Б.НАСАНБУРМАА: Хүүхэд дэлгэцэнд донтсоноор сонирхлын хүрээ нь хумигдаж, хоббигоо хөгжүүлэх, амжилт гаргах нь багасдаг
Зочин:
Б.Насанбурмаа
Байгууллага:
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв
Албан тушаал:
Сэтгэцийн эмч
Ажиллах арга барил:


2021 оны 03 сарын 27

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмч, Анагаах Ухааны магистр Б.Насанбурмаатай ярилцлаа.

Ярилцсан сэтгүүлч:
М.Жавзмаа

НЭГ. Өдөрт 4-5 цаг болон түүнээс их хугацаагаар дэлгэцийг үзэж байгаа бол дэлгэцэнд донтох эрсдэлтэй

-Сайн байна уу. Юуны өмнө дэлгэцийн хамаарал, донтолт гэж юу вэ, зөв зохистой хэрэглээний талаар мэдээлэл өгөөч. 

-Сайн байна уу. Дэлгэцийн донтолт нь дэлхий нийтийг хамарсан нэгэн шинэ төрлийн өвчин юм. Энэ нь гар утас, комьпютер, зурагт гэх мэт техник хэрэгслийг байнга үзэх хүсэлтэй болсноор өөрийгөө хянах чадвараа алдсан хүмүүсийг хэлнэ.

Та өдөрт 4-5 цаг болон түүнээс их хугацаагаар дэлгэцийг үзэж байгаа бол дэлгэцэнд донтох эрсдэлд орж байна гэсэн үг.

Бага насны хүүхдүүдийн дэлгэцийн хэвийн хэрэглээг хангах нь хамгийн чухал. Хэвийн хэрэглээг хэвшүүлэхгүй байснаар л дэлгэцийн хамааралтай хүүхдүүд олширч байна.

Дэлгэцийн хэвийн хэрэглээнд  0-2 насны хүүхдэд дэлгэц огт хэрэглэж болохгүй, 2-5 насны хүүхдүүд хоногт гучин минутаас нэг цаг хүртэл, 5-12 насны хүүхдүүд  нэг цагаас нэг цаг гучин минут үзэх, 13-18 насны хүүхдүүд нэг цаг гучин минутаас хоёр цаг л үзэх ёстой.

Ингэвэл биеийн болон сэтгэцийн эрүүл мэндэд нь харьцангуй хор багатай байна гэж үздэг. Үүнээс гадна өдөрт хоёр цаг үзэх ёстой гээд тасралтгүй хоёр цаг үзээд суучихвал энэ нь бас  буруу хэрэглээндээ орох тул гучин минут тутамдаа 5-10 минутын завсарлага авч үзэх хэрэгтэй. Дэлгэцийг удаан хугацаагаар хяналтгүйгээр хэрэглэвэл дэлгэцийн хамааралтай нэгэн болно. 

-Дэлгэцийн хамааралтай болсноор гарах сөрөг үр дагавар. 

-Дэлгэцийн хамаарал нь бие, сэтгэц болон нийгмийн эрүүл мэндэд олон талын хор хөнөөлтэй. Удаан хугацаагаар дэлгэц ширтэж сууснаар хөдөлгөөний хомсдолд орж, булчингийн агшилт явагдах, даралт ихсэх, хоолны дуршил буурах, бодисын солилцоо удаан явагдаж, өсөлт удаашрах, нүдний хараа муудах, нүд аргах, хуурайших, нурууны муруйлт, гарын сарвууны хөгжил өөрчлөгдөх, нойрны асуудал гэх мэт маш олон сөрөг үр дагавартай.

Ялангуяа оройны 21:00 цагаас хойш дэлгэц үзэхээр чанартай нойр авах хугацаа багасч, сэтгэцэд нөлөөлөх,  амархан ядрах, юм тогтоох чадвар муудах, анхаарал төвлөрөхгүй, цочомтгой, уур уцаар ихтэй болох,  дэлгэцтэй холбоотой шаардлага тавихад маш хүчтэйгээр уурлах, дургүйцлээ илэрхийлэх, бухимдах, өөрийн эрхгүй дэлгэцээ хэрэглэмээр санагдах шинж тэмдгүүд илэрнэ.

Ингэж явсаар дэлгэцэнд тавих хяналтаа алддаг. Өөрөөр хэлбэл 30 минут утсаа үзчихье гэж суугаад л хэдэн цаг болсон байх нь бий. Энэ хооронд бусад хийх ажлууд орхигддог. Үүнээс гадна хүний сонирхлын хүрээ хумигддаг. Өмнө нь хүүхэд өдөртөө дугуй унах, спорт сонирхдог, зураг зурдаг, найзуудтайгаа уулзах гэх мэт маш олон хоббитой байсан бол дэлгэцээс хамааралтай хүүхэд энэ бүгдийг үл тоон дэлгэцийн хэрэглээгээ л хүсдэг. Энэ нь удаан хугацаагаар үргэлжлээд байвал хүүхэд дэлгэц хаана л байна тэнд сууж байдаг, хичээл номоо орхих, PC тоглохын тулд мөнгө олох, худлаа хэлэх, бүр цаашлаад хулгай хийх, олон хоног гэр орноосоо дайжих гэх мэт маш олон сөрөг нөлөөтэй. хоол идэх хэрэгтэй болно. Энэ нь нийгэмд үзүүлж байгаа хор хөнөөл болж байгаа юм. 

-Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдүүдээ сатааруулах, зарим нэг нь бүр өхөөрдөөд манай энэ хүүхэд багаасаа дэлгэцтэй харьцаж сурсан гэх мэтээр утсаа өгөх хандлага их ажиглагдах болсон. 

-Тэр үнэн. Дэлгэц үзээд хүүхэд сатаараад эцэг эхчүүд тэр хугацаанд нь хоолоо хийх, тайван амрах, ажлаа хийх нь их болсон. Энэ бол тэрхэн хугацааны л эерэг үр дүн.  Хүүхэд уйлагнах, уурлах нь тухайн хүүхдэд ямар нэгэн хэрэгцээ үүссэн байна гэсэн үг. Харин тэр хэрэгцээг нь утсаар орлуулах нь яваандаа маш том сөрөг үр дагаврыг дагуулдаг. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярилцахдаа 1 цагт 940 үг ашигладаг бөгөөд телевиз асаах үед энэ үгсийн тоо 770 болж буурдаг. Энэ нь хүүхэд төдий чинээ бага үг сурч  байна, хүхэд томрох тусам эцэг эхтэйгээ харилцах харилцаан дээр асуудал үүсэх эхлэлийг тавьж байна гэсэн үг. Энэ чигээрээ л дэлгэцээр сатааруулсаар байх юм бол өсвөр насандаа тухайн хүүхэд өрөөнөөсөө гардаггүй, өөрийгөө илэрхийлэх чадвар муутай, дэлгэцээс л бүх зүйлийг сурах гэсэн, эцэг эхдээ юу болоод байгааг тайлбарлахгүй, тусламж авдаггүй хүүхэд болох эрсдэлтэй.  Ер нь хүүхэд сэтгэл санаа нь тайван биш байхад утас үзүүлэх, зөв зохистой хэрэглээний үүднээс утас үзүүлэх гэдэг нь  тэнгэр, газар шиг ялгаатай зүйл.

Хүүхэд ууртай, тавгүй байх үед нь утас өгөөд байвал тэр нь шууд донтолтонд хүргэнэ. Харин нөгөөх нь зөв зохистой хэрэглээг бий болгоно гэсэн үг. 

Нас бага байх тусмаа хүний мэдрэлийн үйл ажиллагаа эрчимтэй нөхөн төлжиж, танин мэдэхүйн үйл ажиллагаа нь маш хурдацтай явагдаж байдаг. Тэр насан дээр нь утас, дэлгэц үзүүлэх нь хүүхдийг хэвшмэл, программаар хийгдсэн зүйлсийг харах замаар л сурах боломжийг л олгож байна гэсэн үг. Өдөр тутамдаа байнга тийм контент үзэхээр хамгийн эхлээд англиар үг сурах, тоо тоолж сураад байгаа мэт харагдана. Энэ нь зүгээр л цээжилж байгаа хэлбэр. Уг нь хүүхэд сэтгэн бодож, бие дааж, асуудлыг өөрөө шийдвэрлэж, тодорхой асуудлыг даван туулж аливаа зүйлсийг өөрийн болгох хэрэгтэй. Гэтэл тэр чадвар нь орхигддог. Мөн хэл ярианы хөгжил хоцрогдох явдал их байна. Хүүхэд заавал хүнтэй харилцан ярилцаж байж хэлд ордог. Тэгэхээр хүүхдийнхээ сэтгэцийн эрүүл мэнд болон тархины үйл ажиллагаа, биеийн эрүүл мэндийг дэмжие гэж бодож л байгаа бол аль болох утас, телевизээс хол байлгах, зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх хэрэгтэй. 

-Зарим эцэг, эхчүүдийн хувьд хүүхдээ манай энэ хүнтэй юм ярьж мэддэггүй, байнга л утас үздэг, зурагт шагайдаг гэж их ярих болжээ. Энэ нь нөгөө дэлгэцийн донтолттой холбоотой гарч буй сөрөг үр дагаварын нэг нь мөн үү. 

-Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээсээ бурууг хайх хандлагатай байдаг. Гэтэл тэр зүйл нь маш олон сар, жилийн хугацаанд бага багаар бий болсон хүмүүжлийн доголдол юм. Эцэг, эхчүүд өөрсдөө буруу хүмүүжлийн аргаар хүүхдээ хүмүүжүүлснээс болсон сөрөг үр дагавраа хүүхдээсээ хайгаад байдаг. Хүүхдийнхээ эсрэг зогсчихоод хүүхэддээ бурууг өгөөд байх биш, харин ч хүүхэдтэйгээ нийлээд асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Үүнд эцэг эхчүүдийн дэмжлэг хамгийн хэрэгтэй. 


ХОЁР. Хүүхэд тайван бус, уйлсан, уцаарласан бол утсаар хэзээ ч битгий сатааруул

Arslan.mn

-Дэлгэцийн хамаарал, донтолтоос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? 

-Хамгийн эхлээд хүүхэд тайван бус, уйлсан, уцаарласан бол утсаар хэзээ ч битгий сатааруул. Ямар нэгэн асуудал гарсан бол хүүхдээ тайвшруулах ярилцах, тэврэх, хайртайгаа мэдрүүлэх нь хамгийн чухал. Үүнийхээ дараа хүүхэддээ тогтсон цагийн хуваарийн дагуу утас, дэлгэцийг үзэхийг зөвшөөрч болно. Тэгэхдээ цагийн хязгаартай.  Мөн утсаар үзэж байгаа контентын агуулгад хяналт тавьж байх хэрэгтэй. Оройн 21:00 цагаас хойш дэлгэцин хэрэглээг гэр бүлээрээ хязгаарлах хэрэгтэй. 

Хүүхдүүд бол эцэг эхчүүдийн толь шүү дээ. Өөрсдөө утас, телевиз үзчихээд хүүхдээ чи болохгүй гэх нь тохиромжгүй.

Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ амьд харьцааг бий болгох, хүүхдийнхээ сонирхол, хэрэгцээг судлан хэрэгцээт зүйлсээр хангаж өгөх, сэтгэл санааны үл хайхралд автуулахгүй байх, гэр бүлийн дүрэм, цагийн хуваарь зохиож, хүүхэдтэйгээ хамтран биелүүлдэг байх нь таныг дэлгэцийн хамаарлаас ангижруулах эхний алхам болно. Эдгээр аргуудыг доод тал нь 21 ба түүнээс дээш хоног хэрэглэж, хэрэгжүүлснээр үр дүн нь мэдрэгдэнэ. 

-Дэлгэцийн хамааралтай болсон хүүхдүүдийг хэрхэн эмчлэх вэ? 

-Эмчилгээний арга барил нь шалтгаанаас их хамаардаг. Эцэг, эх нь завгүйгээс болоод хүүхэд үл хайрхан хүчирхийлэлд өртчихсөн, хямралын шалтгаантай сэтгэл гутрал, түгшилтэй буюу сэтгэл зүйн шалтгаантайгаар дэлгэцийн хамааралтай болсон бол үндсэн сэтгэл зүйн хүчин зүйлийг нь эмчлэх хэрэгтэй. Нөгөө талаараа гэр бүлээрээ дэлгэцийн хэтрүүлсэн хэрэглээтэй болсон хүмүүс  буруу зуршлаас салах, өдөр тутмын амьдралынхаа хэв маягийг зөв болгох хэрэгтэй. Дээр хэлсэнчлэх гэр бүлийн дүрэм, цагийн хуваарь зохиож хүүхэдтэйгээ хамтран биелүүлдэг байх нь хамгийн үр дүнтэй арга. Мөн  дуртай зүйлсээ сэргээж хичээллэх, өөрсдийгөө завгүй байлгах нь хамгийн чухал. 

-Томчууд дэлгэцийн хамааралтай болсон ч ажил юм чинь, чөлөөт цагаараа л фэйсбүүк орж байгаа гэж их ярьдаг л даа. Энэ талаар. 

-Томчуудын хувьд өөрийгөө дэлгэцийн хамааралтай болсон гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байх хандлага их ажиглагддаг. Хүлээн зөвшөөрөхгүй бол хэзээ ч засрахгүй. Тиймээс хамгийн түрүүнд өөрийгөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Хэрэв хүлээн зөвшөөрч чадвал асуудлын 50 хувь нь шийдэгчдихлээ гэсэн үг. Үлдсэн 50 хувьд нь та өөрөө хичээж, амьдралын шинэ хэв маягт шилжих хэрэгтэй. 

-Танай эмнэлэгт жирийн үед өдөрт дэлгэцийн хамааралтай хичнээн хүүхэд үзүүлж, зөвлөгөө, эмчилгээ авч байна вэ? 

-Одоохондоо коронавирусийн халдварын тархалт өндөр байгаа учраас яг шаардлагатай гэсэн хүүхдүүд л үзүүлж зөвлөгөө авч байна. Энгийн өдрүүдэд өдөрт үзүүлж байгаа хүүхдүүдийн 30 орчим хувь нь дэлгэцийн хамааралтай зөвлөгөө, үзлэг авдаг байсан. Булчин татваганах эмгэг, хэл ярианы хоцрогдол, бие махбодийн хоцрогдол гэх мэт үзлэгийн төрлүүд давамгайлдаг. Миний хувьд 2014 оноос хойш хүүхдийн эмчээр ажиллаж байна. Хүүхэдтэй ажиллах нь давхар гэр бүлтэй ажиллах шаардлагатай болдог. Хүүхэд хэрэв асуудалтай байгаа бол цаана нь гэр бүл асуудалтай байна л гэсэн үг. Тийм болохоор хүүхдийн эмчээр ажилладаг бүх хүмүүс гэр бүлтэй харьцдаг. 

-Сургуулийн орчин хүүхдийн дэлгэцийн хамааралд хэр нөлөөтэй байна вэ? 

-Маш их нөлөөлнө. Жишээлбэл өсвөр насны хүүхдүүд тоглодог тоглоомоороо түвшин тогтоож, өндөр оноо авсан хүүхэд илүү их нэр хүндтэй, бага оноотой хүүхэд нэр хүнд муутай байх тохиолдол ч  байна. Тэдгээр хүүхдүүдийг ялгаварлан гадуурхах, хамт тоглож байж хүрээлэлдээ оруулах гэх мэт үзэгдлүүд нь дэлгэцийн хэтрүүлэн хэрэглээнд нөлөөлж байна.

Мөн фэйсбүүк хуудсаараа дамжуулан ялгаварлан гадуурхах, үл тоох байдлаар хүүхдийн сэтгэл зүйд маш их нөлөөлж байна. 

Сургуулийн орчинд үүссэн дэлгэцийн хамаарлаас салгах нь дан ганц сургууль, эцэг эхчүүд, эмч, багш нарын хийж чадах ажил биш болсон. Бүгд хамтраад энэ асуудлыг шийдвэрлэх ёстой. Хүүхэд энэ асуудлаа нууж хаалгүйгээр эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчиддээ хэлж, зөвлөгөө авах, цаашлаад энэ төрлийн зөв  мэдээ мэдээллийг телевиз, олон нийтийн хэрэгслээр түгээх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. 

-Өрөөнд тань орж ирэхэд ер эмнэлэг гэх сэтгэгдэл төрсөнгүй. 

-Бид өнгөрсөн онд хүүхдийн үзлэгийн өрөөндөө засвар хийж, тохижуулсан. Хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлж байгаа учраас бид аль болох тайван орчинд үйлчилгээ үзүүлэх, гэрт нь байгаа, цэцэрлэгт нь байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй. Тэгж байж хүүхэд маань тайван байдаг. Энэ нь үзлэгт маш их нөлөө үзүүлдэг. 


keyboard_arrow_up