Г.ОТГОНТАМИР: Он гарсаар зам тээврийн ослын улмаас 20 хүүхэд амиа алдаж, 158 хүүхэд гэмтсэн
Зочин:
Г.ОТГОНТАМИР
Байгууллага:
ТЦА
Албан тушаал:
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн
Ажиллах арга барил:


2021 оны 07 сарын 24

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамиртай ярилцлаа. 

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ.


-Өнгөрсөн жилүүдэд “Яараад яахав дээ”  , “Дураараа биш дүрмээрээ” аянуудыг зохион байгуулсан. Өнгөрсөн жилүүдэд зохион байгуулагдсан аяны хүрээнд гарсан үр дүнг хэрхэн харж байна вэ. 

-Цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд зорчих тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөн нэмэгддэг зуны улиралд  иргэдрүү чиглэсэн арга хэмжээг зохион байгуулаад багагүй хугацааг өнгөрүүлж байна. Бид 2017 оноос эхлэн “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн.  Арга хэмжээний хүрээнд олон улсын болон улсын чанартай авто замын хөдөлгөөнд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх “Яараад яахав дээ -1”, “Яараад яахав дээ -2” , “Дураараа бишээ дүрмээрээ” зэрэг уриалгыг гарган нөлөөллийн аяныг иргэд олон нийтийн дунд өрнүүлэн ажилласан. Тухайн арга хэмжээг  2017 онд зохион байгуулсанаар осол хэргийн дуудлага мэдээлэл  1,9 хувиар буурсан. Хэргийн улмаас амь насаа алдсан хүний тоо 12,4  хувиар, гэмтсэн хүний тоо 23,2 хувиар тус тус буурсан.

Харин 2018 онд зам тээврийн гэмт хэргийг 18,3 хувиар бууруулж, хэргийн улмаас амь насаа алдсан хүний тоог 24,  гэмтсэн хүний тоог 9,6 хувиар,  2019 онд зам тээврийн хэрэг ослын улмаас гэмтсэн хүн 23,4 хувиар бууруулж, хэргийн улмаас амь насаа алдсан хүний тоог 18,8 хувиар бууруулж чадсан. Тус арга арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтраад зохион байгуулсан.  Гурван жилийн хугацаанд зам тээврийн осол, энэ төрлийн гэмт хэрэг тодорхой хэмжээгээр үе шаттайгаар буурсаар байна. Мөн энэхүү арга хэмжээний хрээнд зам тээврийн гэмт хэрэг, ослын улмаас амь насаа алдсан хүний тоон үзүүлэлтийг 2017 онд 19, 2018 онд 24, 2019 онд 36, 2020 онд 44 нэгжээр бууруулж, 2020 онд хамгийн их буюу 44 хүний амь насыг аварч, 110 хүнийг бэртэж гэмтэхээс сэргийлж чадсан байна. 

-Энэ онд зохион байгуулагдаж байгаа “Ирээдүйгээ хамгаалъя” аяны талаар мэдээлэл өгөөч. 

-2021 онд цагдаагийн байгууллагаас Оюутолгой компанитай хамтраад “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл-2021” нэгдсэн арга хэмжээг “Ирээдүйгээ хамгаалъя” уриалгын дор зохион байгуулж байна.  Зуны дэлгэр цагуудад орон нутгийн замд гарах осол аваарын улмаас амь насаа алдаж байгаа иргэдийн дийлэнх нь гэр бүлээрээ явж байгаа хүмүүс байдаг. Тиймээс бид жолооч болон хажууд нь зорчиж яваа иргэд, нэн ялангуяа бидний ирээдүй болсон хүүхэд багачуудруу чиглэсэн аяныг зохион байгуулж байна. 

2020 онд зам тээврийн хэрэг ослын улмаас 64 хүүхдийн амь нас хохирсон. Үүний 23 тохиолдол нь гэр бүлийн хүрээнд гарсан байна. Үүнээс гадна тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэх үедээ бага насны хүүхдийг мөргөх, дайрч амь насыг нь хохироох явдал их байна.

Цагдаагийн байгууллагаас маш олон төрлийн осол аваараас урьдчилан сэргийлэх чиглэлээр нөлөөллийн ажил арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энэ арга хэмжээнд жолооч нар гэхээсээ илүүтэйгээр эцэг эх, асран хамгаалагч нар нэгдэж ажиллах шаардлагатай. Монголын ирээдүй бол бидний үр хүүхдүүд шүү дээ. Монголын ирээдүй болсон энхрий бяцхан үрсээ зуурдаар, эцэг эхийн үүрэг хариуцлаггүй байдлын улмаас алдах тохиолдол их байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд “Хүүхдэд ээлтэй жолооч” арга хэмжээг ЭМЯ-тай хамтран зохион байгуулсан. Арга хэмжээний хүрээнд осол аваарын дуудлага мэдээлэл 19,6 хувиар буурсан. 

 

-Он гарсаар зам тээврийн ослын улмаас хичнээн хүүхэд гэмтсэн бэ? 

-Ихэнхи жолооч нар өөрсдөө хамгаалалтын бүсээ зүүчихээд хамгийн хайртай үр хүүхэддээ зүүлгэхгүй байх тохиолдол байна. Хүүхдийг зөв тээвэрлээгүйгээс болж  бага насны хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болох, хүнд хөнгөн гэмтэх, цонхоороо шидэгдэх, амь насаа алдах тохиолдол их гарч байгаа нь маш их харамсалтай. Энэ оны эхний зургаан сарын байдлаар зам тээврийн ослын улмаас улсын хэмжээнд 20 хүүхэд амь насаа алдсан.

Энэ нь өмнө оны мөн үетэй харьцуулахад 21,5 хувиар буурсан үзүүлэлт.

Гэхдээ энэ жил цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цэцэрлэг, сургууль ороогүй, хүүхдүүд гэр гэртээ л амарцгаасан. Тийм байхад л үр хүүхдүүд эцэг эхчүүдийн хараа хяналтанд байхдаа осолд өртөж байна гэдэг үнэхээр харамсалтай байна. Улсын хэмжээнд 156 хүүхэд хүнд, хөнгөн хэлбэрээр бэртсэн. Энэ нь өмнөх оны  мөн үетэйгээ харьцуулахад 20,8 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Он гарсаар 158 хүүхэд гэмтсэний 91 нь нийслэл хотод гэмтсэн бол 81 хүүхэд нь явганаар замын хөдөлгөөнд оролцож байх үедээ осолдсон байна. Тэгэхээр эцэг эхчүүд бага насны хүүхдээ хараа хяналтгүй гудамж, замын хөдөлгөөнд оролцуулж байгаа нь маш том эрсдэлийг дагуулж байна. 
Үүнээс гадна тун удахгүй хичээлийн шинэ жил эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор байрны хороолол дунд, сургууль орчимд зам тээврийн осолд өртөх, гэмтэх тохиолдлууд их байдаг.

Хүүхдийн аюулгүй байдлыг хангахын тулд зөвхөн цагдаагийн алба хаагчид зүтгэх бус эцэг, эхчүүд, асран хамгаалагч нарын оролцоо маш чухал. 

-Хөдөө орон нутгийн замд гарч байгаа ослын голлох шалтгаан нь юу байна. 

-Бид зуны улиралд “Ирээдүйгээ хамгаалъя” аяныг хөдөө орон нутгийн замд түлхүү анхаарч хийж байна. Нийслэл, дүүргийн цагдаагийн хэлтсээс гадна хөдөө орон нутгийн замын цагдаагийн хэлтсийг татан оролцуулж байна. Орон нутгийн замд үйлдэгдэж байгаа осол хэд хэдэн шалтгаанаас үүдэлтэй байна. Үүнд хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, гүйцэт түрүүлэх үйлдлийг зөвшөөрөгдөөгүй газарт хийх, хүүхдийг зөв тээвэрлэхгүй байх гэх мэт олон шалтгаан байна.

-Орон нутагт мотоцилкын хэрэглээ маш их байдаг. Бага насны хүүхдүүд хүртэл морь, малаа эргүүлэхдээ мотоцикл унах нь элбэг байдаг шүү дээ. Тэгэхээр цагдаагийн байгууллагаас энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ? 

-“Орон нутгийн зам хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас 21 аймгийн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, замын цагдаагийн тасаг хэлтэс, сум хэсгийн цагдаа нарт тодорхой төрлийн ажлын чиглэлийг хүргүүлсэн байгаа. Орон нутгийн замд иргэд мотоциклтой хөдөлгөөнд их оролцдог. Тиймээс эдгээр хүмүүсийг жолооны сургалтанд хамруулж А ангилалын үнэмлэхтэй болгох, хамгаалалтын малгайг өмсүүлэх, бага насны хүүхдэд тээврийн хэрэгслийг шилжүүлэхгүй байх, осол аваарын хор уршгийг таниулах, тухайн аймаг, орон нутгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтран хүүхдийн аюулгүй байдлыг хангах ажил арга хэмжээнд татан оролцуулж, шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлэн осол аваараас урьдчилан сэргийлэх ажлыг түлхүү зохион байгуулах зааврыг хүргүүлээд хяналт тавин ажиллаж байна.

Мотоциклтой замын хөдөлгөөнд оролцсоноос болоод энэ оны эхний зургаан сарын байдлаар 27 хүний амь нас хохирсон. Иргэдийн хувьд урд хөршөөс оруулж ирсэн буюу аспальтан замд зориулсан мотоциклыг хөдөө орон нутагт их унадаг нь маш том эрсдэлийг дагуулж байна. Үүнийг эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй. 

-Зуны улиралд хөдөө орон нутгийн зам гэлтгүй гол ус бараадах хүмүүс их байдаг. Эдгээр хүмүүс мөн л сонор сэрэмжээ алдсанаас болоод хүүхэд осолд өртөх нь бий. 

-Зуны халуун өдрүүдэд иргэд сэрүүцэх, амрах зорилгоор нуур, цөөрөм, голын эргийг зорих нь бий.  Тэр үедээ өөрсдийнхөө аюулгүй байдлын төлөө хийх бэлтгэлээ хангалттай базаахгүйгээр хэрэглээний зүйлээ л бэлдээд байдаг. Машин тэрэгнийхээ бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаагүйн улмаас осол гарах тохиолдол их байдаг. Тээврийн хэрэгсэл авулгүй байх хэрэгтэй. Тормозны механизм саадгүй байх, запас дугуйгаа авсан байх, жолооч сайтар амарсан байх хэрэгтэй. Гэр бүлээрээ явж байгаа л бол гэр бүлийнхээ аюулгүй байдлыг сайтар хангах хэрэгтэй. Түр амарч байгаа бол замаа бүрэн чөлөөлөх, амарч хонох гэж байгаа бол аюулгүй газрыг сонгох, машин тэргээ өнхрөхөөргүй газар байрлуулах, өөр газраас машин ирээд дайрчихааргүй байх гэх мэт бүх л орчныг харж сонгох хэрэгтэй шүү. Замын хөдөлгөөний дүрмийг сайтар сахиагүйгээс, хүүхдүүдээсээ хараа хяналтаа салгаснаас болж гол усанд живэх, машинд дайруулах тохиолдол цөөнгүй гардаг. 2020 онд Дорнод аймагт гэр бүлээрээ амарч байсан хүмүүсийг согтуу жолооч дайрч амь насыг хохироосон харамсалтай осол  гарсан хэрэг гарсан. Тиймээс иргэд энэ тал дээр маш анхааралтай байх хэрэгтэй шүү. 

-Ярилцсанд баярлалаа. 


keyboard_arrow_up