М.АЛТАНЦЭЦЭГ:Архинаас гарах ид шидийн арга гэж байдаггүй. Харин итгэл үнэмшил хамгийн хүчтэй зэвсэг байдаг
Зочин:
Манжаагийн Алтанцэцэг
Байгууллага:
Хувь хүний хөгжлийн институт
Албан тушаал:
Захирал, Сэтгэл зүйч
Ажиллах арга барил:


2020 оны 08 сарын 13

ЭКО ДҮҮРЭГ-АРХИГҮЙ ОРЧИН зорилтыг дэвшүүлсэн ХАН-УУЛ дүүргийн аяныг дэмжин Хувь хүний хөгжлийн институтын захирал, Сэтгэл зүйч Манжаагийн Алтанцэцэг дараах ярилцлагыг өгчээ. Тэрбээр архи уудаг эцэг эхийн хажууд өссөн хүүхэд хамгийн ихээр хохирдог гэдгийг онцолсон байна. 

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ. АРХИ УУДАГ ЭЦЭГ ЭХИЙН ХАЖУУД ӨССӨН ХҮҮХЭД ХАМГИЙН ИХЭЭР ХОХИРДОГ

-Архинд донтсон хүний сэтгэлзүйд ямар өөрчлөлтүүд гардаг вэ? 
-Архинд агуулагддаг этилийн спирт буюу этанол нь сэтгэцэд идэвхитэй нөлөө үзүүлдэг тул зоригтой болсон мэт, зовлон зүдгүүр арилсан мэт санагдаж таашаал төрүүлдэг учраас хүмүүс дахин дахин хэрэглэх нь донтох шалтгаан болдог. Энэ бол донтох эмгэг гэдэг өвчин юм. Ийм өвчлөлтэй болсон хүмүүсийн бие махбодь, сэтгэц, сэтгэл санаа, зан үйлд маш олон сөрөг өөрчлөлтүүд гардаг. Унтаж чадахгүй, эргэн тойрны хүмүүсээ муугаар харж, хардаж эхэлнэ, авцалдаагүй хэрэггүй зүйлс их ярих, унтах үедээ хөлрөх, юмнаас айх цочих, цаашлаад хий юм харах, байнга хар дарж зүүдлэх гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Мөн архинд донтсон хүн хэзээ ч “Би архичин болчихлоо” гэж хэлдэггүй. Уусныхаа маргааш нь “Дахиж хэзээ ч уухгүй, дахиж та нарыгаа зовоохгүй, би архичин болчихоогүй байна” гэж хэлдэг. Энэ нь өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа хэлбэр. Гэтэл үүнийг нь мэдэхгүй хайртай хүн, ойр дотныхон нь эрүүл хүнтэй харьцаж буй мэтээр харилцааг үргэлжлүүлж алдаа гаргадаг. Өөрөөр хэлбэл, өнөөх хүн нь архинаас улбаатай өвчилчихөөд байхад эрүүл мэтээр бодож, харилцдаг. Тиймээс архинд донтсон хүнтэй харьцахдаа маш сайн анхаарах учиртай. 
-Тэгэхээр донтох өвчин туссан хүнтэй ойр дотныхон хийгээд эргэн тойрныхон нь хэрхэн харьцвал зохилтой вэ? 
-Би дээр хэлсэн өвчтэй хүнтэй харьцаж байгаагаа мэдэхгүй ихэнхидээ буруу харилцаад байдаг. Эрүүл үед нь загнана, сална гэж айлгана, хэрэлдэнэ, цагдана, хяналтандаа байлгахыг хичээнэ. Гэвч яагаад ч нэмэргүй үргэлжилсээр байдаг. Тэгээд эцэст нь тэвчиж амьдрах байдалд шилждэг. Ер нь архи уудаг буюу архины хамааралтай хүн танай гэрт амьдарч байгаа бол түүнийг ойлгож харилцахыг хичээх хэрэгтэй. Архинд орох, хамааралтай болох шалтгаан ихэнхидээ сэтгэл зүйн хүчин зүйл байдаг. Өөртөө итгэлгүй, өөрийгөө илэрхийлэх чадвар муу, эцэг эхийн хайр халамж аваагүй өссөн, уй гашуу мэдэрсэн байх нь элбэг. Зарим тохиолдолд айлын ганц, отгон хүүхдүүд эрх дураараа өссөн (эрх дураараа өссөн гэдэг нь бие даах чадваргүй болгодог) шалтгаанаар амьдралд тохиолдох элдэв асуудалд бууж өгснөөр архинд орох талтай. Тиймээс эдгээр шалтгааныг судлан тэрхүү архинд хамааралтай болсон хүнтэйгээ ярилцах, ойлгох, архинаас хол байх сэдэл өгөх хэрэгтэй. Түүнийг өөртөө итгэлтэй болоход дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэсэн үг.

АРХИ УУДАГ ЭЦЭГ ЭХИЙН ХАЖУУД ӨССӨН ХҮҮХЭД ХАМГИЙН ИХЭЭР ХОХИРДОГ

-Өөртэй итгэлтэй болох,  архинаас хол байх сэдлийг өгч байх хэрэгтэй гэлээ. Гэтэл ар гэрийнхэн, эцэг эх, үр хүүхдийнх нь сэтгэцид бас өөрчлөлтүүд орсон байдаг юм шиг санагддаг?
-Архинд донтсон хүний дэргэд 2-оос дээш жил амьдарч байгаа хүмүүс дам хамааралд ордог. Архи уулгахгүй бага уулгах гэж өмнөөс нь уусаар байгаад архинд орчихсон эхнэрүүд ч байна. Гэр бүлийн бүх гишүүдэд маш их стресс өгдөг. Тэд эмчид өөрөө сайн дураараа ханддаггүй. Харин уух болгондоо дахиж хэзээ ч уухгүй гэж амладаг, энэ хуурамч эффектэд гэр бүлийнхэн нь итгэнэ, бас гэр бүлийнхэн нь архичинтай хамт амьдардаг гэдгээ нууна,  ичнэ,  нийгэмд нэр хүндээ алдахыг хүсэхгүй …. За ингээд л гинжин цуваанд үргэлжилсээр нэг л мэдэхэд 20 жил болчихсон байдаг. Энэ хугацаанд хэрүүл тэмцэл, зодоон, хүчирхийлэл, цөхрөл үргэлжилдэг. Ийм орчинд өссөн хүүхэд хамгийн ихээр хохирдог. Хүүхдийн тархи орчноо шууд хуулбарлан хүлээн авдаг нь хамгийн том аюул. Том болоод архичин хүний бүхий л зан үйлийг үйлдэнэ гэсэн үг. Нүдээрээ харж, чихээрээ сонсож, бяцхан зүрх нь мэдэрсэн зүйлсээ хадгалж үлддэг гэж ойлгож болно.

Arslan.mn
-Архинаас холдуулах сэтгэл зүйн эмчилгээ хэр үр дүнтэй байдаг бол? 
-Аливаа донтолтууд сэтгэцийн хүнд эмгэгт ордог. Олон жилийн хэрэглээ учраас салахад амаргүй. Маш их хичээл зүтгэл шаардлагатай. Архинд донтсон хүн өөрөө сэдэлжиж, архинаас гарах шийдвэрээ өөрөө гаргах хэрэгтэй. Өөрөө ухамсарлан ойлгохоос гадна гэр бүлийн гишүүдийн тусламж дэмжлэг маш чухал. Сүүлийн үед тогтолцооны арга буюу гэр бүлийн гишүүд, зөвлөгч (сэтгэл зүйч), тухайн архинд донтсон хүн гэсэн гурвалсан хамтын ажиллагааны үр дүнг чухалчлах болсон.

Ер нь сэтгэл зүйн эмчилгээг 70-80 хувийн үр дүнтэй гэж үздэг. Хугацаа орно, тиймээс тэвчээр бас шаардана. Дэлхийн түвшинд эмийн эмчилгээг сэтгэл зүйн эмчилгээтэй хавсран хийж байгаа. Сэдрэхээс сэргийлэх хэрэгтэй байдаг. Овоо хэдэн сар уухгүй байснаа гэнэт сэтгэл нь хөдлөөд уучихдаг. Тэгэхээр стресс бухимдал, уй гашуу, асуудал бэрхшээлээ даван туулах аргатай болох хэрэгтэй.

Спортоор хичээллэх, дасгал хөдөлгөөн хийх, агаар салхинд гэр бүлээрээ хамтдаа гарах, эхнэр (нөхөр)-тэйгээ ярилцдаг байх, хоорондоо эрүүл харилцааг бий болгох, сэтгэл зүйчид хамтдаа очдог байх гээд олон энгийн аргуудыг хэвшил болгох хэрэгтэй байдаг. 
Хамгийн сүүлд хэлэхэд, архинаас гарах ид шидийн арга гэж байдаггүй. Хамтдаа хичээн зүтгэсний үр дүнд бий болох боломжтой. Хүний итгэл үнэмшил хамгийн хүчтэй зэвсэг байдаг. Тухайн хүн архинаас гарна гэдэгтээ, архигүйгээр амар тайван сайн сайхан амьдрал бүтээж чадна гэдэгтээ, энэ бүхнийг хийж чадна гэдэгтээ өөртөө итгэх нь өөрчлөгдөх хамгийн агуу их хүчийг агуулдаг гэдгийг хэлэхийг хүсч байна.


keyboard_arrow_up