А.САРУУЛТҮВШИН: Эрт илрүүлж, эмчилгээг эрт эхэлснээр бөөрний архаг өвчлөлөөс сэргийлэх боломжтой
Зочин:
А.Саруултүвшин
Байгууллага:
УНТЭ
Албан тушаал:
УНТЭ-ийн Бөөрний төвийн эмч
Ажиллах арга барил:


2020 оны 11 сарын 02

“Эмч зөвлөж байна” дугаарын энэ удаагийн дугаарт УНТЭ-ийн Бөөрний төвийн эмч Анагаах ухааны доктор, тэргүүлэх зэргийн эмч А.Саруултүвшин оролцлоо.

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сүүлийн үед бөөрний ямар өвчлөл давамгайлах хандлагатай байна вэ?

-Сайн байна уу. Бөөрний өвчлөлийн бүтцийн хувьд бөөр шээсний замын халдвар тохиолдлын тоогоор илүү. Нөхөн үржихүйн, цэвэршилтийн насны болон жирэмсэн эмэгтэйчүүд, мөн 50-аас дээш насны эрэгтэйчүүд бөөр шээсний замын халдвараар өвчлөх нь элбэг.

Бөөрний түүдгэнцрийн болон завсрын эдийн үрэвслийн тохиолдол төдийлөн өндөр биш боловч бөөрний архаг дутагдалд хүргэх, даамжрах нь илүү байдаг. Сүүлийн жилүүдэд  50-аас дээш насныханд  чихрийн шижин, цусны даралт ихдэлт өвчнөөс үүдэлтэй бөөрний архаг өвчний тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байна. Үүнийг өндөр илчлэгтэй хооллолт, хөдөлгөөний дутагдал, илүүдэл жин, бухимдалтай хотжих амьдралын хэв маягтай холбож тайлбарладаг.

-Бөөрний өвчлөлийг хамгийн найдвартай илрүүлэх ямар шинжилгээ байдаг вэ? Иргэд шээсний шинжилгээгээр л бөөрний бүх өвчин илэрчихнэ гэж боддог.

-Тэр үнэн. Илэрхий хавагнах, даралт ихсэх шинж тэмдэг илэрсэн үед өвчтөн өөрсдөө эмнэлэгт хандаж эмнэлгийн тусламжийг авдаг. Харин далд явцтай буюу шээсэнд уураг, улаан эс илрэх үед эмнэлэгт хандахгүй байх нь бий. Шинж тэмдэггүй явсаар байгаад бөөрний архаг дутагдалд орж, бөөр орлуулах эмчилгээнд орохоос өөр аргагүй байдалд хүрчихсэн байдаг. Урьдчилан сэргийлэх үзлэгт л хамрагдаж байх нь  таныг маш олон эрсдлээс хамгаална гэж хэлмээр байна. Цаашид  лавшруулан бөөрний биопсийн шинжилгээг хийдэг.

Бид бөөрний биопси буюу амьд сорьцын шинжилгээ, бөөрний эдийн шинжилгээг  2011 онд УНТЭ-ийн Бөөрний төвд нэвтрүүлсэн бөгөөд үүнээс хойш 300 гаруй тохиолдлыг амжилттай хийсэн. 

Уг шинжилгээ нь хүний бие организмыг амьд ахуй үед нь бөөрнөөс эд авч шинжлэх арга юм. Бөөрний эдийн шинжилгээг шээсний шинжилгээнд уураг, улаан эс илэрсэн, эмнэлзүйд илэрхий хавантай, эсвэл даралт ихэсдэг, бөөрний үйл ажиллагаа огцом буурсан, шилжүүлэн суулгасан бөөрний эмгэгийн үед хийдэг.

-Уг шинжилгээг хийлгэхийн ач холбогдлыг тайлбарлавал.

-Бөөрний эдийн шинжилгээг хийснээр эдийн түвшинд нь  бөөрний түүдгэнцрийн өвчнийг оношлох, нотолгоонд суурилж олон улсын жишигт нийцсэн эмчилгээг хийлгэх боломжийг олгодгоороо маш их давуу талтай. Бөөрний түүдгэнцрийн өвчнийг оношлох алтан стандарт шинжилгээ гэж үздэг. Гадаадын оронд хийлгэхэд өртөг өндөр, хүн бүр гадагшаа явах боломжгүй шүү дээ. Тэгэхээр энэ шинжилгээг өөрийн орондоо нутагшуулснаар гадагш урсах эдийн засгийн урсгалыг сааруулахад хувь нэмрээ оруулсан гэж үзэж байгаа. Эдийн шинжилгээний үр дүнд өвчний бүтцийг гаргаж ирсэн. Азийн оронд далд явцтай иммуноглобулин А бөөрний түүдгэнцрийн түгээмэл тохиолддог. Манай оронд ч мөн энэ өвчин 40 орчим хувьд нь ажиглагдсан. Тийм учраас л эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт эрт хамрагдах нь чухал гэдэг нь харагдаж байна. Эрт илрүүлж, эрт эмчилгээ эхэлвэл бөөрний архаг өвчлөлөөс сэргийлэх бүрэн боломжтой.

-Та түрүүн бөөрний түүдгэнцрийн өвчний тухай ярилаа шүү дээ. Тэгэхээр энэ өвчний талаар дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч.

-Бөөрний түүдгэнцрийн эмгэг нь бөөрийг архаг дутагдалд оруулж байгаа үндсэн өвчний шалтгааны нэгдүгээр байрыг эзэлдэг. Монгол улсад мөн адилхан бөөрний архаг дутагдлын 50 орчим хувийг эзэлдэг.

дэр залуу насны хүмүүст буюу 20-40 насанд шинж тэмдэггүйгээр шууд архаг дутагдал хэлбэрээр илрэх нь бий. Бөөрний өвчнийг оношлохын тулд тухайн хүнд эмнэл зүйн шинж тэмдэг илрэх, эсвэл эмнэлгийн тусламж авах үедээ шээсний ерөнхий шинжилгээ, бусад шинжилгээг өгөх үедээ, эсвэл урьдчилан сэргийлэх үзлэгээр оношлогддог. Тийм учраас их дээд сургууль, албан байгууллагууд жилдээ дор хаяж нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь чухал. Бөөрний эдийн шинжилгээний нотолгоонд суурилан даавар, дархлаа дарангуйлах эмчилгээ хийгддэг учраас  бөөрний архаг өвчин, архаг дутагдалд орох эрсдлийг бууруулах, даамжирахаас сэргийлэх зэрэг чухал ач холбогдолтой. Уг шинжилгээг хийхэд өндөр нарийн мэргэжлийн тоноглогдсон лаборатори, мэргэжилтэн шаардлагатай. Иймээс 2012 онд УНТЭ ЭМЯ-ны тусламжтайгаар бүрэн тоноглогдсон эмгэг судлалын лаборатори үүсгэн байгуулж, 2012 оноос иммунофлюресценцийн аргыг нэвтрүүлсэн. Цаашид залуу эмч мэргэжилтнүүдээ бэлтгэх, сургах тал дээр анхаарч ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа.


keyboard_arrow_up