Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Даваасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх дөхсөн эдгээр өдрүүдэд танай байгууллагаас хэрхэн хяналт тавин ажиллаж байна вэ?
-Сайн байна уу. Бид Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн боловсролын газартай хамтраад хяналт шалгалтын ажилыг хийж байна. Хичээлийн шинэ жил эхлэх энэ үед Улаанбаатар хотод сургууль цэцэрлэг, их дээд сургууль 2 жил ажиллахгүй байж байгаад одоо үйл ажиллагаа нь эхлэх гэж байна. Энэ их хөл хөдөлгөөний үеэр ковидыг хэрхэн яаж нэмэгдүүлэхгүй байх тал дээр анхаарч ажиллаж, ААН-үүдэд шаардлага хүргүүлээд явж байна. Өнөөдрийн байдлаар 100 орчим сургууль цэцэрлэгийн барилгад засвар үйлчилгээ хийгдсэн бөгөөд үүн дээр мэргэжлийн хяналтаас дэд бүтцийн улсын байцаагч, улсын хөдөлмөрийн хяналтын байцаагч нар хамтраад зургаан ажлын хэсэг болоод төвийн зургаан хэсэгт ажиллаж байна.
Түүнчлэн энэ хичээлийн жилд “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжиж буйгаараа онцлог. Хуулиараа 2021-2022 оны хичээлийн жилд үдийн хоолыг тухайн сургууль нь өөрийнхөө гал тогоонд өөрсдийнхөө бүтэц орон тоогоор хийнэ гэсэн. Үүнтэй холбоотойгоор тус арга хэмжээг 2024 он хүртэл үе шаттай шилжүүлэх тогтоол гарсан бөгөөд энэ жил нийслэлийн хэмжээнд буй мянга гаруй сургуулиас 20 сургуулийг Үдийн хоолыг өөрсдийнхөө бололцоонд тулгуурлан хийх асуудал яригдаж байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагын үндсэн чиг үүрэг нь тухайн ААН-ийн үйл ажиллагааг цаашид хэрхэн саадгүй явуулах вэ гэдэг дээр анхаарах болохоос олон нийтэд тэнд тэгсэн, энд ингэсэн гээд зарлаад байх биш шүү дээ. Ер нь мэргэжлийн хяналтын байгууллагаас гарсан зөрчил болгоныг нийтэд дэлгэхээр олон нийтийг хий айдас автуулах магадлалтай байна. Тиймээс цаашид зөрчлийн талаарх мэдээ, мэдээллийг маш болгоомжтойгоор олон нийтэд хүргэх нь зүйтэй гэж үзсэн. Өнгөрсөн долоо хоногийн хувьд 110 ААН-ийн 3826 тонн бүх төрлийн боловсруулсан хүнс, 27 хориглосон ААН-ийн 2816 тонн ургамлын гаралтай гаралтай бүтээгдэхүүн, 34 ААН-ийн 101 тонн эмнэлгийн хэрэгсэл, 15 ААН-ийн 288 тонн химийн гаралтай бүтээгдэхүүн, 26 ААН-ийн 241тонн ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд шинжилгээ хийж, хяналт тавьсан. Зөрчил шинжилгээ хийхэд шаардлага хангахгүй бүтээгдэхүүн байгаагүй. Мөн Алтанбулаг боомтоор 154 машинаар 2956 тонн бодис бүтээгдэхүүн орж ирсэн бөгөөд тусгай зөвшөөрөл нь гараагүй байхад импортлогдсон архи оруулж ирэх зөрчлийг илрүүлсэн. Мөн гаалийн хяналтын талбай дээр чөлөөлөгдөөгүй байхдаа хугацаа нь дууссан 100 шил архийг хураан авч, улаан чулуутын хогийн цэг дээр очиж устгасан.
Ер нь мэргэжлийн хяналтын байгууллага, мэргэжлийн байцаагчийн үндсэн чиг үүрэг “Эмч шиг оношилдог байх хэрэгтэй. Тэр дагуу эмчилдэг, зөвлөдөг, албан шаардлагаа зөв тавьдаг байх ёстой.
-Тэгэхдээ сүүлийн жилүүдэд мэргэжлийн хяналтын байцаагч нарыг эмчилдэг, зөвлөдөг гэхээсээ илүүтэй ажлын садаа, авилгал авагч гэж харах өнцөг цөөнгүй байх шиг. Энэ талаар...
-Манай дээр “Танай байцаагч нар аливаа зүйлд хатуу хандаад байна, гарсан зөрчлийг засах тийм боломж өгөхгүй шууд л торгуулын арга хэмжээ аваад байна.” гэх гомдол их ирдэг. Хавар над дээр 11-р хороололд үйл ажиллагаа явуулдаг иргэн ирж уулзаж, учир байдлаа хэлсэн. Тухайн иргэний хувьд орон сууцны байранд оёдолын үйлдвэр ажлуулдаг. СӨХ-тэйгээ гэрээ хийгээд үйл ажиллагаагаа эхлүүлсэн хэдий ч тухайн байрны оршин суугчид гомдол гаргаснаар иргэнд Зөрчлийн хэрэг үүсгээд үйл ажиллагааг нь хязгаарласан байсан. Тухайн иргэн “Бид бол болохгүй газар үйл ажиллагаа явуулсан байна ойлголоо, бид нүүхэд бэлэн, гэхдээ торгуулмааргүй байна” гэсэн. Гэвч тухайн иргэнд нэгэнт л Зөрчлийн хуулиар хариуцлага тооцох болсон тул мэргэжлийн хяналтын байгууллагаас торгохоос өөр гаргалгаа байгаагүй. Энэ мэт хуулийн хатуу зохицуулалтаас болж манай байгууллага нь иргэн, ААН-үүдтэй үл ойлголцох асуудал үүсдэг. Бид нар зөрчлийн хуультай холбоотой санал гомдлыг холбогдох газруудад нь хүргүүлсэн энэ намрын чуулганаар ороод батлагдчих болов уу гээд горьдож байна.
Үүнээс гадна байцаагч нар хахууль авдаг, хоол үнэгүй иддэг, шинжилгээ авч байна гээд тортой юм илүү авдаг гэх мэт маш олон гомдол ирдэг. Бидний зүгээс нотолгоотой, баримттай бол байцаагч нартаа арга хэмжээ аваад явна.
-Хүргүүлсэн санал дэмжигдвэл иргэд, ААН-үүдэд боломж үүсэх нь ээ.
-Тийм ээ. Тухайн ААН засаж болох зөрчил дээр бид албан шаардлага өгмөөр байна. Заавал торгох гэж дайрах биш, бидний зүгээс тавьсан шаардлагыг биелүүлээд үргэлжлүүлээд үйл ажиллагаагаа эрхэлдэг болгох тал дээр анхаарч ажиллаж байна. Тэгэхгүй бол энэ мэт хуулийн хатуу зохицуулалт нь хийж бүтээе гэсэн хэдэн ААН-үүдийн зоригийг мохооход хүрээд байна шүү дээ.
Хоёрдугаарт аливаа нэг бизнесийн үйл ажиллагаа явуулахад зохицуулах хэм хэмжээг манай байгууллагаас тогтоодоггүй. УИХ-аас батласан хуулийн дагуу л үйл ажиллагаа явагддаг. Гэтэл үүнийг ААН-үүд мэргэжлийн хяналтын байгууллагаас л ийм ийм шаардлага тавьсан гэж ярих нь, буруу ойлгох нь бий.
Өнөөдөр бид үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх, барилгын дотоод засал, кино театр, тоглоомын газар, парк, шар айрагны газар , супер маркет гэх мэт нийт 173 чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдэд хяналт тавьж ажиллаж байна.
Үүнээс зөвхөн хүнсний чиглэлийн дэлгүүр ажлуулахад 17 хуулийн зохицуулалт, найман стандарт, дөрвөн дүрэм журам гэх мэт нийт 29 заалтыг биелүүлэх шаардлагатай болно. Үүн дээр ИТХ-ын тогтоолыг нэмэх хэрэгтэй. ААН-үүдэд энэ бүх шаардлагыг биелүүлээд явах үнэхээр хэцүү шүү дээ. Тийм учраас мэргэжлийн хяналтын байгууллага манлайлаад чиглэл бүр дээр давхцаж байгаа зохицуулалтууд юу байна, шаардлагагүй дүрэм журмыг халъя, бизнес эрхлэгчтэйгээ хамтарч, хүндрэл, чирэгдлийг багасгах ажлыг эхлүүлээд байна.
Үүнээс гадна бидний зүгээс мэдээллийг ил, тод болгох зорилт тавин ажиллаж байна. Жишээ нь мэргэжлийн хяналтын байгууллагын сайтад хандахад л тэндээс хүссэн мэдээллээ хормын дотор авах боломжийг бүрдүүдэх үүднээс ажиллаж байна. ААН-үүдийн хувьд бүрдүүлэх бичиг баримтаас эхлүүлээд л мэдэхгүйгээсээ үүдэж гаргах зөрчил их байдаг. Гэтэл энэ нь хатуу хуулийн зохицуулалтаас болж торгуулах нэг үндэслэл болдог. ААН-үүд үүн дээр маш ихээр бухимддаг. Иргэн ямар нэг бизнес эрхлэх гэж байгаа бол хуулийн орчиныг маш төвөггүйгээр олоод мэдчихвэл энэ асуудал багасна. Энэ ондоо бид ажлын хэсэг гаргаад энийг хийж гүйцэтгэнэ.
-Саяхан сошиалаар гудамжинд хоолны буфет ажиллуулж байсан эмэгтэйн үйлчилгээг мэргэжлийн хяналтын байгууллагаас очоод зогсоочихсон гэх мэдээлэл их явсан. Энэ талаар. Ер нь шаардлага хангасан газар энэ төрлийн үйл ажиллагааг эрхэлж болохгүй гэж үү...
-Энэ нөгөө яриад байгаа хуулийн зохицуулалттай л холбоотой. Өнөөдөр хуулийн орчинд нь ил задгай худалдаа хийхийг хориглосон байгаа. Гудамжинд хүнсний бүтээгдэхүүн, түргэн хоол зарах нь хориглосон бизнесийн үйл ажиллагаандаа орчихдог. Тэгвэл бил энэ төрлийн худалдааг хэрхэн дэмжиж болох вэ гэдэг талыг нь барьж судалгаа хийж байна. Үнэхээр хүний эрүүл мэндэд хоргүй, зөвшөөрөгдсөн газар нь бол зөвшөөрөх л хэрэгтэй шүү дээ. Монголдоо болохгүй гэсэн мөртлөө гадны орнуудад бол гудамжаар нь дүүрэн түргэн хоолны газрууд байдаг шүү дээ.
Бид гарсан хуулийн хэрэгжилтийг хатуу мөрдүүлнэ гэж суух биш засч залруулах юм нь юу байна, үүн дээр бид судалгаатай ажиллана гэх бодлогыг барьж байна.
-ААН-үүдээс сүүлийн үед “Байцаагч нар өдөр болгон шахуу л ирж үйл ажиллагаа шалгах нэрийдлээр торгох гэж явдаг боллоо” гэх шүүмжийг мөн хэлж байсан. Энэ талаар.
-Сүүлийн хоёр жилийн хугацаанд мэргэжлийн хяналтын байгууллага утаа болон КОВИД-19-ийн цар тахалтай холбогдуулаад нэг ААН дээр очдог хяналт шалгалтын давтамж ихэссэн нь үнэн. Өөрөөр хэлбэл,
Нэгт, Утааны үеэр гэхэд л уурын зуух ажиллуулдаг ААН-д яндангийнхаа утаа шүүгчийг ажиллуулж байна уу, түүхий нүүрс түлсэн үү, үгүй юу гэдгийг бид өдөр тутам шалгаж байсан болохоор ААН-д дарамттай санагдаж байсан байх. Гэхдээ үүний үр дүнд өнгөрсөн жил утааны асуудал нэлээдгүй шийдэгдсэн.
Хоёрт, Коронавирусийн халдварын улмаас ААН-ийн үйл ажиллагааг хязгаарласан. Хязгаарласан газруудын үйл ажиллагааг сэргээсэн. Энэ тохиолдлуудад ААН-ийн дотоод хяналт шалгалтын үүргийг мэргэжлийн хяналтын газар өөр дээрээ авч өдөр бүр очдог. Жишээ нь өнөөдөр үйл ажиллагааг нь зогсоосон ресторан, паб, цайны газар ажиллаж байна уу үгүй юу гэдгийг өдөр бүр шалгаж очдог байсан хэрэг. Энэ нь өөрөө ААН-дээ хүндрэлтэй, дарамттай санагдсан байх. Энэ дургүйцлээ манайхан илэрхийлэхдээ мэргэжлийн хяналтынхан их ирлээ, ингэчхээд явлаа гэх шүүмжлэлтэй асуудал руу хөтлөх нь бий. Тэгэхдээ энэ нь эцсийн дүндээ ард иргэдийн эрүүл мэндийн төлөө гэдгийг ухамсарлах хэрэгтэй.
-Коронавирусийн халдварын үед албан хаагчид маань хэрхэн халдвар хамгаалалтын дэглэмээ сахин мөрдөж байна вэ ? Аж ажуй нэгжүүдэд өгөх зөвлөмж?
-Манайхаас одоогоор 80 гаруй алба хаагч маань халдвар авчихаад байна. Тиймээс бид төлөвлөгөө гаргаж, өчигдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Байгууллагын ажилчид өөрсдөө тус тусдаа л хувийн ариун цэвэр, хамгаалалтаа маш сайн хийгээд хэвшчихвэл тухайн байгууллагад халдвар тархахгүй байх нөхцөл бий.
ААН-үүдэд халдвар хамгааллын дэглэм, хүн хоорондын зай, ариутгал халдваргүйтэл, халдваргүйжүүлэлтийн бодис нь норм жухамдаа хүрч байна уу гэдэг дээр хяналт тавж байна. Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбогдуулан боловсролын яам, эрүүл мэндийн яамны хамтарсан журам гарсан байгаа. Энэ журмын дагуу бид нар ямарч байсан үйл ажиллагааг хийгээд явж байна. Энэн дээр бид нар мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтаас илүү тухайн сургуулийн удирдлага, эцэг эхийн зөвлөл бол нилээдгүй анхаарч ажиллахгүй бол бүх юмыг хяналтын байгууллагын хяналтын дор хийнэ гэж боломжгүй. Тэр хэмжээний хүн хүч бол хүрэхгүй гэдэг бол ойлгомжтой. Ер нь бол энэ цар тахлын үед хяналт шалгалтыг тогтмол хийх шаардлагатай байна. Өнөөдөр, өчигдөр хоёр өдөр хэвийн үйл ажиллагаагаа эрхэлчихээд мэргэжлийн хяналтын байгууллагаас очихгүй бол буцаад л назгайрчих юм.
-Нийслэлийн хэмжээнд хичнээн алба хаагч үүрэг гүйцэтгэн хяналт тавин ажиллаж байна.
-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар өнөөдөр жолооч, лаборатор, захиргааны ажилтан, улсын байцаагч гээд нийт 527 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр хүмүүс эхний ээлжинд нийслэл хотыг тойрсон товчоонууд дээр, мөн гаалийн хяналтын 18 терминал дээр хяналт тавин ажиллаж байна. Үүнээс гадна коронавирусийн цар тахлын үеийн нөхцөл байдалтай уялдан хяналт шалгалт хийж байна. Цаг үеийн байдалтай холбогдуулан гарсан зарим нэг хяналт шалгалт байна.
-За баярлалаа.