугацаагаар бодвол 40 секунд тутамд нэг хүн харвадаг бол дөрвөн минут тутамд нэг хүн тархины харвалтын улмаас амь насаа алддаг гэсэн судалгаа бий.
-Танай тасагт хандаж байгаа өвчтөнүүдээс харахад харвалт үүсэх үндсэн шалтгааныг юу гэж харж байгаа вэ?
-Харвалт үүсэх эрсдэлт хүчиин зүйлийг өөрчлөх боломжтой ба өөрчлөх боломжгүй гэж ангилж авч үздэг. Өөрчлөх боломжтой буюу бүрэн сэргийлэх хүчин зүйлд артерийн даралт ихсэх өвчин, архи тамхины хэрэглээ, чихрийн шижин, таргалалт, хөдөлгөөний хомсдол, гиперлипидеми, зүрхний эмгэгүүд орно.
Үүнд артерийн даралт ихсэлт нь нэгдүгээр шалтгаан болдог бөгөөд харвах магадлал 2-4 дахин нэмэгддэг. Даралт ихэссэн үед толгой өвдөх, нүдний угаар хатгуулах, шилэн хүзүүгээр хөших шинж тэмдэг илэрдэгч ямар нэгэн зовиур шаналгаа илрэхгүй байх нь ч бий. Тиймээс нарийн шинжилгээ хийлгүүлэн бие даасан даралт ихсэх өвчин үү, хоёрдогчоор даралт ихсэх өвчин үү гэдгийг эрт оношлуулах нь зүйтэй.Үүний дараа даралтаа үзэж хэвших, артерийн даралтаа үр дүнтэй хянах нь чухал.
-Иргэдийн хувьд даралтны эмийг нэг ууж эхэлсэн бол тогтмол уух ёстой гэдгийг мэдэхгүй, яг зовуурь илэрсэн үед нь уучихаад л хаячих тохиолдол их байдаг. Энэ талаар...
-Артерийн гипертензийг илрүүлэхэд хамгийн багадаа 3 удаагийн ирэлтийн үзлэгт нийт 4-6 удаагийн хэмжилтээр систолын даралт ≥130 мм.муб, диастолын даралт <80 мм.муб байхыг хэлнэ. Харин артерийн даралт ихсэлт нь СД 120-129 мм.муб, ДД <80 мм.муб байхыг хэлдэг. Иймээс анхдагч урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдан артерийн даралт ихэсдэг эсэхээ оношлуулах, өөрт тохирсон зөв эмийг уух, тухайн эм надад тохирч байна уу, уусаны дараа даралт буурч байгааг хянах нь маш чухал юм. Артерийн гипертензи оношлогдсон тохиодолд даралтны эмийг тогтмол ууна. Зөвхөн даралт ихэссэн үедээ, шинж тэмдэг илэрсэн үед уудаг гэсэн ойлголт нь буруу.
-Харвалт сүүлийн жилүүдэд залуужих хандлагатай боллоо гэж мэргэжилтнүүд ярих болсон. Танай эмнэлэгт хандаж байгаа хүмүүсийн дундаж нас нь хэд байна вэ? Залуучуудын хувьд анхаарах зүйлс...
-Ерөнхийдөө 50 болон түүнээс дээш насны хүмүүсийн харвах эрсдэл хоёр дахин өндөр байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд харвалтын нас залуужиж 20-30 настай хүмүүс ч харвах тохиолдол бүртгэгдэж байна. Залуучуудын хувьд өөрчлөх боломжтой хүчин зүйлийг тоохгүй өнгөрүүлснээс болж харвах тохиолдол их байна.
Залуучуудын хувьд хоёр хуваагдаад байна л даа. Нэг хэсэг нь фитнессээр хичээллэдэг бол нөгөө хэсэг нь бүр дасгал хөдөлгөөн хийдэггүй. Фитнессээр хичээллэж байхдаа уураг их хэрэглэснээр зүрхний ачаалал нэмэгдэж, харвалт өгдөг. Мөн маш их ачаалал өгснөөр зүрхний цохилт хэт ихэсдэг. Тиймээс ачааллаа зөв өгч, хэрэглэж байгаа эм, бүтээгдэхүүнээ зохистой хэрэглэмээр байна.
Эсрэгээр дасгал хөдөлгөөн огт хийдэггүй хүмүүс хөдөлгөөний дутагдал, таргалалт, буруу хооллолт зэргээс үүдэн харвалтын эрсэлтэй байна. Илүүдэл жинтэй хүмүүс жингээ хасахад артерийн даралт буурахаас гадна чихрийн шижин, гиперлипидеми зэрэг хавсарсан хүчин зүйлийг бууруулах ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл биеийн жинг хэдий чинээ хасаж чадна төдий чинээ даралтын түвшинг бууруулна.
-Харвалт өгөх, даралтаа ихэсгэхэд амьдрал дээр бидний анзаардаггүй нийтлэг ямар алдаа байдаг вэ?
-Юун түрүүнд өөрт тохирсон зөв дасгал хөдөлгөөнөөр хичээллэх хэрэгтэй. Хөдөлгөөний хомсдолоос сэргийлэхийн тулд долоо хоногт 5 ба түүнээс дээш өдөр 30 минутаас дээш хугацаанд дунд эрчимийн дасгал хөдөлгөөн хийснээр артерийн даралтыг бууруулж, биеийн жин хасах, зүрхний ачаалал даах чадварыг нэмэгдүүлнэ.
-Харвалтаас үүдэж гарах сөрөг нөлөөллийн талаар?
Тархийг цаг гэж нэрлэх нь бий. Хэдий чинээ эрт оношилж, арга хэмжээ авч чадна, цус харвалтанд нэрвэгдсэн тархины эд эсийг аврах боломжтой. Ард иргэдэд харвалтын талаар мэдээллийг маш ойлгомжтойгоор өгөхийн тулд “ХААХ” гэсэн үгийн товчлолоор тайлбарладаг.