З.ТӨГӨЛДӨР: Өдөрлөгийн үеэр ТҮРҮҮ БУЛЧИРХАЙН эрүүл мэндийн болон хорт хавдрын ҮЗЛЭГИЙГ хийнэ
Зочин:
З.Төгөлдөр
Байгууллага:
Улсын хоёрдугаар төв эмнэлэг
Албан тушаал:
Урологийн тасгийн мэс заслын их эмч
Ажиллах арга барил:

Tuguldur Zev

2020 оны 09 сарын 18

Олон улсад жил бүр  9 дүгээр сарыг “Дэлхийн Түрүү булчирхайн эрүүл мэндийн сар” гэж тэмдэглэн  өнгөрүүлдэг. Уг өдөртэй холбогдуулан Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Урологийн тасгийн мэс заслын их эмч З.Төгөлдөртэй дэлгэрэнгүй ярилцлаа.

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ. Олон улсад есдүгээр сарыг “Дэлхийн Түрүү булчирхайн эрүүл мэнд”-ийн сар гэж тэмдэглэн өнгөрүүлдэг

-Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг гурав дахь шатлалын эмнэлгүүдэд ачаалал ихтэй ажилладаг тасгуудын нэг нь урологийн тасаг байдаг. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн урологийн тасагт ямар мэс засал, эмчилгээнүүд хийгдэж байна вэ?

- Урологийн тасаг нь шээсний замын эмгэг болон эрэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтний өвчин эмгэгийг эмийн болон мэс заслын аргаар эмчлэхэд анхаарлаа хандуулан ажилладаг. Манай эмнэлэгт бөөр, шээсний замын бүх төрлийн эмгэгийг шинжилж оношлох эмчилгээ, үйлчилгээ хийгдэж байна. Өнөөдөр манай тасаг эндескоп, нээлттэй болон дурангийн аргаар урологийн ерөнхий болон бөөрний хавдар, түрүү булчирхайн хортой, хоргүй хавдруудад мэс заслын эмчилгээг хийж байна. Сүүлийн үед бөөрний хавдар нэмэгдэх хандлагатай байгаа тул манай эмч нар бөөрний хавдрын мэс ажилбар дээр анхаарч ажиллаж байна.

Урологийн мэс заслууд нь өндөр өртөгт мэс засалд ордог бөгөөд үйлчлүүлэгч даатгалаараа 75 хувийг хөнгөлүүлэн үйлчилгээ авдаг.

-Өнөөдөр танай эмнэлэг дээр нээлттэй өдөрлөг болж байна. Өдөрлөгийн талаар?

- Олон улсад жил бүр есдүгээр сарыг “Дэлхийн Түрүү булчирхайн эрүүл мэнд”-ийн сар гэж тэмдэглэн өнгөрүүлдэг.

Үүнд:

  • 9-р сарын 10-16-ны өдрүүдэд Түрүү булчирхайн үрэвслийн долоо хоног
  • 9-р сарын 17-24-ны өдрүүдэд Түрүү булчирхайн хорт хавдрын долоо хоног
  • 9-р сарын 24-31-ны өдрүүдэд Түрүү булчирхайн хоргүй томролтын долоо хоног гэж ангилан нэг сарын аян явагддаг.

Үүнтэй холбогдуулан УХТЭ нь Есдүгээр сарын 18-ны өдөр буюу өнөөдөр “Түрүү булчирхайн” өдөрлөгийг зохион байгуулж байна.

-Сүүлийн үед урологийн тасгууд ачаалал ихтэй байгаагаас хамгийн түгээмэл нь түрүү булчирхайн эмгэг орж байна. Энэ төрлийн өвчин үүсэх голлох шалтгаан нь юу вэ?

-Өвчлөл нэмэгдэж буй шалтгаан нь иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт ихээр хамрагдах болсонтой холбоотой бөгөөд уг үзлэгт хамрагдсанаар энэ төрлийн өвчнийг эрт үед нь илрүүлж байгаа. 

Түрүү булчирхайн өвчлөл олон янз байдаг. Тухайлбал, түрүү булчирхайн хоргүй томролт, архаг үрэвслүүд, мөн хортой хавдар гэх мэт олон онош шинж тэмдэг байдаг. Жишээ нь 30-35 насныханд булчирхай тал дээр асуудал үүсдэг. Энэ ажилгүйдэл, стресс, гармоний өөрчлөлт болон нойргүйдэлтэй шууд холбоотой байдаг.

Харин 40-60 насныханд түрүү булчирхайн үрэвсэлд өвчин голцуу яригдана. 60-аас дээш насныханд түрүү булчирхайн томролт, хавдар элбэг тохиолддог.

-Ямар шинж тэмдгүүд гарч болох вэ?

-Ер нь түрүү булчирхай нь нас ахих тусам ямар нэгэн  байдлаар томорч байдаг. Хүн бүр адилгүй. Гэхдээ энэ эмгэгүүдийн хамгийн түгээмэл илэрдэг шинж тэмдгүүд нь ойр ойрхон шээс хүрэх, шөнө шээх, бэлгийн дур буурах, цустай шээх, хоёр ар нуруугаар өвдөх, сүвээр хорсох, цавиар хатгуулах гэх мэт зовуур дийлэнх тохиолдолд илэрдэг. Тиймээс илүү найдвартай оношлогоо, эмчилгээ хийлгэхийг хүсвэл мэргэжлийн эмчид хандаарай.  Эмчилгээний хувьд тухайн хүний эмгэг аль шатанд байна гэдгээс хамаарч эмийн болон мэс заслын төрлүүдээс сонгож эмчилгээг хийдэг.

Хэрвээ шөнө хоёроос олон шээдэг, шээхэд зовууртай байх, их дүлүүлдэг, яаж ч дүлж шээгээд шээс үлддэг, ойр ойрхон шээдэг бол мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон гэсэн үг.

-Бөөрний  чулуу юунаас үүсдэг вэ?

-Бөөрний чулуу өвчин нь манай оронд элбэг тохиолддог эмгэг. Энгийнээр хэлэхэд, энэ нь тухайн хүний амьдралын хэв маяг, хооллолтын байдал, аминдэмийн дутагдал, бодисын солилцооны болон бамбайн дэргэдэх булчирхайн эмгэг, шээсний замын халдвараар байнга өвдөх зэрэг нь бөөрний чулуу үүсэх шалтгаан хүчин зүйл болж байдаг.

Мөн бөөр чулуужих өвчин нь дан ганцхан бөөр гэлтгүй давсаг, түрүү булчирхай зэрэгт үүсэх боломжтой.  Гэхдээ зарим өвчлөлүүдтэй харьцуулахад байнгын өвдөлт хүндрэл өгдөггүй. Харин үүнийгээ мэдэхгүй явсаар бөөрөнд байсан чулуу унахад их хэмжээний өвдөлт өгдөг. Энэ үед ихэвчлэн эмчид хандаж, чулуутай болсноо мэдэх тохиолдол олон. Үүнээс үүдэн иргэдэд зөвлөхөд, зөвхөн өвдсөн үедээ л эмчид ханддаг гэсэн буруу ойлголтоосоо салж урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байна уу.  

-Танай эмнэлгийг “Сайд нарын хоёрдугаар эмнэлэг” гэдгээр нь олон хүн мэддэг учраас зөвхөн төрийн албан хаагчид үйлчлүүлдэг гэж ойлгоод байдаг. Иргэд үзлэг, оношлогоо хийлгэхийг хүсвэл харьяа дүүрэг хамаарахгүйгээр үзүүлж болох уу?

-Бололгүй яахав. Манай эмнэлгийн хувьд улсын хэмжээнд 21 аймаг аль нэг харьяа дүүрэг хамаарахгүйгээр үзлэг, шинжилгээг хийж байна. Хэрвээ мэс засалд орохоор бол харьяа дүүргийнхээ эмнэлгээс 13А маягтаа аваад үзлэг, оношлогоонд хамрагдах боломжтой.

-Эрчүүд түрүү булчирхайгаа жилд хэдэн удаа эмчид үзүүлэх шаардлагатай вэ. Хэдэн наснаасаа үзүүлэх хэрэгтэй гэж үздэг вэ?

Түрүү булчирхайн өвчлөлийн хувьд 40-өөс дээш насны эрэгтэйчүүд  жилдээ нэг удаа бөөр, шээсний замын мэс заслын эмчид очиж нарийн шинжилгээ хийлгэж дадах нь зүйтэй.

Тухайлбал, шээсний ерөнхий шинжилгээ, шээсний ариун чанар, түрүү булчирхайн хавдрын маркер, шулуун гэдэсний үзлэгт орж байх ёстой.

Мөн эрүүл амьдрах, зөв зохистой хооллох, дасгал хөдөлгөөн сайн хийх, тогтмол цагт шээж байх хэрэгтэй.  Түүнчлэн үүнд хорт зуршил бас нөлөөлж байдаг гэдгийг үргэлж анхаарах нь зөв.  Урологийн салбарт давсагны хавдар үүсгэдэг гол нэг шалтгаан нь тамхи байдаг. Мөн газар хөрсний бохирдол нөлөөлдөг. Мөн удамшлын нөлөө ихтэй.  

-Баярлалаа.


keyboard_arrow_up