ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзултай ярилцлаа.
-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн идэвхжих хандлагатай байдаг. Энэ үед ЦЕГ-аас зам тээврийн ослоос үр хүүхдээ хамгаалах зорилготой "Ирээдүйгээ хамгаалья" аяныг эхлүүлээд байна. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье.
-ЦЕГ-аас жил бүр авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг зөрчлөөс иргэдийгээ урьдчилан сэргийлэх зорилгоор томоохон ажил арга хэмжээнүүдийг гурав дахь жилдээ зохион байгуулж, энэ нь тодорхой хэмжээний эерэг үр дүнд хүрсэн.
Иргэдийн зүгээс энэ ажилд талархалтай хандаж байгаа. Тухайн арга хэмжээг дурсдаг ярьдаг хүлээдэг болсон байна. 2019, 2020 онуудад бид “Яараад яахав дээ 1,2”, “Дураараа биш ээ дүрмээрээ” нэртэй арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Энэ үед зам тээврийн ослын гэмт хэрэг улсын хэмжээнд 40,6-50,8 хувиар буурсан ийм эерэг дүнтэй гарсан. Гэмтсэн хүний тоо 30,5- 49,7 хувиар буюу бараг 50 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Үүнээс гадна зам тээврийн ослын улмаас нас барсан хүний тоо 10-11,7 хувиар буурсан. Бидний хувьд энэ жилийнхээ ажил арга хэмжээг урьд жилүүдийн чанарыг ахиулах зорилгоор жолооч нарт зөв дадал, зөв хандлагыг хэвшүүлэхийг зорин ажиллаж байна.
-Аяны хүрээнд ямар ямар ажлууд хийгдэх вэ?
-Аяны хүрээнд бид олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. "Ирээдүйгээ хамгаалъя" аяны хүрээнд зам тээврийн ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, ялангуяа хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс хамгаалах, нийт иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн нөлөөллийн ажил, арга хэмжээг үе шаттай зохион байгуулж байгаа.
ЦЕГ-ийн Урьдчилан сэргийлэх хэлтэс, төв орон нутгийн цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн алба хамтраад зургаадугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаатай зохион байгуулах бөгөөд аяны үеэр замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигч нарт зөв хандлага, зөв дадлыг төлөвшүүлэх, эрхзүйн боловсролыг дээшлүүлэх жолоочоос гадна тухайн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа иргэд, явган зорчигч нарын хариуцлагыг нэмэгдүүлэх нийслэл болон хөдөө орон нутгийн замд нутаг дэвсгэр хариуцсан замын цагдаа болон аймаг, дүүргийн цагдаагийн газар хэлтсүүдээс эргүүлийн шалгалтыг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг тогтмолжуулж ажиллаж байна. Монгол Улсын байнгын ажиллагаатай Замын-Үүд боомт, байнгын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй, ялангуяа хүнд даацын том оврын тээврийн хэрэгслүүд их зорчдог Сайншандаас-Замын-Үүд хүртэлх замд дундаж хурд хэмждэг камерыг байршууллаа. ЗТХЯ болон АПУ ХК-тай хамтарч Улаанбаатар хотын хамгийн хөдөлгөөн ихтэй 4-5 гарц дээр “Ухаалаг гарц” төслийг хэрэгжүүлж, иргэддээ хандсан олон талт ажил, арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.
-Тус аянд орон нутгийн замын цагдаагийн албуудыг хэрхэн татан оруулж байна вэ?
-Коронавирусийн цар тахлын улмаас шалтгаалан дотоодын аялал жуулчлал эрс нэмэгдсэн. Наадмын амралтууд ч гэсэн тун удахгүй эхлэх гэж байна.
Тиймээс бид хөдөө орон нутгийг зорьж байгаа иргэдийн замын хөдөлгөөнд хяналт, шалгалтын ажлыг эрчимжүүлж байна.
Зам тээврийн ослын 65-70 хувь нь орон нутгийн замд үйлдэгдэж байна. Тийм учраас бид үүн дээр анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай. Иргэд хөдөө орон нутгийг зорихдоо үр хүүхэд, аав ээж, найз нөхөд гээд хайртай гэр бүлийнхэнтэйгээ нэг машинд суугаад явдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл тухайн тээврийн хэрэгслийг жолоодож байгаа жолооч бол өөрийнхөө хамгийн хайртай хүмүүс, гэр бүл, ирээдүй болсон хүүхдүүдээ авч явж байгаа тул замын хөдөлгөөний дүрмээ ягштал мөрдөх хэрэгтэй. Хүн ба ачаа тээвэрлэх журам, хөдөлгөөний хурдыг баримтлах шаардлагатай.
-Хөдөө орон нутгийн замд зорчиж байгаа иргэдэд хүргэх зөвлөмж.
-Тээврийн хэрэгсэл эзэмшигчид маань хэд хэдэн зүйлд анхаарал хандуулаасай гэж хүсч байна. Ялангуяа бидний өсвөр үе ирээдүй болсон хүүхдүүд маань хөдөө орон нутгийн замд гэмтэх амь нас нь хохирох тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн. Тиймээс жолооч нар хариуцлагаа ухамсарлаж хайртай дотны хүмүүсээ, ирээдүйгээ хамгаалахын тулд дүрмээ баримталж хөдөлгөөнд оролцох хэрэгтэй.
• Орон нутгийн замд зөвшөөрөгдсөн дээд хурд 80км/цаг байдаг. Хурдаа тохируулж хэвших
• Бага насны хүүхдийг зориулалтын суудалд нь суулгаж, хамгаалах бүсийг нь бүсэлж хэвших
• Цонхоо онгойлгохгүй байх. Цонхоор хүүхдийн бие, гар хөл нь гарчихсан зорчих тохиолдол цөөнгүй. Энэ нь эргээд маш том ослын золиос болох магадлалтай тул үүн дээр анхаарах хэрэгтэй.
Нийслэл хотод бидний ирээдүй болсон хүүхдүүд маань зам тээврийн осолд өртөж байгаа шалтгааныг судлаад үзэхэд ихэвчлэн явганаар зорчиж бай үедээ зам тээврийн осолд их өртөж байна.
Тиймээс зөвшөөрөгдсөн гэрлээр, зөвшөөрөгдсөн гарц, гармаар гарч байх хэрэгтэй. Мөн өсвөр насны хүүхдүүд зам хөндлөн гарахдаа чихэвч, анхаарал сарниулах утас хэрэглэхгүй байх хэрэгтэй. Энэ дүрмийг баримтлаагүйгээс болж зам тээврийн осолд өртөх их бүртгэгдэж байна. Тийм учраас тээврийн хэрэгслийн эзэмшигч бид бүхэн хууль тогтоомжоо чанд мөрдөж, хайртай дотны хүмүүсээ хамгаалж, энэ арга хэмжээнд нэгдэж оролцохыг уриалж байна. Үүнээс гадна хувь хүнд цагийн менежмент гэдэг зүйл хамгйин чухал. Их хотын хөдөлгөөнд оролцохдоо замын түгжрэлийг тооцоолоогүйгээс болж ямар нэгэн зүйлд байнга л яарч явах нь дүрэм зөрчих, урсгал сөрөх, түгжрэл үүсгэх шалтгаан болдог. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил нь зөвхөн цагдаагийн байгууллага, хууль хяналтын байгууллагын ажил биш шүү дээ. Монгол Улсад амьдарч байгаа иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтраад хийх ажил юм.
-Орон нутгийн замд тавигдаж байгаа хяналтын талаар.
-Тиймээ орон нутгийн замд цагийн хуваарийн дагуу дээр дурьдсан зүйлс болон бусад дүрэм хэм хэмжээг баримталж байгаа эсэх, ачаа тээвэрлэх журам тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал гэрэл, дохио гэх мэт бүх зүйлийг шалгах эргүүл ажиллаж байна. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн үйл ажиллагааны хурд хэмнэлийг шалгах, хяналт тогтоох улмаар зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх энэ ажил арга хэмжээг зохион байгуулж байна.
Жилдээ 400-500 орчим хүнээ зам тээврийн ослын улмаас алддаг. Үүний 20-30 орчим хувь нь хүүхдүүд байдаг гэсэн статистик тоон мэдээлэл байдаг. Тиймээс иргэд замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөж, “Ирээдүйгээ хамгаалж” замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж эхлэхээс энэ аяны оролцоо эхэлнэ.
-Хөдөө орон нутагт үйлдэгдэж байгаа зам тээврийн ослын гол шалтгаан нь юу вэ?
-Хөдөө орон нутагт гарч байгаа зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг аваад үзэхээр дийлэнхи нь зөвшөөрөгдсөн хурдыг хэтрүүлэх, шөнийн цагаар гэрлээ шилжүүлэхгүй байх, зөвшөөрөгдөөгүй газарт гүйцэт түрүүлэх үйлдэл хийх гэх мэт жолоочоос шалтгаалсан ослууд их гарч байна. Түүнээс гадна хамгийн аюултай, санаатай үйлдэл гэж хэлж болохоор зүйл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох нь хамгийн аюултай. Өөрийнхөө эрүүл мэнд, амь насыг хамгаалдаггүй юм аа гэхэд тээврийн хэрэгслээр зорчиж байгаа бусад иргэд, явган зорчигчийн эрүүл мэнд, амь насанд ноцтой заналхийлж байна. Хутга барьсан хүн бол 1-2 хүний амь насанд хохирол учруулах бол согтуугаар тээврийн хэрэгсэл барьж байгаа хүн арав хорин хүний амь насанд хохирол учруулах нь бий. Үүнээс гадна хөдөө орон нутагт том оврын авто машин их зорчдог. Эдгээр автомашинууд хөдөлгөөнд оролцохоосоо өмнө техникийн бүрэн бүтэн байдлыг заавал шалгаж байх хэрэгтэй. Тормоз ажиллаж байна уу, дугуй бүрэн бүтэн байна уу, ашиглалтын хугацаа дуусаагүй байна уу гэдгийг заавал шалгаж байх хэрэгтэй. Ингэснээр та өөрийнхөө болон өрөөлийн амь насыг хамгаалж байгаа хамгийн анхны алхам болно.
-Он гарснаар за тээврийн ослын нөхцөл байдал ямар байна вэ?
-2021 оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 247 удаа гарсан байна. Ослын улмаас 207 хүн гэмтсэн бөгөөд эдгээр хүмүүсийн 62 иргэн нь амь насаа алдсан байна. Насанд хүрээгүй 98 хүүхэд гэмтэж, бэртсэний 10 хүүхэд нь амь насаа алдсан харамсалтай мэдээ байна.
Эцэг эхчүүд, жолооч нар замын хөдөлгөөн эхлэх үеэрээ ойр орчмыг аюулгүй байдлыг хангахгүй, хүүхэд байгаа эсэхийг шалгалгүйгээр шууд хөдөлгөөн хийснээс болж долоон хүүхэд амь насаа алдсан. Сүүдэрт нь унтаж байх ч юм уу, машины доогуур нуугдаж тоглож байгаад амь насаа алдах тохиолдол гарч байсан.
Тиймээс иргэд энэ төрлийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, бидний ирээдүй болсон бяцхан зорчигчидоо хамгаалахын тулд авто машины бүрэн бүтэн байдлыг байнга шалгаж, тормоз ашиглах боломжгүй үед гар кардан ашиглаарай гэж уриалмаар байна. Үүнээс гадна бидний аяныг дэмжиж оролцож байгаа олны танил эрхэм болох Монгол Улсын Ардын жүжигчин Н.Сувд, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, шилдэг лектор Ж.Цогтсугар болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад талархал илэрхийлье.
-Ярилцсанд баярлалаа.