С.Алтан-Очир: УНТЭ нь мэдрэлийн мэс заслыг хөгжүүлэх үүднээс мэс заслын төрлийг нэмэгдүүлж, эмч мэргэжилтнүүдээ бэлтгэн ажиллаж байна
Зочин:
С.Алтан-Очир
Байгууллага:
УНТЭ
Албан тушаал:
Мэдрэлийн мэс заслын эмч
Ажиллах арга барил:


2021 оны 09 сарын 26

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ.

-Сайн байна уу. Сүүлийн үед иргэд мэдрэлийн төрлийн ямар өвчнөөр зонхилон өвдөх хандлагатай байна вэ?

-Сайн байна уу. Сүүлийн үед харвалтын өвчин ихсэж, нас нь залуужих хандлагатай байгаа. Оношилгоо, эмч нарын ур чадвар нэмэгдэн бичил, жижиг харвалтуудыг эрт үед нь оношилж, том харвалтанд хүргэхээс нь өмнө эмчилдэг болж байна. Нөгөөтэйгүүр хотжилттой холбоотойгоор нуруу нугасны өвчлөл ихэсч байна. Хотжилт их явагдахаар хүний амьдралын хэв маяг өөрчлөгдөж, хөдөлгөөний хомсдол нэмэгддэг. Энэ нь эргээд  сөрөг нөлөөг хүний биед үзүүлээд эхэлдэг.

Тэгэхдээ өнөөдөр манай улсад дүрс оношилгоо болон эмчилгээний шинэ шинэ технологиуд нэвтэрч байгаа учраас бид мэдрэл болон бүхий л төрлийн өвчнийг эрт үед нь илрүүлж байна.

Жижиг харвалтыг эрт илрүүлэх нь хожим үүсэх том эрсдэлээс урьдчилан сэргийлж байгаа юм. Энэ харвалтыг өнөөдөр MRI аппаратаар төвөггүй илрүүлж байна. Мөн Катетр ангиографийн тусламжтайгаар  судасны бөглөрөл, нарийсал зэргийг эрт илрүүлж, шаардлагатай тохиолдолд судсыг дотор талаас нь тэлэх зарим тохиолдолд судасны гадна талын залгалтыг хийж байна.                                                              

-Хүмүүс тархины харвалтаар өвчлөх нь их байна гэлээ. Тэгэхээр иргэд өөрсдөө харвалт өгөх гэж байна гэдгээ мэдэх боломжтой юу.

-Тархины цус харвалт нь хүн бүрт өөр өөр шинж тэмдгээр илэрдэг тул хүмүүс тэр даруйд нь оношилж чаддаггүй. Тархины артерийн судас бөглөрснөөс тархины эдэд шаардлагатай цусан хангамж багасахыг, эсвэл хагарснаас цус хурахыг харвалт гэж нэрлэдэг. Ингэж тархины хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай глюкоз болон хүчилтөрөгч бүхий цусан хангамж дутагдсанаас тархины үйл ажиллагаа алдагдаж үхэлд ч хүргэх аюул учруулдаг.

Харвалтаас урьдчилан сэргийлэхийн тулд эмнэлгийн байгууллагуудаас өгч буй зөвлөмж, зөвлөгөөг дагах, даралтаа тогтмол үзэх , эмчид тогтмол үзүүлэх, өөх тос, давсны хэт хэрэглээ, архи тамхи гэх мэт хорт зуршлаа хаях хэрэгтэй.

Энэ бүх зөвлөмж, зөвлөгөөг бүх иргэд мэддэг хэрнээ дагаж мөрдөх нь маш ховор байдаг. Харвалт нь дэлхий дээр хамгийн аюултай өвчний тоонд багтдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр иргэдийн нас барж байгаа өвчний гуравдугаарт харвалт эрэмбэлэгддэг. Монгол Улсын хувьд харвалтаар өндөр өвчлөлтэй орны тоонд багтдаг.  Дэлхийн дунджаар 100 мянган хүний дунд харвалт 300 орчим байдаг. Монголын хувьд 100 мянган хүний 290 нь харвалт өгдгөөс 49 нь нас бардаг гэсэн статистик байдаг. Өөрөөр хэлбэл, гуравхан сая хүн амтай манай улсын хувьд маш аюултай өвчин гэсэн үг. Үүнийг бууруулахад иргэдийн оролцоо хамгийн чухал гэдгийг онцолж хэлмээр байна. 

Толгой өвдөх, дал хүзүүгээр хөшиж өвдөх , нүд бүрэлзэх шинж тэмдэг илэрвэл та тэр даруй даралтаа үзэх, өөрт ойрхон эмнэлэгт хандах, анхан шатны тусламж үйлчилгээг авах хэрэгтэй.

-УНТЭ-т сүүлийн үед нэвтэрч байгаа тоног төхөөрөмжөөс гадна эмчилгээний ямар төрлүүд нэмэгдэж байна вэ?

-Бидний хувьд УГТЭ-т нутагшчихсан байсан мэдрэлийн мэс заслыг эмнэлэгтээ нутагшуулах ажлыг эхлүүлээд явж байна.  Бид саяхан баруун талруугаа эргэж чадахгүй, баруун гар бадайрч, хоёр хөл нь сулардаг зовуурьтай өвчтөнд Мэс заслын зөвлөх эмч Д.Энхболд, мэс заслын эмч М.Золбоо нартай хамтран “Трансорал, трансодонтоид абсцесстоми” /аман хүзүүний түвшин дэх нугасны хальсны гаднах буглааны  мэс заслыг эмнэлэгтээ анх удаа амжилттай хийлээ. Үүнээс гадна М.Золбоо, Б.Цолмон эмчтэйгээ хамтран өнчин тархины хавдрын улмаас харааны бэрхшээл үүссэн 62 настай иргэнд мэс засал хийлээ.

Мөн эмнэлэгтээ хүзүүний түвшинд нарийсал үүсч нугас хавчигдан дөрвөн мөчний саа үүссэн хэд хэдэн иргэнд нугас чөлөөлөх, тархины үхжилтэт харвалттай хүнд  хөнгөвчлөх мэс заслыг хийж өвчтөний амь насыг нь аварсан. Тархины судас нь бөглөрсөн өвчтөнд тойруулсан судасны залгалт хийж тархинд нэмэлт цусан хангамж өгөх, тархины  том хавдаруудыг авах мэс засал хийгдлээ.

Мэс засал гэдэг бол ганцхан мэс заслын эмч байгаад л болчихдог зүйл биш. Маш том баг хамт олны ажил байдаг.

Б.Дагважанцан эрхлэгчтэй Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн мэдээгүйжүүлгийн эмч, сувилагч болон мэс заслын сувилагч нартай мэс заслын үед нягт хамтран ажиллана. Өмнө дурдсан амаар дамжуулан аман хүзүүний түвшний буглааг нээх мэс заслыг Л. Бямбасүрэн эрхлэгчтэй Чих хамар, хоолойн мэс заслын тасгийнхантай хамтран хийх жишээтэй. Мэдрэлийн эмнэлзүйн төв (дарга Л.Энхсайхан)-ийн хамт олонтой мэс заслын өмнөх болон дараах эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна. Мэдрэлийг эмгэгийг эмийн эмчилгээ, мэс заслын тусламжтайгаар л эмчилдэг. Нэг нь нөгөөгүйгээр оршин тогтнох аргагүй.

Бид ойрын хугацаанд дурангийн мэс заслыг нэвтрүүлэх зорилго тавин эмч, мэргэжилтнүүдээ бэлтгэх тал дээр анхаарч ажиллаж байна.

Arslan.mn

-Мэдрэлийн мэс засал гэхээр л иргэд УГТЭ-ийг нэрлэх нь бий. Тэгвэл танай эмнэлэг тус эмнэлэгтэй хамтран ажиллах тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Миний хувьд УГТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын тасагт 2007 оноос хойш 14 жил ажиллаж байгаад 2020 оноос энэ эмнэлэгтээ мэдрэлийн мэс заслыг хөгжүүлэх, өргөжүүлэх чиглэлээр ирж ажиллаж байна. Үе үеийн Засгийн газар, Эрүүл мэндийн сайд бодлого, шийдвэрээр төвлөрлийг сааруулах, ард иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг илүү ойртуулах зорилгоор лавлагаа шатлалын эмнэлгүүдийн үзлэгийн төрлийг нэмэгдүүлж, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарыг ажиллуулж байгаа. УГТЭ мэдрэлийн чиглэлдээ манай улсдаа тэргүүлж, бүхий л ачааллыг авдаг учраас бид энэ ачааллаас үүрэлцэх ёстой.

Тиймээс өнөөдөр манай эмнэлэг  мэдрэлийн мэс засал, зүрхний мэс засал, зүрхний шигдээс, тархины судсан дотуурх оношилгоо эмчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх тал дээр олон ажлыг эхлүүлээд байна.

Миний хувьд өмнө нь УГТЭ-т ажиллаж байсан учраас хүнд төвөгтэй өвчний тохиолдолд тус эмнэлгийн чадварлаг эмч нартай зөвлөлдөж, хамтран ажилладаг.  

-Мэдрэлийн өвчин төрлүүдээсээ шалтгаалаад өвчтөнд болон ар гэрийнхэнд нь маш их дарамт үүсгэдэг шүү дээ. Энэ талаар.

-Тэр үнэн. Мэдрэлийн өвчин нь эдгэрэлт удаантай, архагшдаг үлдэц ихтэй, гар хөл нь  саажих,  хэл ярианы бэрхшээлтэй болох зэрэг хүндрэлүүд ихтэй. Өөрөөр хэлбэл тухайн өвчнөөр өвчилсөн хүн ер нь л өдөр тутмын үйл ажиллагааг бусдын тусламжтайгаар хийх болдог.  Гэвч оновчтой эмчилгээг оносон цаг хугацаанд нь хийж чадвал гарах сөрөг үр дүнг бууруулж чадна.

-Нэгдүгээр эмнэлгийн зүгээс  Мэдрэлийн мэс заслын тасгийг хөгжүүлэх үүднээс ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байна вэ?

-Манай УНТЭ-ийн зүгээс мэдрэлийн мэс заслыг хөгжүүлэх, өргөжүүлэх тал дээр идэвхи санаачилга гаргаад ажиллаж байгаа. Мэдрэлийн мэс заслыг нутагшуулах, өргөжүүлэн хөгжүүлэхэд мэргэшсэн баг хамт олон байх зайлшгүй шаардлагатай. Тэгвэл УНТЭ нь орон тоо гаргаад эмч нарыг авч ажиллуулах, сургах тал дээр маш их хүчин чармайлт гарган ажиллаж байна. Бид 10 орон дээр өвчтөнүүдээ эмчилж байна.

-Тасгийн баг бүрэлдэхүүнээ танилцуулбал...  

-Өнөөдөр манай тасагт мэс заслын эмч нар л бүрэлдчихээд байна. Мэдрэлийн эмнэл зүйн төв нь үйл ажиллагааныхаа чиглэлээс хамаараад дөрөв хуваагддаг. Үүнд:

  1. Мэдрэлийн эмгэг судлал - Мэдрэлийн өвчнийг эмээр эмчлэх
  2. Харвалтын нэгж –Тархины цочмог харвалттай хүмүүсийг цаг алдалгүй хэвтүүлээд тусламж үйлчилгээ үзүүлэх
  3. Мэдрэлийн мэс заслын нэгж- 10 ортой одоогийн байдлаар дөрвөн эмчтэй ажиллаж   байна
  4. Мэдрэлийн эрчимт эмчилгээний тасаг - 13 ортой, амьсгалын аппарат  зэрэг   эрчимт эмчилгээ шаардлагатай хүмүүст хүрч үйлчилдэг тасаг гэж ойлгож болно. 

Өнгөрсөн 2020 оноос хойш тархи, нуруу нугас, захын мэдрэлийн 200 гаруй мэс засал хийгдсэн. Үүний хорь гаруй хувь нь яаралтай мэс засал бөгөөд цаг алдсан тохиолдолд эдгээр хүмүүсийн амь нас эрсдэх аюултай байв. Тээвэрлэх боломжгүй харвалтууд гэж бий. Мөн олон төвт эрүүл мэндийн үйл ажиллагаа ямар чухал вэ гэдгийг цар тахлын хүнд үе тодруулж өглөө шүү дээ.


keyboard_arrow_up